Эдийн засагт гарч буй эерэг үр дүнг бэхжүүлэхийн зэрэгцээ үүсч болзошгүй эрсдэлүүдээс сэргийлж, макро эдийн засаг, ажил эрхлэлтийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл бүхэлдээ чиглэгдэж байна.
Өнгөрсөн оны сүүлээс авч хэрэгжүүлсэн дунд хугацааны макро тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсөв, мөнгөний бодлогын арга хэмжээнүүд нь зах зээл дээрх тодорхой бус байдлыг бууруулж, эдийн засгийн идэвхжилд эерэгээр нөлөөлж байгааг эдийн засгийн тоон үзүүлэлтүүд харуулж байна. Цаашид бодлогын тогтвортой байдлыг хадгалж, эдийн засгийн идэвхижлийг бэхжүүлэх, гадаад валютын нөөцийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх, банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг сайжруулах, санхүүгийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг том зорилт, сорилтууд бидний өмнө хүлээгдэж байна.
Макро эдийн засгийн бодлогыг эдийн засгийг тогтворжуулахад чиглүүлснээс гадна экспортын үнэ болон орлого өндөр цаг үе тохиож байгаа нь эдгээр бодлогын үр дүнд дэмжлэг болж байна. Энэ оны эхний гурван улирлын байдлаар эдийн засгийн өсөлт эрчимжиж, 5.8 хувьд хүрлээ. Гэсэн хэдий ч уул уурхайгаас хамаарал багатай салбаруудад идэвхжил сул хэвээр байгаа тул мөнгөний бодлогыг эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжил, ажил эрхлэлтийг дэмжихэд чиглүүлж байна.
Инфляци 2017 оны 10 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд жилийн 6.9 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд жилийн 8.2 хувьд хүрч, сүүлийн саруудад эрчимжих хандлагатай байна. Ойрын хугацаанд эдийн засгийн сэргэлттэй уялдан эрэлт, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс, зарим төрлийн татвар нэмэгдэж байгаа нь инфляци өсөхөд нөлөөлж байна. Иймд Монголбанк хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг урт хугацааны тэнцвэрт түвшин болох 8 хувийн орчимд тогтворжуулах зорилтыг хэрэгжүүлэхээр үндсэн чиглэлд тусгалаа.
Банк, санхүүгийн салбарын хууль эрх зүйн шинэтгэлийн хүрээнд шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, макро эдийн засаг, санхүүгийн системийн тогтвортой байдалд чиглэсэн макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох, Төв банкны нээлттэй, ил тод байдлыг хангаж олон нийттэй харилцах харилцааг үр ашигтай болгох зэрэг олон зорилтууд үндсэн чиглэлд туссан байна