АН-ын ХХVIII их хуралд Монгол Ардын Намын дарга Миеэгомбын Энхболдын тавьсан улс төрийн илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэмсэг ноёд, хатагтай, хүндэт зочид оо!
Их хурлын төлөөлөгчид, журмын нөхөд өө!
Үзэсгэлэнт сайхан эх орныхоо өнцөг булан бүрт аж төрж, амьдран суугаа намынхаа мянга мянган гишүүдэд, тэдний төлөөлөл болж сонгогдон ирсэн 1300 гаруй төлөөлөгч Та бүхэндээ намынхаа нийт гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, чин сэтгэлийн халуун дотно мэндчилгээ өргөн дэвшүүлье.
Нэгэн зууны түүхтэй Монгол Ардын Намын 28 дахь их хурал эхэлж байна. Манай намын Их хурал болгон Монгол орны шинэ ирээдүйд тэмүүлсэн түүхийн тод хуудас, хөгжил дэвшлийг тодорхойлогч түлхүүр хүчин зүйл болж ирсэн юм.
Энэ агуулгаар XXVIII их хурлаас ч гэсэн Монголын ард түмэн ихийг хүсэн хүлээж байгаа.
Улс орны хийгээд намын амьдралын тулгамдсан олон асуудлуудад нэг мөр хариулт өгсөн, зорих зам, хандах зүгээ зөв тодорхойлсон түүхэн ач холбогдолтой хурал болно гэдэгт би итгэлтэй байна.
Тиймээс улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, намынхаа улс төрийн бодлого, үйл ажиллагааг шинэчлэн тодорхойлох, нийгмийг шинэ тэмүүлэлд сэрээн дуудах эрхэм зорилгод тань амжилт хүсье.
Эрхэм нөхөд өө,
Их хуралд тавьж буй энэхүү илтгэлээрээ миний бие улс орныхоо нийгэм-эдийн засгийн байдал, намынхаа бодлого, үйл ажиллагааны шинэчлэлийн тулгамдсан асуудлыг нэгдүгээрт, МАН-ын хоёр Их хурлын хоорондох бодлого, үйл ажиллагааны үр дүн, туршлага сургамж, хоёрдугаарт, Намын дотоод амьдралын асуудлууд, шийдвэрлэх арга зам, шинэчлэлийн зорилтууд гэсэн хоёр үндсэн бүлэгт хуваан танилцуулж байна.
НЭГ. НАМЫН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН, ТУРШЛАГА СУРГАМЖ
НАМЫН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮР ДҮН
Эхлээд би Та бүхэндээ МАН-ыг удирдан ажилласан өнгөрсөн 4 жилийн тайлангаа товч танилцуулъя.
2013 оны 10-р сарын 27-30-ны өдрүүдэд Монгол Ардын Намын XXVII их хурал болж, 29-ний өдөр миний бие Намынхаа тамгыг гардан авч байлаа.
Үндэсний хэмжээний, Монголын улс төрд манлайлагч, түүчээлэгч үүрэгтэй том намыг удирдах өндөр хариуцлага надад ийнхүү хоёронтаа тохиосон билээ. Тэр үед манай нам 2012 оны УИХ-ын болон орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд дараалсан ялагдал хүлээж, сөрөг хүчний байр сууринд шилжээд байв.
Засгийн эрхийг барьж байсан Ардчилсан Нам хүчээр түрээ барих бодлогодоо МАН-ын байр суурийг ганхуулах, парламент дахь намын үйл ажиллагааг хясан боох, хууль ёсыг үл тоомсорлон дураар авирлах, гишүүд дэмжигчдийг маань хавчин гадуурхаж, хэлмэгдүүлэн харлуулах зэрэг тэдний өөрсдийнх нь ил шулуухан тодорхойлсноор “МАН-ыг түүхийн тавцангаас арчих” үйлдэл хийж, нэг ёсондоо цагаандаа гараад байв.
Ээдрээ төвөгтэй, амаргүй цаг үед болсон МАН-ын XXVII их хурал шинэчлэлийн хурал болсон юм.
Алдаа оноондоо нухацтай дүгнэлт хийж, зорилгоо зөв тодорхойлсон. Үндсэн дүрэмдээ шинэчлэлийн агуулгатай олон чухал өөрчлөлтийг оруулсан.
Үйл ажиллагааны үндсэн мөрдлөг болсон “Урагшаа” хэмээх чухал баримт бичиг баталж, намын дотоод үйл ажиллагааны шинэчлэлийн зорилтуудыг тусгасан билээ.
Түүнчлэн “Монгол Улс-2021: Хөгжлийн зорилтууд” бодлогын баримт бичгийг хэлэлцэн сайшаасан бөгөөд энэ нь Монгол Улсаа тогтвортой хөгжүүлэх хөгжлийн загварыг багтаасан цогц бодлого болсон юм.
Энэ бодлого манай намын 2016 оны УИХ-ын сонгуулийн Мөрийн хөтөлбөрт бүрэн тусгалаа олж, өнөөдөр Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон хэрэгжиж байна.
2014 онд МАН-ын Бага хурлын II хуралдаанаар Дунд хугацааны стратеги төлөвлөгөө буюу үйл ажиллагааны бодлогын баримт бичгээ баталсан.
Энэ бол МАН дунд хугацааны хөгжлийн хөтөлбөртэй Монголын анхны улс төрийн хүчин болсон хэрэг байлаа.
Дээрх баримт бичгүүдэд туссан бодлого, зорилтыг хэрэгжүүлэх ажилд намын үйл ажиллагаа бүхэлдээ чиглэсэн.
Юуны өмнө намын Удирдах зөвлөл болон аппаратын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн өөрчилсөн.
Орон тооны дөрвөн нарийн бичгийн даргыг хоёр, Удирдах зөвлөлийн 35 гишүүнийг 21, улс төрийн 70 ажилтныг 50 болгож цомхон, чадварлаг бүтэцтэй болгох чиглэлд хийсэн алхам үр дүнгээ өгсөн гэж бодож байна.
Удирдах зөвлөлийн Ажлын албаны улс төрийн ажилтнуудыг сонгон шалгаруулалтаар томилдог болсон.
Төр, засгийн болон намын өндөр албан тушаалд ажиллаж байсан хүмүүсээс бүрдсэн Зөвлөхүүдийн танхимыг байгуулан, бодлогын баримт бичиг, тулгамдсан асуудлуудаар байр суурийг нь сонсон, шийдвэртээ тусгаж байлаа.
“Ардын индэр” хэлэлцүүлэг, “Бид хамтдаа” аян, форум, “Нэг баг-Нэг зорилго” зөвлөлгөөн, “Манлайлал-500” хөтөлбөр гэх мэт гишүүд, олон түмэн рүүгээ хандсан арга хэмжээ, кампанит ажлууд сайн үр дүнд хүрсэн.
Эх орон даяар “Ардын индэр” уулзалтыг зохион байгуулж, Удирдах зөвлөлийн гишүүд, УИХ дахь намын бүлгийн гишүүд 21 аймгаараа хэд хэдэн удаа тойрч, цөөнгүй суманд хүрч ажиллан гишүүд, дэмжигчид, иргэд сонгогчидтой уулзаж, санал солилцсоныг Та бүхэн санаж байгаа байх аа.
“Бид хамтдаа” аян улсын хэмжээнд бүх аймаг, сум, нийслэлийн 9 дүүргийг хамран 6 сарын хугацаанд өрнөж, 520 шахам мянган хүнийг хамарсан.
НАМЗХ, НАМЭХ, НАМОХ, Намын дэргэдэх Ахмадын байгууллага, Шинэчлэлийн хороо, Зүүний хүчний холбоо зэрэг бүтцийн болон үүсгэл санаачилгын байгууллагууд тус бүрдээ хүмүүст хүрэх энэ чиглэлийн арга хэмжээ зохион байгуулсан.
Улс төрийн намын хүчтэй байх, зорилгодоо хүрэх, бусдыг араасаа дагуулах чадавхийг ард түмэнтэйгээ ямагт хамт, тэдний дунд байх, зөвлөлдөн ярилцаж санаа бодлыг нь сонсох, бодлого үйл ажиллагааны хэрэгжилтээ тэдэнтэйгээ хэлэлцэх, тэднээр дүгнүүлэх арга барил бүрдүүлж өгдгийн баталгааг 2016 оны УИХ-ын сонгуульд бидний олсон амжилт харуулсан.
Улс төрийн намууд, иргэний нийгмийнхэн, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид оролцсон “Бид хамтдаа” форумыг 2015 оны 10-р сард зохион байгуулж, Тунхаг бичиг гаргаж байлаа.
Түүнчлэн Үндэсний зөвшилцлийн уулзалтыг санаачлан зохион байгуулж, тодорхой сэдвүүдээр Монголын улс төрийн бүх намууд болон бусад институцүүд хэлэлцэн зөвшилцөж, санал дүгнэлт гаргадаг болсон нь монголчуудын үндэсний хэмжээний асуудлаар нэгдмэл байр суурь, нэг зорилготой байх, улсаараа нэг зүгт хардаг болох эрмэлзлийг нэгтгэн зангидсан түүхэн санаачилга байлаа.
Өдгөө энэ арга хэмжээ тогтмолжиж, 13 удаа болоод байгаа бөгөөд санаачлагчийн хувьд миний бие цаашид тогтвортой үргэлжлүүлэх ёстой гэж үзэж байна.
Бүх шатны намын ажлыг идэвхжүүлэх, удирдлагыг чадавхижуулах, дотоод зохион байгуулалт, ажлын уялдаа холбоогоо сайжруулахад онцгой анхаарсан.
Тухайлбал, “Нэг баг, нэг зорилго” уриан дор намын бүх шатны 500 гаруй удирдах ажилтныг хамарсан зөвлөлгөөн Улаанбаатар хотод болж, НАШБ-уудын зөвлөлгөөнийг янз бүрийн хэлбэрээр 10 шахам удаа зохион байгуулсан.
Бид 2012 оны УИХ-ын болон орон нутгийн, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийслэлд хамгийн том ялагдал хүлээсэн сургамждаа дүгнэлт хийж, Бага хурлын гишүүдтэй санамж бичиг байгуулан, нийслэлийн 152 намын үүрийг хариуцуулсан.
УИХ-д жагсаалтаар сонгогдсон бүлгийн гишүүд нийслэлийн 9 дүүргийг хариуцан ажилласан нь 2016 оны нийслэлийн ИТХ-ын сонгуульд манай намын гишүүд нийт суудлын 3/4-ыг бүрдүүлэхэд нөлөө үзүүлсэн гэж бодож байна.
Хүний нөөцөө бэлтгэх чадавхижуулах зорилгоор их, дээд сургуулиудтай гэрээ байгуулан бакалавр, магистрын сургалтад 200 гаруй оюутан сургаж, намын дэргэдэх “Стратеги” академи Удирдлагын академитай хамтран “Манлайлал 500” хөтөлбөр хэрэгжүүлж, хөдөө орон нутгийн 300 орчим залуусыг хамруулсан билээ.
Хүнээ сургах, намын гишүүдээ чадавхижуулах, сургаж бэлтгэсэн хүмүүсээ намын ажилд оролцуулах, ажил албанд томилох, шударга өрсөлдөөний зарчмаар намын бүх шатны байгууллагын удирдах ажилтнуудыг сэлбэн шинэчилж байх нь манай намын хүний нөөцийн бодлого, менежментийн жанжин шугам байх зарчмыг баримталсан нь бодит үр дүн өгсөн юм.
МАН 2014 оны 12-р сард хамтарсан Засгийн газарт орж ажилласныг Та бүхэн мэднэ.
Энэ шийдвэрийг иргэд, намын гишүүдийн дунд хэд хэдэн удаагийн судалгаа явуулж, Бага хурлаараа хэлэлцэж, олонхийн саналаар гаргасан юм.
Харамсалтай нь 8 сарын дараа АН-ын санаачилгаар Засгийн газрын бүрэлдэхүүнээс шахагдаж гарсан.
Энэ шийдвэр АН-ын удирдлагын дундах үл ойлголцол, бодлогын тогтворгүй байдал, хоосон улс төр, итгэлцлийг эрхэмлэж чаддаггүй, гуйвж дайвсан хувирамтгай чанараас үүдсэн үйлдэл байв.
Манай нам улс үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэж, эдийн засаг хүндэрсэн үед нэгдмэл бодлогоор хамтран зүтгэж, нийгмийн тогтвортой байдлыг хангах зорилгыг удирдлага болгож Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон бөгөөд манай намаас томилогдсон сайдууд сайн ажилласныг тухайн яам, салбарынхан төдийгүй тухайн үеийн эрх баригч хүчин өөрсдөө ч үнэлж байв.
Энэ үйл явдал АН-тай аливаа асуудлаар хамтрахдаа тэдний бодлогогүй, тогтворгүй, итгэл үл даах мөн чанарыг ямагт харгалзан үзэж байх сургамжийг үлдээсэн бөгөөд манай намын нэр хүндэд муугаар нөлөөлж чадаагүй юм.
Засгийн газраас гарсны дараах рейтингийн судалгаагаар МАН-ын нэр хүнд аажмаар өсөх хандлагыг илэрхийлж байсан нь олон түмэн асуудлыг мэргэн ухаанаар, зөв ойлгож байсны илрэл биз ээ.
Монгол Ардын Намын гадаад харилцаа өргөжин хөгжлөө. Дэлхийн 365 улс төрийн хүчнийг эгнээндээ нэгтгэсэн Ази, Номхон далайн бүсийн орнуудын улс төрийн намуудын чуулга уулзалт хэмээх том байгууллагын гишүүнээр элсэж, улмаар Тэргүүлэгч гишүүн 22 намын нэгээр сонгогдлоо.
СоцИнтерний гишүүн намуудын дунд манлайлах байр суурьтай болж, Дэд ерөнхийлөгчийн статус Монгол Ардын Намд ногдсоноор манай намын даргаар ажиллаж байсан Сүхбаатарын Батболд энэ албан тушаалыг хашиж байна.
Олон улсын хэмжээний улс төрийн томоохон байгууллага болох “Прогрессив Алъянс”-ын болон СоцИнтерний эмэгтэйчүүдийн байгууллагын хурлыг Улаанбаатао хотноо амжилттай зохион байгууллаа.
Хөрш болон найрсаг харилцаатай улс орнуудын эрх баригч намуудтай тогтоосон уламжлалт харилцаа шинэ агуулга, хэлбэрээр баяжлаа.
Тухайлбал, 2016 оны сүүлчээр ОХУ-ын эрх баригч “Нэгдмэл Орос” намтай 5 жилийн хугацаанд хамтран ажиллах шинэ гэрээнд миний бие тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Борис Грызловтой гарын үсэг зурсан.
Бид 2015 онд Удирдах зөвлөлийн хуралдаанаар сонгуулийн бэлтгэлийг хангах асуудлыг тусгайлан хэлэлцэж, Ажлын хэсэг байгуулан, нарийвчилсан төлөвлөгөө батлан хэрэгжүүлсэн.
Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулах ажилд бүтэн нэг жилийг зарцуулж, олон хүний хүч хөдөлмөр, оюун санаа, мэдлэг туршлага, санал зөвлөмжийг шингээсэн нь монгол хүнээ хөгжүүлэх, иргэдээ ажилтай орлоготой байлгах, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн, улс орны салбар бүрийн тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэх гарц, арга замыг тусгаж чадсан цогц баримт бичиг болж чадсан.
Нэр дэвшигчдийг тодруулах арга хэмжээг хэд хэдэн үе шаттай зохион байгуулсан бөгөөд холбогдох журмуудыг баталж мөрдүүлсэн.
Улс орныг бүхэлд нь хамарсан томоохон судалгааг 2014 оны сүүлчээс эхлэн 8 удаа хийж, тухайн тойргийн сонгогчид, намын гишүүдийнхээ саналыг сонсох хэлэлцүүлгийг намын анхан шатны байгууллагуудын хэмжээнд ил тод нээлттэй хийсэн билээ.
Энэ бүхний эцэст нэр дэвшигчид шударга өрсөлдөөнөөр, ил шалгаруулалтаар тодорсон нь сонгуульд амжилттай оролцох нэг нөхцөл болсон юм.
Ерөөс өнгөрсөн 4 жилд бид сонгуульд нэр дэвшүүлэх, албан тушаалд хүнээ сонгох зэрэгт өрсөлдөөний зарчмыг л баримталж байсан нь Дэд сайдын 13 орон тоон дээр 65 хүн өрсөлдөж байснаас тодорхой харагдах байх аа.
Энэ бүхний үр дүнд 2016 оны УИХ-ын сонгуулиар парламентад 65 суудалтай болж, орон нутгийн сонгуулиар нийслэлийн 45 суудлын 34-ийг авсан.
Эдүгээ аймаг, нийслэлийн ИТХ-ын нийт бүрэлдэхүүний 70 хувийг манай намын гишүүд эзэлж байна.
Улсын хэмжээний 330 сумын 232-т, нийслэлийн 9 дүүргийн 6-д нь бид ялсан. Нэгтгэн дүгнэж хэлбэл энэ нь МАН-ын хувьд сүүлийн 10 гаруй жилд гарч байгаагүй том амжилт, үнэмлэхүй ялалт байлаа.
ЭРХ БАРИГЧ НАМЫН ХУВЬД ХЭРЭГЖҮҮЛСЭН БОДЛОГО,
ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮР ДҮН
Манай намын дийлэнх олонхийг бүрдүүлж буй Улсын Их Хурал улс орны хэмжээнд нэн тулгамдсан, бэрхшээлт асуудлыг шуурхай хэлэлцэн шийдвэрлэх, энэ чиглэлээрх хууль эрх зүйн орчныг өөрчлөн шинэчлэх, улс орноо хямралаас гаргах Засгийн газрын хүчин чармайлтыг цаг алдалгүй дэмжих, парламентын гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх, олноороо түрээ барилгүй ойлголцол зөвшилцлийг эрхэмлэж, цөөнхийн дуу хоолойг сонсох, боловсруулж, батлан гаргаж байгаа хууль тогтоомжийн чанарыг сайжруулах, хуулийн хэрэгжилтэд тавих хяналтын үүргээ илүү сайн хэрэгжүүлэх зэрэг зорилтыг тавин ажиллаж байна.
Шинэ парламент 2016 оны намрын чуулганаараа 274, 2017 оны хаврын чуулганаар 183 хууль, тогтоол баталсан нь өмнөх парламентаас даруй 68-97 хувийн илүү үзүүлэлттэй байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Монгол Улсын хилийн тухай, Цагдаагийн албаны тухай, Дотоодын цэргийн тухай, Прокурорын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, сонгогдож томилогддог төрийн албан тушаалтны оффшор бүсэд үйл ажиллагаа явуулах эрхийг хориглосон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Арбитрын тухай, Биеийн тамир, спортын тухай зэрэг томоохон хуулиудыг батлан хэрэгжүүлж эхлээд байна.
Хэдийгээр улсын эдийн засаг хямралтай, төсөв санхүүгийн боломж хэт хумигдмал байгаа ч ахмад настан, хүүхэд, эмэгтэйчүүд, өрх толгойлсон эх, эцэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хамгаалах, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, залуус оюутнуудыг дэмжих хэд хэдэн чухал шийдвэр гаргалаа.
“Хүүхдийн мөнгө”-ийг ямар нэг ялгаваргүйгээр бүх хүүхдэд, “Насны хишиг”-ийг өндөр настан ахмадууддаа олгодог боллоо.
Тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь байсныг 15 болгон буурууллаа. Ахмадууд тэтгэврээ барьцаалж банкнаас зээл биш 1.5 сарын тэтгэврээ урьдчилан авдаг шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь тасарсан малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 хувиар тооцон нэг удаа нөхөн төлөх боломжийг хангаж, малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулав.
“Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх амлалтаа биелүүллээ.