“В SOUND” продакшны 5 жилийн ойн нэрэмжит Монголын урлагийн бүх оддын тоглолт өнөө орой Монгол бөхийн өргөөнд болно. Энэхүү тоглолтын өмнөхөн тус продакшны захирал Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан дуучин Б.Болдтой уулзаж ярилцлаа. Тэрбээр тоглолтынхоо бэлтгэлийг шалгаж ажилчидтайгаа бөхийн өргөөнд ид ажилтай байхад нь уулзсан юм.
-“В SOUND” продакшны таван жилийн ойн тоглолтын бэлтгэл ажил аль хэр хангагдаж байна даа?
-Юуны өмнө “Өглөөний сонин”-ы уншигчиддаа энэ өдрийн мэнд дэвшүүлж сайн сайхныг хүсье. Манай продакшны таван жилийн ойн тоглолтын бэлтгэл ажил ид өрнөж байна. Гэхдээ тайз тасал, хөгжим хэрэгслүүдээ ерөнхийдөө засаж байрлуулаад дуусч байна. Бид таван жилийнхээ их хөдөлмөрийн үр шимийг үзэж баяраа тэмдэглэх гээд шаргуу их ажилтай өдрүүдийг өнгөрүүлж байна. Манай таван жилийн ойн тоглолтод Монголын хөгжмийн урлагийн сор болсон ах эгч, найз нөхөд минь хүрэлцэн ирж оролцоно.
-Ойн тоглолтод тухайлбал цуутай оддоос хэн хэн ирж оролцох вэ?
-За эхнээс нь дурдвал Монголын рок попын гол төлөөлөл “Харанга” хамтлаг, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа эгч, У.Далантай, Л.Болдбаатар ах гээд нэрлээд байвал барагдахгүй шинжтэй. Ер нь энэ цагийн Монголын урлагийн сор болсон уран бүтээлчид бараг бүгдээрээ цуглах болов уу. Нэг үе соёл урлагийн их сургуульд суралцаж төгссөн найз, нөхөд гээд ямар ч гэсэн хүрэлцэн ирсэн үзэгчид нэг оройг сэтгэл дүүрэн баяр хөөртэй өнгөрүүлэх сайхан тоглолт болно гэдэгт итгэлтэй байна.
-Саяхан телевизээр гарсан нэвтрүүлгийг үзэж байхад Соёл урлагийн их сургуулийн захирал болон Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн “Харанга” хамтлагийн хөгжимчин Ц.Чулуунбат нар өөрийг чинь их сайхан үгээр мялааж, магтаж байсан. Ер нь өнгөрсөн таван жилийн хугацаанд иймэрхүү томоохон тоглолт хэчнээнийг зохион байгуулсан бол?
-Зохион байгуулсан тоглолт гэвэл нэлээн тоо гарах байх. Зүгээр хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа тоолвол 300 гаруй байгаа. Өнгөрсөн таван жилийн хугацаанд өөрийнхөө чадлын хэрээр “Сайн үйлсийн аян”-д оролцож өвдөж зовсон, ямар нэгэн туслалцаа шаардлагатай болсон хүмүүст сэтгэл зүрхээрээ тусалж дэмжиж ирлээ. Монголын хөгжмийн урлагийн хөгжил дэвшилд сүүлийн таван жилийн хугацаанд тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэж, урлагийнхнаа өөрийн чадлын хэмжээгээр дэмжиж тусалсаар ирсэн. Энэ ажилд манай хамт олны үүрэг оролцоо хамгийн гол нь байсныг хэлэх ёстой.
-Өөрийг чинь “В SOUND” продакшнаа оюутан байхдаа байгуулсан гэж сонссон. Одоо бодоход хэр баргийн оюутнаас гарахааргүй зориг гаргаж энэ ажлыг эхлүүлсэн байна шүү. Ер нь анх энэ санаагаа яаж олов, мэдээж хүндрэл бэрхшээл их байсан нь тодорхой?
-Тийм ээ. Аливаа шинэ ажлыг зориглоод эхлэхэд хүндрэл бэрхшээлгүй зүйл гэж байдаггүй шүү дээ. Анх продакшнаа 10 жилийн хоёр найзтайгаа хамтран байгуулж байсан. Эхний хоёр жил бол үнэндээ ганц төгрөгний ашиггүй байсан гэж хэлж болно. Эхлээд гурвуулхнаа эхэлж байсан бол удалгүй сайхан хамт олон бүрэлдсэн. Хэдийгээр урдахаа аваад хойт талаа нөхөөд явж байсан ч итгэл үнэмшилтэй байхад бүх зүйл сайнаар эргэдэг юм билээ. Хамгийн гол нь таван жилийн өмнө одоог бодвол арай ч залуу, бас их зоригтой байж. Учир нь бид эхнээсээ шууд л Монголын хамгийн нэр цуутай том уран бүтээлчидтэй ажиллаж эхэлсэн байдаг. Жишээлбэл “Харанга” хамтлаг, гавьяат жүжигчин С.Жавхлан, С.Наран эгчийн тоглолт гээд л эхэлж байлаа. Тэр бүхнээ одоо эргээд бодоход их дурсгалтай, заримдаа бас их хөгжилтэй байдаг юм.
-Харьцангуй залуу хүн гэхэд үнэхээр зоригтой, бас дайчин хөдөлмөрч байж шүү?
-Хэ хэ. Нэг талдаа би өөрөө үнэхээр зоригтой байснаа нуухгүй. Хажуугаар нь аав ээж маань үнэхээр их дэмжиж сэтгэлийн дэм өгдөг байсан. Анх “Диско музик”-ын Энхбат ахтайгаа нийлж ажилладаг байлаа. Тухайн үед Энхбат ахаасаа маш их зүйл сурч мэдэж, ямарч үед дайчин хөдөлмөрч байх зан чанарыг эзэмшсэн гэж боддог. Түүнчлэн ээж аавынхаа тэр их итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй байж ямарч гэсэн эхэлсэн ажлаа эцэст нь хүргэнэ гэсэн нэг бодлын муйхар зоригоор зүтгэсээр өнөөдрийг хүрч, өөрийн гэсэн тодорхой амжилтад хүрсэндээ сэтгэл хангалуун явдаг. Одоо эргээд бодоход үнэндээ өнгөрсөн таван жилийн хугацаанд ганцхан ажлын төлөө л зүтгэсээр ирж.
-Ингэхэд дуучин Б.Болд аль нутгийн хүн бэ?
-Би Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны унаган хүүхэд. Гэхдээ одоо ээж аав хоёр маань Эрдэнэт хотод амьдарч байгаа. Бид таван жилийнхээ ойг угтаж “Таван сайн үйл” буюу тусламж дэмжлэг хэрэгтэй болсон хүмүүст хандаж таван ажил хийсэн. Тэдгээр ажил маань маш сайхан амжилттай болж өнгөрсөн дөө.
-Өөрөө Соёл урлагийн их сургуулийг хэдэн онд хэн гэдэг багшийн удирдлага дор, дуулаачийн ямар чиглэлээр төгссөн бэ?
-Би Соёл урлагийн их сургуульд 2008 онд элсэн орж Монгол Улсын гавьяат багш Ц.Ерөөгийн удирдлага дор дуурийн дуучин мэргэжлээр суралцаж 2013 онд төгссөн. Дөнгөж 10 жилийн сургууль төгссөн, юугаа ч мэдэхгүй намайг тосон авч амьдралын их замд хөл тавиулсан Ц.Ерөө багш маань миний хоёр дахь ээж юм даа. Миний багш бол ёстой л хүний хайлан болсон хүн. Бүх шавиа яг адилхан хайрлаж “Хал нь гаднаа, хайр нь дотроо” явдаг хүн байгаа юм. Өнөөдрийн байдлаар манай багшийн шавь нар дуурийн дуулаачдын хувьд Монголдоо “ноймор нэг” явцгааж байгаа. Энэ завшааныг ашиглаад хайрт багшдаа таван жилийнхээ ойн баярын мэнд дэвшүүлж “Таньдаа маш их баярлаж, хайрлаж явдаг шүү” гэж хэлье.
-Өөрийг чинь өнгөрсөн таван жилийн хугацаанд маш олон буяны арга хэмжээнд оролцож багагүй хандив тусламж түгээж явсан гэж сонссон. Томхоноос нь дурдаж болох уу?
-За 100-аад хандивын тоглолтод дуулж, тэдгээр тоглолтод хөгжим хэрэгслээрээ тусалж дэмжин оролцож байсан. Түүнээс гадна мөнгө санхүүгээр тусалж дэмжиж байсан тохиолдол олон бий. Гэхдээ энэ бүхнийг ярихаар хүмүүс намайг учиргүй баян нөхөр байна гээд бодчих вий дээ. Би бол тийм баян хүн биш, зүгээр тусламж дэмжлэг хэрэгтэй болсон хүмүүст чадлынхаа хэрээр тус дэм болж, иргэнийхээ үүргийг л биелүүлэх юмсан гэж чин сэтгэлээсээ бодож явдаг хүн. Нэгэнт Монгол хүн болон төрж, монголчуудынхаа дунд ажиллаж хөдөлмөрлөж яваагийн хувьд хөдөлмөрийнхөө үр шимээр орж ирсэн мөнгөнөөс зохих хэмжээгээр эргүүлээд нийгэмдээ, хүмүүст зориулах ёстой л гэж бодож явдаг. Зарим нэгээс нь дурдвал хоёр айлд гэр өгч байсан, хамгийн сүүлд Ж.Саруултоль гээд 32 настай мөртлөө зургаан хүүхэдтэй, амьдралын төлөө эхнэртэйгээ хоёулаа үнэхээр зүтгэж, хөдөлмөрлөж яваа залуугийн гэр бүлд айлд хэрэгтэй бүх цахилгаан хэрэгслийг нь авч өгч зургаан хүүхдийг нь бүрэн хувцаслаж өглөө. Энэ залуу гэр бүлийг байр оронтой болгохын төлөө цаашид урлагийнхнаа болон Монголын нийгмийг уриалж ямар ч гэсэн санасандаа хүрнэ гэж бодож байгаа. Өөрийн зүгээс нэр дээрээ байдаг хэдэн малаас энэ өвлийнх нь идшийг бэлдэж өгнө.
-Урлагийн одод нэг дор цугларсан томоохон тоглолт бүрт ямар нэгэн сюрприз заавал байдаг. Өнөөдөр болох танай таван жилийн ойн тоглолтод хүрэлцэн ирэх үзэгчдийг ямар сюрприз хүлээж байгаа бол?
-Мэдээж сюрприз дүүрэн тоглолт болно. Томхоноос нь дурдвал 10 саятан төрнө, бас бус юм бий. Хамгийн гол нь нэг оройг уйдах завгүй өнгөрүүлэх болно гэдгийг итгэлтэй хэлчихье.
-Энэ цагийн Монголын урлагийн бараг бүх одод чуулна гэхээр нэлээн хэдэн цагийн тоглолт болох нь ээ дээ?
-Яг үнэндээ бүх оддыг цуглуулвал хоёр гурван өдөр тоглохоос өөр аргагүй болчихоод байсан болохоор тодорхой шалгуур маягийн юм тавьж оролцох дуучид хамтлагаа ярилцаж байгаад сонгосон.
-Одоо тэр дор тайз засч байгаа хүмүүсийг харахад танай продакшн нэлээн олуулаа бололтой?
-Тийм шүү. Анх гурвуулхнаа эхэлж байсан бол өнөөдөр 24-үүлээ болжээ. Ажилдаа эзэн болцгоосон, хамгийн гол нь их сэтгэл зүтгэлтэй сайхан хамт олон бүрэлдсэн байгаа.
-Өнөөдрийн эдийн засгийн хямралтай үед энэ олон хүнийг ажлаар хангаж, цалин мөнгөтэй байлгана гэдэг бас л нэлээн амаргүй, их ухаан зарж багагүй хөдөлмөр шаардсан ажил санагдаж байна шүү?
-Үнэндээ амаргүй нь амаргүй. Гэхдээ энэ сайхан хамт олондоо би л ажил олгохгүй юмуу, би зүгээр суучихвал энэ олон хүний ар гэр хэцүүднэ шүү дээ. Хамгийн багаар бодоход энэ 24 хүний ард 100 гаруй хүн эднийхээ гарыг хараад сууж байгаа. Гэр бүл үр хүүхэд нь эднийгээ л харж байгаа шүү дээ. Тэгэхээр би л оройтож унтаж, өглөө эрт босч байнга эрэл хайгуул хийж эднийгээ ажилтай, цалин мөнгөтэй байлгахгүй бол болохгүй. Энэ бүхнийг бодохоор би амарч зугаалах завгүй, байнга шинийг эрэлхийлж маш их хөдөлмөрлөх ёстой болж байгаа юм.
-Өнгөрсөн хугацаанд дуучин Б.Болдын хувьд хөгжим хэрэгслээ ачиж аваад Монгол орныхоо хаагуур хаагуур явж, хэдэн удаа тоглолт хийсэн бол?
-За яг хэдэн удаа тоглолт хийснийг барагцаалахад ч хэцүү. Ямар ч гэсэн Монгол орноо хоёр тойрсон байна лээ. Эх орноо хоёр тойрохдоо 150 гаруй сумын ард иргэдэд дуу хоолойгоо хүргэсэн байдаг юм. Түүнээс гадна Монгол бөхийн өргөөнд таван удаа таван өдрийн тоглолт хийж байлаа.
Энэ бүх хөдөлмөрийг минь төр засгаас үнэлж Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан хэмээх энэ эрхэм хүндтэй цол тэмдгээр шагнасанд их баярлаж явдаг. Өнгөрсөн таван жилээ эргээд дурсахад багагүй хөдөлмөрлөсөн байдаг ч энэ нь миний хувьд зөвхөн эхлэл гэж боддог. Надад хийх ажил, амжуулж бүтээх үйлс маш их байгаа. Одоогоор би цэл залуу байна, цаашид зөндөө олон жил маш их ажил амжуулна гэсэн зорилготой явна.
-Нээрээ дуучин Б.Болд цэл залуу хүн гэхэд энэ их ажлыг хэрхэн яаж амжуулж ирсэн нь сонин байна?
-Багаасаа ажлын амтанд орчихсон гэхүү дээ. Завсаргүй ажилтай, хөдөлмөрлөж л байвал сайхан санагддаг. Жаахан л ажилгүй дэл сул цаг гарахаар нэг л бачимдаад уур хүрээд явчихдаг юм. Ер нь хүн завгүй хөдөлмөрлөж, ажлынхаа үр шимийг хүртэж, олонтойгоо бужигнаж л явбал улам эрч хүчтэй, баяр хөөртэй байдаг юм шиг санагддаг. Ер нь олон хоног амарч үнэхээр чаддаггүй. Үсрээд л хоёр юмуу гурав хоног амарчихвал нэг л сонин болоод өөрийн эрхгүй бачимдаад эхэлдэг юм.
-Дуучин Д.Найдандорж, Я.Гэрэлчулуун, Э.Чинбаяр та дөрвийн дуулсан “Нөхөрлөлийн дуу” гээд нэг сайхан дуу байдаг. Ер нь эрчүүдийн нөхөрлөлийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Тийм. Ер нь эрчүүд бие биендээ тус дэмтэй, хэрэгтэй цагт дэргэд нь байж нөхөрлөвөл нөхөрлөсөн шиг нөхөрлөх хэрэгтэй л гэж бодож, түүнийгээ ч сахиж явдаг. Миний хувьд найз нөхдийнхөө бүгдийнх нь тоглолтыг зохион байгуулж, хөгжим хэрэгслээр нь хангаж ирлээ. Бидний үеийнхэн нэг үеэ бодвол ард түмэндээ танигдаж, тодорхой хэмжээний уран бүтээлчид болцгоочихлоо. Таван жилийнхээ ойн дараа продакшн дээрээ шинэ залуу дуучдыг гаргаж ирэх, уран бүтээлийнх нь продюссер хийх санаа бодол байгаа. Мэдээж сургуульд нь сурч мэргэжлийг нь эзэмшсэний хувьд өөрөө цаашдаа ч дуулах хэдий ч хажуугаар нь хийх ажил их байна.
-Дуурийн дуучин хүн зохиолын дуу дуулаад явахаар хоолойны өнгө, тембр алдагддаг тал байна уу үгүй юу, энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Тухайн дуучин өөрөө л байнга бэлтгэл дасгалаа таслахгүй, багш дээрээ очиж гамм дасгалаа тогтмол хийгээд явбал сүйдтэй нөлөөлөх зүйл байхгүй л гэж боддог. Хамгийн гол нь дуурьт дуулна гэдэг хэр баргийн аавын хүүгийн хийдэг ажил биш л дээ. Уг нь миний хувьд дуурь талдаа тун гайгүй байсан гэж боддог. Яагаад гэвэл Ерөө багш минь “Миний хүү заавал дуурийн дуучин болоорой” гэж байнга захидаг байсан ч амьдрал өөрөөр шийдчихсэн гэхүү дээ. Гэхдээ би 2018 оны нэгдүгээр сард “Амьдрал” тоглолтоо хийчихээд дараа жил нь сонгодог тоглолт хийхээр бэлтгэлдээ ороод явж байгаа. Өнөөдөр хүртэл багш дээрээ очиж гамм уншиж уншиж ирж байна.
-Уучлаарай. Жаахан эвгүй асуултын хариуг уншигчид сонирхож байгаа нь дамжиггүй. Гэр бүлийнхээ хүн болох дуучин Э.Чулуунчимэгтэй учир зүйгээ ололцсон уу?
-Энд эвгүйцэх шаардлага байхгүй дээ. Хүний л амьдрал хойно алдаатай оноотой байдаг юм байна. Бид хоёрын хувьд хоёр тийшээ болоод жил таван сар болчихлоо. Одоо ч гэсэн учир зүйгээ олоогүй л явж байна. Тус тусдаа амьдрал ахуйгаа наана цаана гээд л явж байна. Товчхондоо учир зүйгээ олоогүй, хойшид ч яах эсэх нь тодорхойгүй байгаа.
-Та хоёр уг нь хөөрхөн охинтой юм билээ?
-Тийм. Миний хөөрхөн охин чинь одоо удахгүй таван нас хүрэх нь. Охин минь таван нас хүрч байна, бас манай таван жилийн ой болж байна, маргааш /өнөөдөр/ ирэх байлгүй дээ.
-Таван жилийн ойн тоглолтод дуучин Э.Чулуунчимэг оролцох уу?
-Орохгүй. Цаадах чинь 11, 12, 13-нд гурван газар тоглолттой юм билээ.
-Энэ тоглолтын араас залгаад ямар ямар ажил хүлээж байгаа бол?
-Өө зөндөө ажил байгаа. Дуучдын тоглолтыг зохион байгуулах, ойн арга хэмжээнүүдэд оролцох, кино, телевизийн нэвтрүүлэг гээд ажил ундарч өгнө.
-За маргаашийн /өнөөдрийн/ чинь тоглолтод их амжилт хүсье. Бид хоёрын ярилцлага өндөрлөж байна?
-За таван жилийн тоглолтын маань өмнө хэрэг болгон зорин ирж сайхан ярилцсан танд гялайлаа. Эцэст нь “Өглөөний сонин”-ы уран бүтээлчддээ ажлын их амжилт хүсэхийн ялдамд эрхэм уншигчдад нь энэ өдрийн мэнд дэвшүүлж нэгэн оройг уйдахгүй сайхан өнгөрүүлэх манай тоглолтыг хүрэлцэн ирж үзээрэй гэж урьж байна. Их баярлалаа.
Эх сурвалж:
Б.Болд: Завсаргүй ажилтай, хөдөлмөрлөж л байвал сайхан санагддаг
0
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.