Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчид Налайх дүүрэгт ажиллалаа.
УУХҮ-ийн сайдыг тус дүүрэгт очих үеэр нүүрсний бичил уурхайн 135 метрийн гүнд нуралт үүсч, хувиараа ашигт малтмал олборлогч дөрвөн иргэн 04:00 цагийн үед нүүрсэнд дарагдлаа гэсэн дуудлагаар ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн аврах бүлэг ослын голомтод ажиллаж байгаа тухай дуулгав. Уурхай хаагдсанаас хойш 22 жилийн хугацаанд нийтдээ 240 орчим хүн нас барж, 735 хүн хүнд бэртэж гэмтсэн байна. Тиймээс тулгамдаж буй эл асуудлыг шийдэхээр Налайх дүүргийн засаг даргын тамгын газарт УУХҮЯ, АМГТГ, НЗДТГ, НМХГ, НОБГ, НОБГ-ын холбогдох төлөөллүүд хамтран ярилцсан юм.
Налайхын ил уурхайг хааж, үйл ажиллагааг нь зогсоосноос хойш эмх замбараагүй олборлолт газар авч, хувиараа ашигт малтмал олборлогч иргэд хүнд бэртэж гэмтэх, улмаар амь насаа алдах үзэгдэл өнөөг хүртэл гарсаар байна. Үүнээс гадна хууль бус олборлолтоос үүдэж тус дүүргийн байгаль орчин ихээр сүйтгэгджээ. Налайхын уурхайн 335.2 га талбайд байгаль орчны үнэлгээ хийхэд техникийн нөхөн сэргээлтэд нэг тэрбум 135 сая төгрөг, биологийн нөхөн сэргээлтэд долоон тэрбум төгрөг шаардлагатай гэж үзсэн байна.
2017 оны байдлаар Налайх дүүрэгт 111 тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаагийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 75, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 36 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар нүүрсний бичил уурхайн 100 аман дээр 1000 орчим хүн хувиараа ашигт малтмал олборлож байгааг Налайх дүүргийн засаг даргын тамгын газраас мэдээллээ.
Д.Сумъяабазар сайд “Хүний амьнаас илүү зүйл гэж байх учиргүй. Төр иргэнээ хамгаалах үүрэгтэй. Иймд суурьшлын бүсээс үйлдвэрийн бүсийг гаргах талаар УУХҮЯ, НЗДТГ хамтран ажиллана. Налайх дүүрэгт олгогдсон энэ олон лиценз эзэмшигч аж ахуйн нэгжүүдийг цэгцлэж, хариуцлагатай болгохоор төрийн байгууллагууд уялдаатай ажиллах ёстой. Хэрвээ шаардлага тавиад засагдахгүй бол лицензийг нь түдгэлзүүлэх, цаашлаад цуцлах хүртэлх арга хэмжээ авч ажиллана. Шаардлагатай бол хууль журмандаа өөрчлөлт оруулах болно” хэмээн уулзалтын үеэр мэдэгдлээ.
УУХҮ-ийн сайд уулзалтын дараа осол болсон нүүрсний бичил уурхайн цооног дээр очиж, холбогдох хүмүүстэй уулзсан юм. Ингээд Налайх дүүргээс ирсэн даруйдаа салбарын яамны холбогдох хүмүүстэй өргөтгөсөн шуурхай хурал зарлаж, хувиараа ашигт малтмал олборлогчдын асуудалд ажлын хэсэг байгуулахаар боллоо.
Эх сурвалж http://www.info.mn