Дорноговь аймгийн Замын-Үүд суманд найман настай Д.Сэржмядаг гэх охин сураггүй алга болоод багагүй хугацаа өнгөрлөө. Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд энэ сарын 2-ны өдөр найман настай охин сургуульдаа явахаар гэрээсээ гараад сураггүй алга болсноос хойш 13 хоног өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн сураг гараагүй байгаа юм. Үүнтэй холбогдуулан, ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Н.Ганбадрал мэдээлэл хийж “Замын-Үүд дэх цагдаагийн хэлтсээс БНХАУ-ын Эрээн хот дахь Монгол Улсын консулийн газарт хүсэлт явуулсны дагуу Эрээн хотын холбогдох байгууллагууд хууль, журмын дагуу эрэн хайх ажиллагааг явуулж байна гэх мэдээллийг өгч байсан юм. Тиймээс манай сайтын сурвалжлах баг Охиныг эрэн хайх эрлийн ажиллагаа хэрхэн явагдаж байгааг сурвалжлахаар Эрээн хот болон Замын-Үүд сумыг зорьсон юм. Биднийг очиход Эрээн хотод охиныг эрж хайж байгаа гэх ямар ч шинж байхгүй оршин суугчид болон цагдаагийн албан хаагчдаас энэ талаар тодруулахад, “Хүүхэд алга болсон талаар сонсоогүй, мэдэхгүй байна. Хэрэв хүн хайж байсан бол ядаж л гудамж талбайд зурагт хуудас наасан байх ёстой. Тийм зүйл байхгүй” гэсэн юм.
БНХАУ-ын иргэн Г: Найман настай охин алга болсон талаар сонсоогүй
-Эрээнд найман настай Монгол охиныг эрэн сурвалжилж байгаа талаар сонссон уу?
-Үгүй ээ анх удаа сонсож байна.
-Охин алга болсон гэх зурагт хуудас наасан байхыг олж харсан уу?
-Хараагүй.
-Wechat-д зар тавигдсан байсан уу. Мэдээгүй биз?
-Би байнга Wechat-д байдаг. Гэхдээ тийм зар хараагүй юм байна.
Тиймээс бид Эрээн хот дахь Монгол улсын Консулын газрыг зорьсон юм. Биднийг БНХАУ-ын Эрээн хот дахь Монгол улсын дэд консул Г.Төмөрбаатар угтаж, тодорхой мэдээллийг өглөө.
-Дорноговь аймгийн Замын-Үүд суманд сураггүй алга болсон найман настай Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагааг Эрээн хотод эхлүүлээ гэх мэдээллийг ЦЕГ-аас өгсөн. Охиныг эрэн хайх ажиллагааг энд явуулж байгаа юу?
-Манайх эрэн хайх ажиллагаа явуулдаг хуулийн байгууллага биш. Гэхдээ Эрээн хотод Монгол хүүхдийг эрэн хайх ажиллагааг явуулахаар бол манайд мэдэгдэх ёстой. Одоогоор бидэнд охиныг эрэн хайж байгаа гэх ямар ч мэдээлэл ирээгүй байна. ЦЕГ-аас Дорноговь аймгийн цагдаагийн хэлтэс Эрээн дэх Консулын газарт албан бичиг хүргүүлж найман настай охиныг эрэн хайх ажиллагааг Эрээн хотод эхлүүллээ гэх мэдээлэл хийсэн. Би тэр мэдээллийг Цагийн хүрдээр үзсэн. Үүн дээр тайлбар хийхэд Дорноговь аймгийн цагдаагийн хэлтсээс манайд ямар нэгэн албан бичиг ирээгүй. Ирлээ гээд бид нар өөрсдөө бие даагаад эрэн сурвалжлах ажиллагаа хийдэг байгууллага биш. Тэгэхээр хэвлэлийн бага хурал хийсэн хүн нь буруу ойлгоод буруу ярьсан байж магадгүй. Магадгүй Замын-Үүдэд суугаа БНХАУ-ын Ерөнхий Консулын газарт эрэн сурвалжлах ажиллагаан дээр туслалцаа үзүүлээч гэсэн албан бичиг хүргүүлсэн байхыг үгүйсгэхгүй.
-Танайх эрэн хайж ажиллагаа явуулдаггүй гэхээр хоёр орны цагдаагийн байгууллага хоорондоо тохиролцоод танайд мэдэгдэлгүйгээр эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байх боломжтой юу?
-Тийм байх боломжтой. Гэхдээ хоёр орны цагдаагийн газар холбоо тогтоож хайгуул явуулсан бол Эрээн хот дахь Консулын газарт бичиг ирүүлэх учиртай. Гэвч консулын газарт охиныг эрэн хайхтай холбоотой ямар ч мэдэгдэл байхгүй.
Эрээн хот дахь нөхцөл байдал болоод ЦЕГ-аас өгсөн мэдээлэл ийнхүү зөрчилдөв. Охиныг хил давуулсан байж болзошгүй гэх хардлага иргэдийн дунд их байгаа. Тэр ч утгаараа Эрээн хотод эрэн хайх ажиллагаа явуулж эхэлсэн талаархи мэдээллийг сонссон иргэд битүүхэн баярлаж, бяцхан охиныг олдчих болов уу хэмээн чих тавин хүлээж суусан юм. Гэтэл ЦЕГ-аас худал мэдээлэл тарааж иргэдийг хуурсан болж таарав.
Ямартай ч иргэдийн дунд хүүхдийг хулгайлж хууль бусаар БНХАУ-руу гаргасан байх гэсэн хардлага үүсээд байгаа энэ үед хамгийн өндөр магадлалтай Эрээн хотод ямар нэгэн эрэн хайх ажиллагаа явагдахгүй байгаа нь ийнхүү тодорхой болж, бидний эрэл мухардав.
Үүний дараа бид Дорноговь аймгийн Замын-Үүд суманд очиж эрлээ үргэлжлүүлсэн юм.
Тус сумын цагдаагийн газарт учир шалтгаанаа хэлэн хандахад, Биднийг алга болсон найман настай охиныг Эрэн хайх ажлын хэсгийн ахлагчтай уулзуулан, ажлын хэсгийн Штабтай танилцах боломжийг олгосон юм.
Тиймээс бид сураггүй болсон охиныг эрэн хайх ажлын хэсгийн ахлагчтай уулзаж, зарим зүйлийг тодруулсан юм.
-Охиныг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй баг эрэн хайж байгаа вэ. Иргэдийг дайчилж байгаа юу?
-Эрэлийг анх сумын Цагдаагийн хэлтэс болон аймгийн онцгой комисс, төрийн байгууллагынхан болон иргэдийг оролцуулсан 500 хүний бүрэлдэхүүнтэйгээр явуулж эхэлсэн боловч зарим нэг шунахай сэдэлтэй хүмүүс эрэн хайх ажиллагааг далимдуулан хулгай хийх тохиолдол гарсан учраас иргэдээр самналт хийлгэх ажлыг зогсоосон. Ингээд энэ сарын 8-наас эхлэн Замын-Үүд суманд ЦЕГ-ын дэд даргын тушаалаар томилсон Ажлын хэсэг буюу Улсын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Эрүүгийн цагдаагийн газрын Эрэн сурвалжлах албаныхан, Тагнуулын албан хаагч нар, Дорноговь аймгийн Эрүүгийн төлөөлөгч нарын бүрэн бүрэлдэхүүнээр хүрээгээ тэлсэн Ажлын хэсэг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан оролцож байна. Өөрөөр хэлбэл, энэ хэрэг дээр мэргэжлийн, шилдэг алба хаагчдыг ажиллуулж байна.
-Охин алга болоод багагүй хугацаа өнгөрлөө. Ямар нэгэн таамаглал байна уу?
-ЦЕГ-аас томилсон Ажлын хэсэг ирээд болсон зүйлийн талаар тодруулж, асуулт хариулт өрнүүлэн охин алга болоход нөлөөлсөн байж болох хүчин зүйлүүдийн талаарх таамаглалуудын жагсаалтыг гаргаж, хэргийг илрүүлэх төлөвлөгөөг гаргасны эцэст ажил үүргээ хуваарилж авсан. Өөрөөр хэлбэл, маш том хүрээгээр шалгах хүрээг тогтоож байна. Одоогоор хэрэг илрээгүй ч, сэжиглэж буй зүйл, дэвшүүлж буй таамаглал бий. Бид Эрээн дэх Цагдаагийн газарт “Хүүхэд хилээр нэвтэрч гарсан эсэхийг нягталж өгөөч” гэсэн хүсэлтийг албан бичгээр энэ сарын 3-ны өдөр хүргүүлсэн. Эрээний цагдаагаас 2017.11.12-нд хариу ирсэн. Хилээр гараагүй байна. Ямар ч байсан орж ирээгүй байна. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ, бид хайж байна, шалгаж байна” гэсэн мэдэгдэл ирсэн.
-Иргэдийн дунд охиныг ямар нэгэн байдлаар хил гаргасан байх гэсэн хардлага их байгаа?
-Тийм байхыг үгүйсгэхгүй. Бид шалгаж байгаа. Гэхдээ охиныг одоогоор хил гараагүй, дотооддоо байгаа гэж үзэж буйгаа хэд, хэдэн үндэслэлээр тайлбарлаж болно. Тухайлбал, Замын-Үүдийн гаалийн удирдлагуудтай уулзаж энэ талаар лавлахад, “Гааль, хилийн цэрэг, мэргэжлийн хяналт гэсэн гурван давхар хяналтыг давж гарах боломжгүй. Бүх машинаас ачааг буулгаж, дээр, дооргүй шалгадаг” гэсэн хариу өгсөн. Энэ хяналтыг давж гарсан байлаа ч гэсэн Хятадын талын гаалийн хяналт мөн хатуу чанга, өндөр үзүүлэлттэй рентген багаж төхөөрөмжтэй. Тэгээд ч Эрээн дэх Цагдаагийн газраас охиныг “Хилээр орж ирээгүй” гэж мэдэгдсэн нь хайнга хариулт биш. Нэг улсаас, нөгөө улсад өгч буй албан ёсны мэдээлэл учир камерын бичлэг болон бусад хяналтыг шалгаж, нарийн нягталсны эцэст өгсөн хариу байж таарна.
-Охины талаарх бодит мэдээлэл өгсөн хүнд 50 сая төгрөг амласан. Үүний дагуу иргэдээс ер нь мэдээлэл ирж байна уу?
-Одоогоор иргэдээс зөвхөн “Үзмэрч, бөөд үзүүлэхэд тэгж хэллээ” гэсэн мэдээлэл ирж байна. Энэ хэдийгээр баттай мэдээлэл биш боловч Цагдаагийн байгууллага эдгээр мэдээллийг ор тас орхилгүй жагсаалт гаргаж, давхардсан мэдээллүүдийг мөн нягталж үзэж байгаа. Зарим иргэд хэргийн талаар мэдээлэл өгсөн иргэнд 50 сая төгрөг олгоно гэдэг мэдээлэлд итгэхгүй байгаа юм шиг байна лээ. Энэ бол үнэн. Мэдээлэгч ямар нэгэн байдлаар айж, эмээх, болгоомжлох шаардлагагүй. Мэдээлэгчийн аюулгүй байдал, тав тухыг бүрэн хангахыг биеэр хариуцаж ажиллана. Мэдээлэгчийн хүссэн газарт очиж уулзахад бэлэн. Мэдээлэгч миний 91118388 дугаарт холбогдож болно. Хэрэв хүсвэл энэ мөнгийг дансаар биш, бэлнээр нь өгнө. Охиныг нуусан хүн өөрөө мэдээлэл өгч хэргээ хүлээвэл үүрэх хариуцлагаас нь ихээхэн хөнгөлдөг хуулийн заалт бий.
-Эрэн хайх ажиллагаа хэр хугацаанд үргэлжлэх вэ. Магадгүй 2-3 сар болоод олдохгүй бол зогсоох уу?
-Зогсоохгүй. Охиныг олтол эрлийг ажиллагааг зогсоохгүй үргэлжлэх болно.
Харин дараа нь охиныг эрэн хайх ажлын хэсгийн Штабтай танилцсан юм. Эрэн хайх ажиллагааг зохион байгуулах штабынхан өдгөө Замын-Үүд сумын ерөнхий зураглал дээр ажиллаж, самналт хийсэн болон дахин самналт хийх шаардлагатай, эсвэл сэжигтэй байж болох цэгийг тэмдэглэсэн нь зурагт харагдаж байна. Охины гэрээс сургууль хүртэлх зам 2.5 км. Энэ дагуух болон охины явсан байж болох бусад маршрут, хил, төмөр замын дагуух судалгааг бүрэн хийж байгаа аж.
Мөн Замын-Үүд суманд самналтын ажиллагааг удаа дараагийн давтамжтай хийж байгаа бөгөөд нэг айлд л гэхэд 3-6 удаагийн самналт хийж, тэмдэглэж буйгаа онцолсон юм.
ТЭМДЭГЛЭГЭЭ: Ягаан: Охины явсан байж болох маршрут болон сэжигтэй цэг. Шар: Самнаж, нэгжлэг хийсэн газар, Ногоон: Дахин шалгах шаардлагатай газрууд.
Үүний дараагаар бид иргэдтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа. Иргэд маш их айдас дунд амьдарч байгаагаа онцолсон юм.
Замын-Үүд сумын ТҮК-ийн ажилтан Ч. Байгаль: Эрэн хайх ажлаар явж байна гэсэн хүмүүс манайхаар нэг удаа орж ирсэн
-Манайхаар сураггүй алга болсон охиныг эрэн хайх ажлаар явж байна гэсэн хүмүүс нэг удаа орж ирсэн. Хоёр цагдаа орж ирээд гэрийг маань нэгжчихээд гарсан. Би Замын-Үүд суманд ирж суурьшаад таван жил болж байна. Иймэрхүү төрлийн хэргүүд их л гарч, янз янзын л юм сонсогдох юм. Хилтэй залгаа болохоор их хэцүү байдаг юм.
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын малчин Ц.Тогтох: Манайхаар эрэн хайх ажиллагаа явуулж байна гэсэн хүмүүс ирээгүй
-Манайх сумаас нилээн зайтай /60 км/ хөдөө байдаг учраас манайхаар эрэн хайх ажиллагаа явуулж байна гэсэн хүмүүс ирээгүй. Хүүхэд алга болсон эрэн хайх ажиллагаа явуулж байгаа гэх мэдээллийг мэдээгээр сонссон. Манай хүүхдүүд ихэнх нь энэ Замын-Үүд суманд байдаг. Ач зээ нар маань энд сургуульд сурдаг болохоор их л санаа зовох юм. Ирсэн дээрээ гээд хэдэн хүүхдүүдээ анхаарал болгоомжтой бай гээд хэлээд л байж байна.
Замын-Үүд сумын иргэн З.Т: Ажлаа таслаад хүүхдээ зөөх үү, хүүхдүүдийнхээ хичээлийг таслуулах уу гэсэн сонголттой нүүр тулчхаад байна
-Сураггүй алга болсон хүүхдүүдийг эрэн хайж байна. Танайд нэгжлэг хийх гэсэн юм гэсэн 5-6 хүн манайхаар 6 удаа орж ирж, гэр, амбаар гээд байж болох бүх газраар нэгжлэг хийсэн. Миний хүүхдүүдээс ялгаа юу байхав. Нялх амьтан олдчихоосой гэж их л хүсэх юм. Даанч ямар ч сураг гарахгүй байгаа нь харамсалтай. Эгч нь олон нялх нойтон хүүхэдтэй. Хүүхдүүдээ бүр гаргахаа байсан. Бөөн айдас дунд амьдарч байна. Өмнө хүүхдүүд маань хүссэн үедээ ахынх руугаа гүйгээд явчихдаг, дэлгүүр рүү гүйчихдэг байсан. Одоо бол өөрсдөө ч айдастай байгаа, бид нар ч гаргахгүй байгаа. Гарахаар бол заавал нэг хүн хамт гардаг болсон. Хүүхэд алга болсноос хойш сургуульд нь ч ганцааранг явуулахаа байсан. Нэг бол өөрөө ажлаа таслаад хүүхдээ хүргэж өгч авна. Эсвэл хүүхдүүдийнхээ хичээлийг таслуулан гэсэн хэцүүхэн сонголттой нүүр тулчхаад байна.
Т.Гэрэл