-Яанаа, яанаа. Ажлаасаа хоцорлоо. Хүүхэд хүргэж өгөөд, явсаар байтал энэ түгжрэлд амжихгүй хоцорчих гээд байх юм хэмээн халаглах залуу эцэг, эхчүүдийн дүр төрх албан байгууллага цуглах өглөө бүрт хаа сайгүй нийтлэг харагддаг. Зарим нэгийнх нь гар даарснаас болж, ажилдаа ирснээ бүртгүүлэх төхөөрөмжинд хурууны хээгээ уншуулж чадахгүй дахин, дахин хуруугаа халуун амьсгаагаараа бүлээцүүлэн сандралдана.
Ажил эхлэх цагтай уралдан харайж, даарч хөрөн юуны учир ажилтнууд ийнхүү “үхэлдэн” гүйдэг вэ? Ажлаас хоцрох, таслах нь ажилтанд хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог учир тэд ийнхүү хоцрохгүй байхыг хичээдэг. Энэ нь сануулах, цалинг хорин хувиар бууруулах, цаашлаад халах хүртэл эрсдэлтэй.
Иргэдийн дунд хийсэн судалгаагаар иргэд төрийн хариуцлагыг сайжруулахад анхаарлаа хандуулахыг, тэр дундаа УИХ-ын гишүүдийг ажлаа сайн хийхгүй байна, тэднийг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татаж болдоггүй юмуу хэмээн ихэд бухимддаг.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар УИХ-ын гишүүнийг Үндсэн хууль зөрчсөн эсэх, үүний улмаас эгүүлэн татах үндэслэл байгаа эсэхийг Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргаж УИХ-д оруулдаг. Мөн гэмт хэрэг үйлдсэн бол УИХ эгүүлэн татдаг.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.21 дэх хэсэгт зааснаар УИХ-ын гишүүн нь “өвчтэй, чөлөөтэй байх, гадаад, дотоодод томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд товлосон хугацаанд хүрэлцэн ирж оролцох” бүрэн эрхтэй юм. Бүрэн эрх гэдэг нэг талаас эрх, нөгөө талаас үүргийн нэгдэл байдаг. Иймээс УИХ-ын гишүүн ажилдаа заавал ирэх, ажлаа хийх ёстой гэсэн үг. Энэ тохиолдолд УИХ-ын гишүүн Д. Наранхүү зэрэг гишүүн ажилдаа ирдэггүй учир Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль дээдлэх” зарчмыг зөрчиж байна гэсэн үг. Нөгөө талаас Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална”, 2 дахь хэсэгт заасан “Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно” гэсэн хэсгүүдийг ажлаа хийдэггүй, ажилдаа ирдэггүй гишүүд зөрчиж байгаа юм.
Улсын Их Хурлын гишүүн нь Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасан “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөснөөр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлдэг. Энэхүү тангараг ёсоор төрийн хуулийг дээдлэн сахих үүрэгтэй.
УИХ-ын нэгдсэн болон бусад хуралдаануудад оролцдоггүй гишүүд ажлаа хийхгүй, хууль зөрчиж байгаа юм. Нөгөө талаас туслах, зөвлөх, бие төлөөлөгчийн цалин, цаашлаад УИХ-ын гишүүний хуулийн судалгаа хийлгэх, хууль сурталчлах, орон нутагт ажиллах гээд олон төсөвт ажлуудын хөрөнгийг хууль бусаар зарцуулж байна гэсэн үг. УИХ-ын гишүүн нь өөрөө мэдэхгүй ч байсан, зөвлөх, УИХ-ын тамгын газар, бусад байгууллагаас мэдээлэл хүлээн авах боломжтой ба үүнийгээ ашиглаад УИХ-ын хуралдаанд заавал оролцож, ирцэд бүртгүүлж, санал өгөх үүрэгтэй юм. Жирийн иргэн ажилдаа яаран гүйж ирж байхад УИХ-ын гишүүн үндсэн ажилдаа тааллаараа ирж байгаа нь тун ойлгомжгүй зүйл юм.
Мөн УИХ-ын гишүүн нь “хууль, гишүүний ёс зүйг чанд сахих” үүрэгтэй байдаг. Төрийн ордонд мэдээлэл хийхдээ залуу гишүүн “Бандаашаа өмсөөд гарсан” гэдэг үг нь ёс зүйн зөрчил мөн үү? Хүчингийн хэрэг биш гэж тогтоогдож, хууль зөрчөөгүй юм бол ёс зүйн зөрчил байхаар харагдаад байгааг тэмдэглэх нь зүйтэй. Албаны ёс зүйг хувийн харилцаанаас яасан ч тусад нь авч үзэх боломжгүй юм. Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3.2 дахь хэсэгт “Ёс зүйн дэд хороо нь гишүүний ёс зүй, хөрөнгө, орлогын мэдүүлэг, чуулганы хуралдааны дэгийг сахиулах асуудлыг” эрхлэхээр заасан байна.
УИХ-ын гишүүд нэгдсэн хуралдааны явцад бие биенийгээ доромжлох, эрүүгийн гэмт хэрэгт гүтгэх, хулгайч, новшоороо дуудалцах явдал ихээхэн тохиолдож байна. Тухайлбал, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Ж. Мөнхбат нарын хэрүүл ард түмнийг үнэндээ гутрахад хүргэсэн.
-Чи муу хулгайч дуугай бай. Давраад байгаарай.
-Чи монголын хаан юм уу? Чи ч хулгайч. Намынхаа мөнгийг хулгайлчихаад. Солиороодай гэх энэ үгс нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 24 дэх хэсэгт заасан “чуулганы хуралдаанд үг хэлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх”, Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн 2.1.5-д заасан “Төрийн ордон болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхимд биеэ зөв авч явж, холбогдох хууль тогтоомжийг сахин биелүүлэх” гэснийг зөрчиж байгаа юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нь 1994 онд УИХ-ын гишүүн Ц. Төрмандахыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг, 2007 онд УИХ-ын дарга Ц. Нямдоржийг Үндсэн хууль зөрчсөн эсэх, түүнийг огцруулах үндэслэл байгаа эсэхийг хянан шийдвэрлэж эдгээр албан тушаалтнуудыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл, манай түүхэнд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүн, даргад хариуцлага тооцож байсан жишгүүд байгаа юм.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Төрмандах нь 1993 онд Монголын Чөлөөт Телевиз-1 компани байгуулан ажиллаж ирсэн болох нь тогтоогдож, Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн "Улсын Их Хурлын гишүүний хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй" тухай заалтыг зөрчсөн байдаг. Гэтэл өнөөдөр УИХ-ын зарим гишүүн үүрэгт ажлаа хийхгүй, хувийн компани дээрээ очоод ажилтнуудтайгаа хэрүүл хийгээд, хариуцлага тооцоод явж байдаг байна. Энэ нь нотлогдвол УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах эсэхийг хэлэлцүүлж болно.
Дараагийн нэг анхаарах зүйл нь зарим гишүүд ирээгүй гишүүний өмнөөс санал хураалтанд оролцох явдал юм. Бидний хэлдгээр бусдын өмнөөс кноп дарах явдлууд маш их байна. Энэ бол хамгийн ноцтой үйлдэл бөгөөд иргэдийн сонгох эрхийн эсрэг халдлага юм. УИХ-ын тухай хуульд таслах эрхтэй оролцохоор заасан тул бусад гишүүний таслах эрхийг эдлэх нь хууль бус гэдэг нь тодорхой. Нөгөө талаас УИХ нь 76 гишүүнтэй, гишүүн нь ард түмний элч мөн. Нэг гишүүн хоёр гишүүнийг, гурван гишүүнийг төлөөлж болдог бол 76 гэсэн тоо байх ч шаардлагагүй юм. Иймээс бусдын өмнөөс кноп дарж байгаа гишүүд мөн Үндсэн хууль зөрчиж байгаа гэдэг нь ямар ч илүү, дутуу эргэлзээгүйгээр тодорхой байна. Тиймээс эдгээр гишүүдийг Үндсэн хууль зөрчсөнийг нь тогтоож, эгүүлэн татах ажиллагааг Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, мэдээлэл гаргаснаар эхлүүлэх цаг нь болжээ. Эдгээр хүмүүс ажлаа хийхгүй юм бол туслах, зөвлөх, бие төлөөлөгчийн, сурталчилгаа, судалгааны гээд олон мянган зардлаа төрд эргүүлээд төлөх ёстой. Бидний л татвар төлсөн мөнгө.
Монгол Улсын Үндсэн хуульд УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэсэн нь УИХ бол хэн нэгэн хууль бус ажил эрхэлдэг, эсхүл гишүүн болчихоод ажлаа хийдэггүй хүмүүсийн хувьд огт хамаагүй гэдгийг цохон тэмдэглэе. Гишүүд ажилдаа хариуцлагатай хандаарай, бусдын өмнөөс кноп бүү дараарай, ажилдаа ирээрэй гэж захья. Харин зарим нэгтэй нь Цэц дээр уулзахаас өөр арга алгаа.