Энэ мэдээ хуучирсан буюу 2017/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Залуусын гуравны нэг нь архи, тамхи хэрэглэдэг” гэв

“Залуусын гуравны нэг нь архи, тамхи хэрэглэдэг” гэвМ.БААСАНДЭЛГЭР

“Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яам”-ны дэмжлэгээр, “Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар”, аймгуудын “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар”, “Залуучуудын хөгжлийн төвүүд”, “Монголын залуучуудын холбоо”, “Залуучуудын үе тэнгийн холбоо”, “Өсвөр үе, залуучуудад ээлтэй клиник” зэрэг байгууллага хамтран “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аяныг зохион байгуулж байна. Тус аянд хот болон орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан, залуус хамрагдаж байна.

Үндэсний статистикийн газрын 2016 оны судалгаагаар Монгол Улсын нийт хүн амын 34.6 хувийг залуучууд эзэлдэг. Нийт залуучуудын гуравны нэг нь архи, тамхи хэрэглэдэг, эсвэл жингийн илүүдэлтэй. Мөн шийтгэгдсэн иргэдийн 75 хувь нь, ДОХ/ХДХВ-ын халдвар авсан иргэдийн 41.2 хувийг 18-30 хүртэлх насны залуучууд эзэлдэг байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн 57.2 хувь, гэмт хэргийн хохирогчдын 50 хувь, осол гэмтэл, гадны нөлөөнөөс нас барагсдын 57.3 хувь нь залуучууд байдаг аж. Тиймээс оюутан, залуучуудыг эерэг хандлагад уриалж, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх арга замыг сурталчилан таниулах зорилготой тус аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх “Хүүхдийн төлөө газар” нь, “Гэр бүл хүүхэд залуучуудын газар” болоод нэг жил болж байна. Энэ үйл ажиллагааг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Учир нь залуучуудад хамааралтай олон тоон мэдээллийг үзэхэд тэд хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Хатуухан хэлэхэд одоогийн залуус айл гэр болж тоглож байна. Тэд гэр бүл төлөвлөх, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдээлэлтэй байх ёстой. Гэтэл тэдэнд мэдээлэл өгөх суваг, мэдээлэгч байхгүй байна. Тиймээс шууд залуусыг буруутгаж болохгүй. Энэ жилийн хувьд залуусын дундах хорт, муу зуршлыг хязгаарлах чиглэлээр ажиллаж байна. Архи, тамхины хэрэглээ өндөр байгаагийн хажуугаар хар тамхины хэрэглээ нэмэгдсэн гэх ноцтой мэдээлэл байгаа. Иймээс эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөх, хандлагыг нь өөрчлөх хэрэгтэй. Ялангуяа сүүлийн үед жингийн илүүдэлтэй залуус олширч байна. Энэ нь олон өвчлөлийн суурь болдог. Энэ мэтчилэн асуудлуудыг хөндөж, залууст мэдээлэл өгөх зорилгоор энэ аяныг зохион байгуулж байна” гэв.

Өчигдөр сургалтад “Отгонтэнгэр” их сургуулийн оюутнууд хамрагдсан ба тэдэнд муу зуршил, нийгмийн сөрөг хандлага, нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг олгосон юм. Тус сургуулийн сэтгэл судлалын ангийн I дамжааны оюутан Э.Мөнхтуяа “Би хоёр жил тамхи татаж байна. Тамхинаас гарах хэрэгтэй гэж мэддэг ч гардаггүй. Хүн өөрөө тамхи татахгүй гэж шийдвэл гарч чадах байх” гэлээ, Мөн тус сургуулийн олон улсын худалдааны IV дамжааны оюутан Х.Ганбат “Би зургаан жил тамхи татаж байна. Архи уудаггүй. Баярын өдрүүдээр л уудаг. Өөр муу зуршил байхгүй” гэж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

\
\"Чимээгүй байх тоглоом\"
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.