Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачилж, өргөн мэдүүлсэн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг УИХ саяхан баталсан. Энэхүү хууль нь залуучуудын эрхийг хамгаалсан хууль эрхзүйн зохицуулалт байхгүй үед залуучуудад зориулсан анхны хууль болж батлагдсанаараа ихээхэн онцлогтой юм. Хууль 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Хууль батлагдсанаар цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан бөгөөд их, дээд сургуульд суралцах болзол хангасан залуучуудыг Боловсролын зээлийн сангаас олгож буй оюутны хөгжлийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах, залуучуудын оролцоог бүхий л түвшинд хангах, залуучуудын төлөөллөөс бүрдсэн үндэсний болон салбар зөвлөл байгуулах, оюутан, суралцагчид харъяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн даатгалд нэгдсэн журмаар хамруулах, залуучуудыг хөгжих орчин нөхцөлөөр хангах, залуучуудын хөгжлийн төвүүдийг байгуулах, хувийн хэвшлийн байгууллагад оюутны цагийн ажлын орон тоо гаргах/ 100 ба түүнээс дээш ажилтантай компани ажилтныхаа 5 хувьтай тэнцэхүйц цагийн ажлын орон тоо гаргах, залуучуудыг хүмүүнлэгийн болон сайн дурын ажилд хамруулах, үнэлэх тогтолцоо бий болгох, сайн дурын ажил, залуучуудын орлоготой нийцсэн уян хатан төлбөрийн нөхцөлөөр орон сууц худалдан авах, түрээслэх, залуу гэр бүлийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг олон давуу тал бий болж байгаа юм.
Тиймээс Залуучуудад зориулсан анхны хуулийн талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонслоо.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Залуучуудад зориулсан хууль анх удаа батлагдан гарч байгааг ихэд сайшааж байна. Энэ хууль батлагдсанаар залуучуудад зориулсан төрөөс баримтлах бодлогыг амьдрал дээр хэрэгжүүлэх хууль эрхзүйн механизм бүрдэж байгаа юм. Жишээ нь, Залуучуудын хөгжлийг дэмжсэн сангууд байгуулагдана. Ажлын байр нэмэгдэнэ. Тодруулбал, хуулинд аж ахуйн нэгжүүд оюутан залуусыг түр ажлын байраар хангаж, байгууллаууд ажилчдынхаа 5 хувьд оюутан залуусыг ажилд оруулна гэж тусгасан байна лээ. Энэ бол маш дэвшилттэй алхам. Тиймээс жил бүрийн чиглэл бодлогодоо залуучуудын орон сууцны хөтөлбөр, сургалт гэх мэт зүйлийг тусгаж, явах хэрэгтэй”
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Аливаа улс үндэстний ирээдүйн залгамж халаа нь залуучууд байдаг. Тиймээс залуу үедээ хэдий чинээ анхаарал, халамж тавина тэр чигээрээ зөв төлөвшиж, тэр хэмжээгээ улс орны хувь заяа тодорхойлогдоно. Тиймээс залуучууд руу чиглэсэн анхны хууль батлагдсан нь зөв алхам. Хууль батлагдлаа. Одоо залуу хойч үедээ тавих анхаарал улам нэмэгдэж, зөв төлөвшлийг бий болгоход ихээхэн ач холбогдолтой болсон”
УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат “Залуучуудын хууль батлагдлаа. Нэн түрүүнд залуучуудын хөгжлийг дэмжих сан байгуулагдана. Залуучуудын дунд ажилгүйдэл их нэмэгдэж байна. Тиймээс энэ цаг үед энэ хууль батлагдсан нь ажилгүйдлийг бууруулах ач холбогдолтой. Хуучин залуучуудын асуудал аль нэг яам, агентлаг, газрын журам заавраар зохицуулагддаг байсан бол одоо Залуучуудын хөгжлийг дэмжих хуулиараа тодорхойлогдож, шийдэгдэх давуу тал үүсч байна. Цагаа олсон хууль батлагдсан”
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Залуучуудад зориулсан сангууд бий болно. Орон сууцны асуудлыг шийдэх гарц гаргалгаанууд хуулийг зохицуулагдахаар боллоо. Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг нь 35 хүртэлх насны залуучууд байдаг. Эдгээр залуус улс хөгжих хамгийн том бодит хүчин зүйл. Тэгэхээр эх орны хөгжлийг түүчээлэн авч яваа залуучуудад зориулсан хууль батлагдсан нь яах аргагүй зөв алхам юм. Одоо харин сайн сайхан хэрэгжээсэй гэсэн хүлээлттэй байна”
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Залуучуудад зориулсан тусгайлсан хууль байсангүй. Одоо харин бий болсон нь мэдээж том алхам. Залуучуудыг хуультай болгоно гэж ярьж байсан хэрэгжиж байгаагүй. Одоо л батлагдаж байна. Тэгэхээр том алхам гэж харж байна. Манай залуу гишүүд үүнийг маш сайн хууль боллоо гэж үнэлж байна. Мэдээж залуучууд асуудлаа сайн мэдэж байгаа. Залуучуудад тулгараад буй асуудлуудыг судалж байж хуулиа баталсан. Тиймээс сайн хууль болсон гэж үзэж байна. Гэхдээ хэр сайн хууль болсон гэдэг нь хэрэгжээд эхлэхээр мэдэгдэнэ. Мэдээж анхны хууль учраас учир дутагдалтай байж болзошгүй. Түүнийг дор бүр нь засч залруулаад явах ёстой”
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Залуучуудын эрх ашгийг хамгаалах чиглэлд ахиц дэвшилттэй зүйл болсон. Хуулийг хэрэгжүүлэхэд төр засгаас авч хэрэгжүүлэх ёстой арга хэмжээнүүдийг цаг хугацаанд нь хэрэгжүүлж, бодлого шийдвэртэй тусгаж явах хэрэгтэй. Энэ хууль батлагдсанаар залуучуудын өмнө тулгарсан эрүүл мэнд, нийгэм, боловсролын асуудлыг шийдээд явах боломжтой боллоо гэж харж байна”
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Залуучуудын хууль аль ч улс оронд байдаг. Залуу хүний эрхэмлэх зүйл юу байдаг, төрөөс ямар бодлогоор, ямар эрхзүйн орчныг бүрдүүлж дэмжих юм гээд бүгдийг нь шийдэхийн тулд зайлшгүй байх ёстой хууль. Тэр утгаараа Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийг баталсан нь зөв. Гэхдээ учир дутагдалтай зүйл харагдаж байгаа. Түүнийг засч залруулаад явах ёстой. Тухайлбал, залуучууд ихэнх нь мөнгө санхүүгийн боломжгүйгээс аав ээжийнхээ гэрийг бараадан амьдарч байна. Тиймээс энэ асуудлыг энэ хуулиар, төрөөс яаж зохицуулах юм тэр бүхнээ тодорхой байлгаж, зөв хэрэгжүүлэх хэрэгтэй”
УИХ-ын гишүүн Г.Занданшатар “Монгол Улс бол залуучуудын орон. Нийт хүн амын 70 орчим хувь нь 35 хүртэлх насны залуучууд байдаг. Хүн амын хөдөлмөрийн насны цонх нээгдсэн үе гэж нэрлэдэг юм. Ийм үед залуучуудыг хөгжүүлэх, мэдлэгжүүлэх, эрүүлжүүлэх, боловсрол мэдлэгийг нь сайжруулах, бялдаржуулах гээд цогц бодлого бол төрийн бодлогын гол цөмд байх ёстой. Тиймээс Залуучуудын хөгжлийн тухай хууль бол залуучуудын хөгжиж дэвших, Монгол Улсын ирээдүйн гол тулгуур болж байна” гэлээ.
МУИС-ийн 1-р курсын оюутан Б.Отгонтуяа "Залуучуудад зориулсан хууль батлагдсан гэж сайтаас мэдээлэл уншсан. Яг ямар хууль батлагдсан талаарх хуулийн эхийг нь олж хараагүй л байна. Гэхдээ сайтаас уншсан мэдээллээс харахад оюутнуудын цагийн ажилд буюу түр ажлын байраар хангана гэсэн байсан. Мэдээж энэ нь маш их таалагдсан. Оюутан залуус зуны амралтаараа юу хийх үү хаанаас ажил олох уу гэж их боддог. Гэтэл оюутнуудад түр ажлын байр гаргаж өгнө гэдэг бол залуучууд руу чиглэсэн маш том алхам гэж би хувьдаа дүгнэж байна. Залуучууд руу чиглэсэн өөр ямар ямар ажил хийгдэх бол гэсэн маш том хүлээлттэй байгаа шүү"
Баянзүрх дүүргийн иргэн 10 дугаар хорооны иргэн О.Ханд "Залуучуудад зориулсан хууль батлагдсаныг их зөв алхам боллоо гэж харж байгаа. Энэ хуулиар залуучуудыг орон сууцжуулах асуудалд анхаарна гээд байсан. Залуу гэр бүлүүдийн дунд хамгийн их тулгараад байгаа асуудал бол яах аргагүй орон сууц. Тэгэхээр энэ хуулиар биднийг орон сууцжуулах асуудлыг шийдээд явбал үүнээс илүү сайн ажил гэж юу байх вэ дээ." гэв.
Б.Чимэг