Энэ мэдээ хуучирсан буюу 2017/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголд томорч, Мозамбикт “жижигэрсэн” Рио Тинтогийн дуулиан

Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани болох Рио Тинтог тойрсон шуугиан дэгдэж эхлээд байна. Яагаад энэ компанийг монголчууд онцлох учиртай вэ гэдгийг уншигчид мэдэж байгаа байх. Манай Оюутолгойн хөрөнгө орулагч бөгөөд 2006 оноос эхлээд Монгол улстай уул уурхайн салбарт хамтран ажиллаж байгаа гэдэг утгаараа анхаарал татдаг.

Энэ компани дэлхийн хаана эрдэс баялаг байна, тэнд ямар нэг аргаар үйл ажиллагаа явуулдаг, тухайн төслөөс тодорхой хувийг эзэмшдэг гэдгээрээ ихэд алдаршжээ.  Яг л энэ хэв маягаараа Монголын өмнөд говьд нээгдсэн алт, зэсийн асар их нөөцтэй Оюутолгойн ордыг анхны хөрөнгө оруулагчдаас худалдаж авсан байдаг.  Оюутолгойн төслийн анхны хөрөнгө оруулалт 4,1 тэрбум ам доллар байснаа тодорхойгүй шалтгаанаар 7,1 тэрбум болтлоо өссөн. Чухам яагаад гэдэг нь тодорхойгүй, үүнд одоо болтол яв цав хариу байхгүй байгаа. Монголчууд 34 хувийг нь эзэмшдэг энэ ордоосоо ашиг хүртэх хугацаа 2030 он хүртэл цаашилчихаад байна. Энэ бол бидний зовлон, бидний  асуудал.

Рио Тинтотой холбоотой дуулиан үе үе дэгддэгийн нэг нь  Африкийн Самандугийн ордтой холбогддог.

Африкийн  баруун эргийн Гвиней улсын Самандугийн төмрийн хүдрийн уурхайн талыг эзэмшихийн тулд тус улсын Ерөнхийлөгч Алфа Кондед түүний их сургуулийн найз Францын зөвлөх Франсуй де Комбгет/ Francois de Combret /-ээр дамжуулан 10.5 сая америк доллар шилжүүлсэн гэх  гэх хэрэгт  одоо мөрдөн байцаалт явагдаж байгаа бөгөөд энэ хэрэг нь нэг тийшээ болоогүй байхад дараачийнх нь дуулиан дэгдэж байгаа нь энэ.

“Зөвлөх” үйлчилгээний төлбөр гэх 10.5 сая ам.долларын ард авлига хээл хахуулийн хэрэг нуугдаж байгаа гэсэн таамаглал байгаа юм. Нэг иймэрхүү арга замаар хүссэнээ гүйцэлдүүлсэн байх магадлалтай.  Монголд ч ялгаагүй, Оюутолгойн гэрээг тойрсон улстөрчдийн авлигын асуудал бол хуучин танил сэдэв болсон.

Харин энэ удаад Рио Тинтотой холбоотой дуулианд Мозамбик улсын нэр дурдагдаж байна. Тодруулбал, Рио Тинто групп 2011 онд Мозамбикийн нүүрсний ордыг 3.7 тэрбум ам.доллараар худалдаж авчээ. Гэтэл тэдний энэ бизнес бүтэлгүйтэж, тухайн уурхайн нүүрсний нөөц нь тогтоосон хэмжээнээс бага, чанарын шаардлага хангахгүйгээс гадна дэд бүтэц, олборлох хэмжээ зэргээ буруу тооцоолсноос бөөн алдагдалд оржээ. Түүнчлэн Мозамбикийн эрх баригчид нүүрсний экспортыг  тээвэрэлэхэд боомтоо ашиглуулах зөвшөөрөл олгоогүй аж.  Ингээд тэд мөнөөх уурхайгаа эргүүлээд арай гэж 50 сая ам доллараар заржээ. Болсон явдлын тухайд ийм.

АНУ-ын Үнэт цаасны арилжааны комисс Рио Тинто группын гүйцэтгэх захирал асан Том Албаниз, санхүүгийн гүйцэтгэх захирал Гаи Эллиот нарыг Мозамбикийн нүүрсний ордыг худалдан авах гэрээ байгуулсныхаа дараа анх тооцоолсон шиг чанартай нүүрс тогтоосон хэмжээгээр олборлож чадахгүй гэдгийг мэдсэн ч Удирдах зөвлөл, аудит болон хөрөнгө оруулагчдыг хуурч мэхлэх замаар гэрээний үнийг зохиомлоор өсгөн, хөрөнгө оруулагчдаас 5.5 тэрбум ам.доллар татсан гэж одоо буруутгагдаад байна.

Их Британийн хуулийн байгууллагаас тус группыг Африкийн нүүрсний ордын гэрээтэй холбоотой санхүүгийн тайланг үнэн зөвөөр мэдүүлэх хуулийг зөрчсөн гэж тус компанийг 27 сая фунт стирлингийн торгууль ногдуулаад байгаа гэнэ. Үүнтэй холбоотойгоор Үнэт цаас, биржийн комиссын гүйцэтгэх захирал Стивен Пейкин “Рио Тинто болон түүний удирдлагууд үнэнийг нуун далдлах замаар Хөрөнгө оруулагчдын зардлаар  өөрсдийн нэр хүндийг хамгаалах гэж оролдож байна” хэмээн шүүмжилжээ.  Тэд бидний хамтрагчдын талаар ингэж дүгнэжээ.

Энэ бүхэн бол болж буй үйл явдлын нэг тал. Эндээс Монгол ба Мозамбиз гэсэн нэгэн харьцуулалт гармаар ч юм шиг. Мозамбик бол Африкийн хөгжлөөр хоцорсон орны нэг. Гэхдээ байгалийн баялагтай, тэр нь гол төлөв нүүрс. Биднээс илүү нь тэд усан боомттой, далайд гарцтай. 2012 оны сонгуулийн дараахан гадаадын хөрөнгө оруулагчдын дунд “Монгол баяртай, Мозамбик сайн байна уу” гэсэн хэлц үг бий болсон гэдэг. Гэхдээ энэ нь хөрөнгө оруулалтын орчин нь тогтвортой, хууль журмаа хэрэгжүүлдэг гэсэн өнцгөөр ингэж харсан болох ч  тус улсын Рио Тинтотой хийсэн дээрхи наймаа хөрөнгө оруулагчдыг тийш нь тэмүүлэх нэг шалтгаан болсон байхыг үгүйсгэхгүй.  Рио Тинтогийн нүүрсний уурхайн наймаа тус улсад уул уурхай эзэмшээд авбал үнэ цэнэ  нь өсөх магадлалтай гэсэн сигналыг хөрөнгө оруулагчдад өгсөн байх байх магадлалтай. 

Тус улс хөгжлөөр хоцрогдсон, хөрөнгө оруулалтын туршлагаар  хомсхон байж болох ч өндөр түвшинд үнэлэгдэж чадахааргүй уурхайгаа дэлхийн акул компанид, тэр дундаа Рио Тинтод 3.7 тэрбум ам доллараа арилжиж чадсан байгаа юм. Бүр тэгэхдээ нүүрсний экпортод нь  далайн боомтоо ашиглуулахаас эрх баригчид нь татгалзсан.

Энэ нэг их бахархаад байх жишээ биш байж мэдэх ч байгаа юмандаа эзэн байж чадах эрхэмсэг чанар энд илэрч байгаа юм.  Хөрөнгө оруулагчдын хөлд гар хавсарч сөгдөөд байдаггүй, тусгаар улсын хувьд зарчим журмаа мөрдөж, өөрийнхөөрөө байх жирийн л нэг жишээ.

Гэхдээ харин монголчуудын хувьд бол жишиг болгомоор  зүйл.  Монголчууд тэр их баялгийнхаа 34 хувийг эзэмшиж байгаа хэрнээ ямар ч эрх мэдэлгүй, хэчнээн хэмжээний алт зэс хилээр ил далд гарч байгааг хянаж чадахгүй, данс нь гадаадад байдаг гэхчлэн тэдний аясаар бөмбөрч байна. Хөрөнгө оруулагчид хэрэгтэй ч тэднийг төр засгийнхаа толгой  дээр хөндөлсүүлээд баймааргүй байгаа юм.  Ямар сайндаа л Ерөнхий сайдыг Дубайд дуудаж аваачаад  ногдол ашиг хүртэх хугацааг маань хэдэн арван жилээр хойшлуулчихаж байхав.

Монгол, Мозамбик хоёр улсын хооронд баялагтаа эзэн байх, юмны эзэн сумын зангийн эрхэмсэг чанар, байр суурийн тухайд ийм л нэг ялгаа эндээс харагдаад байна даа.    

М.Нэргүй  

Өнөөдөр Кроне асуулт хариултын тэмцээний “Октоберфест баярын тусгай дугаар” зохион байгуулагдана
Өнөөдөр Кроне асуулт хариултын тэмцээний “Октоберфест баярын тусгай дугаар” зохион байгуулагдана
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.