Энэ мэдээ хуучирсан буюу 2017/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Шижир: Автобусны мөнгөгүй алхах үе олон байсан ч шантраагүй

 

XXI зуун бол мэдээллийн зуун. Тэр ч утгаараа өдрөөс өдөрт хүчээ аван хөгжиж буй мэдээлэл технологийн салбарыг сонирхох залуусын тоо нэмэгдсээр байна. Үүний төлөөлөл болгож интернет кафегаас ажлын гараагаа эхэлж, Монголдоо хамгийн томд тооцогдох веб сайтыг үүсгэн байгуулсан, мөн Монголын хамгийн анхны 3D анимэйшн хүүхэлдэйн киног бүтээж чадсан “Том Амжилт” ХХК-ийн захирал Ж.Шижиртэй ярилцлаа. Тэрбээр Мэдээллийн технологи, медиа салбарт Дэлхийд тэргүүлэгч Монгол компани байгуулахаар ажиллаж байгаа юм. Тиймээс түүний бизнесийн талаар яриа өрнүүллээ.

-ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ ЗАЛУУСЫГ БҮХ ТАЛААР НЬ ДЭМЖИЖ АЖИЛЛАХЫГ ХИЧЭЭДЭГ-

-Юуны түрүүнд та өөрийгөө болон өөрийнхөө ажлын талаар товчхон мэдээллийг уншигчдад маань өгөхгүй юу?

-Намайг Жаргалсайханы Шижир гэдэг. Би мэдээлэл технологийн салбарт ажиллаад 10 гаруй жил болж байна. Анх 2007 оноос эхэлж Amjilt.com сайтынхаа үйл ажиллагааг эхлүүлж байсан. Харин 2010 оноос эхлэн “Том-Амжилт” ХХК-ыг байгуулан өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Үнэнийг хэлэхэд, Манай компанийн өргөжин дэвших явц тийм ч шулуун дардан байгаагүй. Удаан хугацаанд шат дараалалтайгаар бий болсон. Одоогоор бид Amjilt.com, news.amjilt.com, shop.amjilt.com сайтуудыг ажиллуулж, Вэб сайт, Видео реклам, Дизайн, IOS, Android апп хийх үйлчилгээ болон вэб дизайн, 3D мултимедиа анимейшн, Интериер Экстриер дизайн, График дизайн, Апп хөгжүүлэгч гэх таван чиглэлээр чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэж зах зээлд нийлүүлдэг. Мөн Амжилт Мэдээлэл Технологийн Академийг байгуулан ажиллаж байна.

-AMJILT.COM сайт ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

-Зарим хүмүүс манайхыг мэдээллийн сайт гэж ойлгоод байдаг. Тийм биш. Мэдээний сайт маань news.amjilt.com гээд тусдаа байгаа. Харин манай Amjilt.com нь онлайн контент худалдааны платформын зорилго нь онлайнаар контент худалдах, худалдаж авах, түгээх, мэдээлэл контентоо солилцох, худалдаалах, харилцан суралцах таатай нөхцөлийг бүрдүүлдэг харилцааны талбар юм. Жишээлбэл, багш нар манай сайтад хичээлээ оруулаад оюутнууд нь тэр хичээлийг харах боломжтой бөгөөд оюутнуудад таатай орчинд мэдлэг эзэмших боломжийг олгодог. Энэ сайтаа хөгжүүлэхэд багагүй хугацааг зарцуулсан. Өнөөдөр 10 мянган хэрэглэгчтэй болчихсон байна. Ирэх намраас МУБИС дээр төвлөрч багш оюутнуудад санал болгон хамтарч ажиллахаар төлөвлөж байна.

“Амжилт” академийнхаа талаар танилцуулаач. Интернетийн эрин үед залуучууд их сонирхох байх?

-“Том Амжилт” ХХК-ийн дэргэдэх Амжилт Академи юм. Манай академи нь график дизайн, вэб дизайн, 3D анимэйшн мультимедиа, 3D автокад зэргээр элсэлт авч залуучуудыг сургадаг. Манай сургалт гурван сарын туршид залуучуудад практикт тулгуурласан мэдлэгийг олгодог. Маш олон залуучууд манай сургалтын төвийг төгсөж, ажилтай, орлоготой, зорилготой болсон. Би залуучуудаа өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй байвал бүх талаар нь дэмжиж ажиллахыг боддог. Тиймдээ ч манай компанийн бүх ажилчид залуу хүмүүс байдаг. Мөн ихэнх нь манай академийн төгсөгчид байдаг.

-АВТОБУСНЫ Ч МӨНГӨГҮЙ АЛХАЖ ЯВСАН ҮЕ НАДАД ОЛОН БАЙСАН-

-Та ямар мэргэжилтэй вэ. Багш гэж сонссон юм байна. Үнэн үү?

-Тийм ээ. Үнэн. Би Математикийн багш мэргэжилтэй.

-Багш хүн яагаад энэ салбартай холбогдох болов?

-Би багаасаа тоо бодох сонирхолтой, тоондоо их сайн байсан. Бүр ирээдүйд математикийн багш болно гэж мөрөөддөг байсан. Тэр мөрөөдлөө ч биелүүлсэн. Гэхдээ яг багшаар бол ганцхан жил ажилласан. Би залуу хүн надад багшаа хийгээд явахаар ирээдүйд би тийм мундаг болно гэсэн итгэл үнэмшил харагдахгүй байсан. Тиймээс энэ салбарыг сонирхож эхэлсэн. Анх арван жилд компьютерын хичээл ороход нэг компьютер дээр 3-5 таван хүүхэд суугаад асааж, унтраах зэрэг энгийн зүйлийг заалгадаг байсан. Тэр мэдлэгээсээ эхэлж хичээж эхэлсэн. Тэгээд оюутан байхдаа интернет кафед сууж вэб сайт хийж сурсан. Дараа нь сургуулиа төгсөөд найзуудтайгаа нийлж вэб сайт хийдэг компани байгуулсан. Хэдэн сар ямар ч ажил авахгүй явж үзсэн ч шантралгүй зүтгэсээр өнөөдрийн энэ төвшинд хүрсэн дээ.

-Мэдээж энэ хүртэл явахад шантрах үе зөндөө л байсан байх?

-Шантрах үе зөндөө байсан. Автобусны ч мөнгөгүй алхаж явсан үе надад олон байсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл ингэж хичээчихээд ингээд больж болохгүй, би чадна гэж өөрийгөө зоригжуулж байсан. Би нэг зүйлд зорьсон л бол заавал эцсийг нь үзэж байж санаа амардаг. Тэр зан намайг энэ хүртэл авч ирсэн байх гэж боддог.

-Яг одоо таны удирдлага дор хэдэн хүн ажиллаж байна?

-Нийт 47 хүн бий.

-Та ажилчдаасаа юуг хамгийн ихээр шаарддаг вэ?

-Би бусад газрууд шиг нарийн шаардлага тавиад л чи яг тийм юм хийх ёстой, тэдэнд цагт ирэх ёстой гэх мэт шаардлагыг ажилчиддаа тавьдаггүй. Хөдөлбөл хөлс гэдэг шүү дээ. Тиймээс манайд хэн эрт ирж, хэр их хөдөлмөрлөнө тэр чинээгээр цалингаа авна гэдэг шударга зарчим үйлчилдэг. Тэр ч утгаараа манай ажилчид хэнээр ч хэлүүлэлгүй ажлаа сайн хийдэг.

-БИДНИЙ КИНО ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРЧ, МОНГОЛЫНХОО НЭРИЙГ ГАРГАНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА-

-Та яг одоо ямар ажил дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

-Яг одоо бол хоёр жилийн турш хийсэн ажлаа дүгнүүлэх гээд л бэлтгэл ажлаа хийж байна даа.

-Тэр нь ямар ажил юм бэ?

-Манай график студийн залуучууд бүтэн хоёр жилийн туршид “МОРА” хэмээх Монголын анхны бүрэн хэмжээний 3D анимейшн хүүхэлдэйн киног үзэгчдэд зориулж хийж дуусгалаа. Энэ сарын 20-нд киноныхоо нээлтийг хийхээр бэлтгэл ажилдаа орчихсон байна.

-Та энэ киногоороо юуг харуулахыг зорьсон бэ?

-Гол нь хүн өөрчлөгдөх боломжтой гэсэн санааг харуулахыг зорьсон. Нэг юмны нууцыг тайлах явцдаа хосууд бие биедээ хайртай болдог, инээдмийн талдаа адал явдалтай кино. Бүх насныхан үзэх боломжтой.

-Киноны нэрний тухайд?

-Гол дүрийн баатар маань нисдэг робот байгаа юм. Хүүхэлдэйн кинонуудад зохиомол нэр өгсөн байдаг. Тиймээс би нисдэг морины морь гэдгийг жаахан өөрчлөөд “Мора” гэж нэрлэсэн.

-Энэ төрлийн кино хийх санаа хэзээ төрсөн бэ?

-Хүүхэлдэйн кино хийх миний багын мөрөөдөл байлаа. Тиймээс хоёр жилийн өмнө зориглож киноныхоо ажлыг эхлүүлсэн. Дахиад ч олныг хийнэ. Тэгээд дэлхийн зах зээлд гаргана гэсэн бодолтой байгаа. Мэдээж эхний кино маань холливүүдэд очоод бут авахгүй л дээ. Гэхдээ тун удахгүй бидний хийсэн кино дэлхийн зах зээлд гарч, Монголынхоо нэрийг гаргана гэдэгт итгэлтэй байна.

-Монголын хүүхэлдэйн кино гэж сонсож байгаагүй юм байна. Бараг анхны хүүхэлдэйн кино юу?

-Өмнө нь улсын төсвийн санхүүжилтээр хүүхэлдэйн кино эхлүүлж байсан газар олон юм билээ. Гэхдээ яг бүрэн хэмжээний кино хийж дуусгасан нь манайх болж байна.

-Дараагийн киноныхоо санааг бодсон уу?

-Дараагийн хүүхэлдэйн киногоо Монгол ардын үлгэрийн баатруудтай хийхээр төлөвлөж байна. Одоогийн байдлаар Хөхөө Намжил, Цуутын цагаагч гүү, Болдоггүй бор өвгөн гээд 60 үлгэрийн баатар олчихоод байна. Бид өөрсдийн боломж дээр тулгуурлан тодорхой хэмжээний туршлага хуримтлууллаа. Дараагийн кино маань илүү богино хугацаанд илүү сайн кино гарна гэдэгт итгэлтэй байна.

-ИХ АЖЛЫН ХАЖУУГААР ГЭР БҮЛДЭЭ ЦАГ ЗАВ ГАРГАХЫГ ХИЧЭЭДЭГ-

-Өнөөдрийн нийгэмд яг тань шиг мөрөөдлөө биелүүлж, амжилтад хүрэхийг хүсдэг залуучууд маш олон байдаг. Гэхдээ яаж гэдгээ мэддэггүй. Тэдэнд хандаж зөвлөгөө өгөхгүй юу?

-Хамгийн гол нь том зорилготой, тэрнийхээ төлөө юунд ч бууж өгөхгүйгээр тууштай тэмцэх сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй. Алдсан алдаанаасаа суралцаад цааш алхах зоригтой байх хэрэгтэй. Гэхдээ, Манай залуучуудын хамгийн буруу бодол нь шууд л том үсрэлттэй зүйл хийх, маш хурдан хугацаанд баяжихыг хүсдэгт байгаа юм. Гэнэт нэг том вэб хийгээд сая доллартой болно гэсэн америк мөрөөдлөө хаях хэрэгтэй. Бид дэлхийн тэрбумтан, баячуудын түүхийг хангалттай уншдаг. Гэхдээ тэр хүн баяжихаасаа өмнө ямар урт замыг туулж тэр өндөрлөгт хүрсэн талаар судалдаггүй. Альбаба IPO гаргаад тэрбумтан болсон талаар уншиж хорхойгоо хүргэж байхаар тэр хүн баяжих хүртлээ ямар удаан хугацаанд, ямар хүнд замыг туулж тууштай явсныг нь бодох хэрэгтэй.

-Таны хэтийн зорилго юу вэ?

-Одоо хийж буй анимейшн хүүхэлдэй, вэб сайт хоёртоо маш том амжилт гаргахыг хүсдэг. Том амжилт гэдэг нь эхлээд дотооддоо дараа нь дэлхийн зах зээлд гарах. Одоо бид зөвхөн энэ шугамаа бариад явахад амжилтад хүрнэ. Учир нь манай улсад технологийн салбар хөгжиж байна, манай компани ч эхэлж байна. Энэ салбар бол аажмаар унаж буй бусад салбаруудаас огт өөр.

-Таны баримталдаг зарчим юу вэ?

-Эхлүүлсэн бол дуусга. Заавал үр дүнг нь үз гэдэг зарчмыг баримталдаг.

-Та хэнээс юунаас эрч хүч энерги авдаг вэ?

-Найзуудаасаа л хамгийн их эрч хүч энерги авдаг даа.

-Та ямар үед хамгийн аз жаргалтай байдаг вэ?

-Найзуудтайгаа хамт байхдаа.

-Таны амьдралаас авсан хамгийн том бэлэг?

-Энэ хорвоод хүн болж төрсөн минь л хамгийн том бэлэг байхдаа.

-Хамгийн сайн хийдэг зүйл?

-Бусад хүмүүстэй харьцуулахад аливаа зүйлийг тунгаан бодох чадвар илүү юм болов уу.

-Хамгийн их эмзэглэж явдаг зүйл?

-Асар их боломжоо ашиглаж чадахгүй байгаадаа эмзэглэж явдаг.

-Таны давуу тал болон сул тал?

-Давуу тал нь эхэлсэн зүйлээ заавал дуусгаж чаддаг. Сул тал нь хэтэрхий өөрийхөөрөө зүтгэдэг байх.

-Та чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Найзуудтайгаа уулзаж юм ярьж суух.

-Юунаас хамгийн их айдаг вэ?

-Дэлхий даяар Шижир гэдэг хүнийг мэдэхгүй би үхвэл яаанаа гэхээс айдаг

-Энэ их ажлын хажуугаар гэр бүлдээ цаг зав гаргахад хэцүү байх. Ер нь хэр сайн аав бэ?

-Ажлын шаардлагаар өглөө гараад л орой харьдаг болохоор сайн аав бол биш байх өө. Гэхдээ аль болох л гэр бүлдээ цаг зав гаргахыг хичээдэг.

-Хэрэв цаг хугацааг буцаах боломж олдвол аль цаг үед очиж юуг өөрчилмөөр байна?

-Бүх зүйлээ сайтар тунгааж хийсэн учраас одоохондоо буцах бодол алга.

Т.Гэрэл

МЭНДЧИЛГЭЭ
МЭНДЧИЛГЭЭ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.