Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Амарбат: Хавдар үүсэх гол шалтгаанд тамхины хэрэглээ ордог

Б.Амарбат: Хавдар үүсэх гол шалтгаанд тамхины хэрэглээ ордогХСҮТ-ийн дурангийн төвийн их эмч, анагаах ухааны магистр Б.Амарбаттай ярилцлаа.
 
-Хүмүүсийн дунд улаан хоолой үрэвссэн үед ходоодоо дурандуулж болохгүй гэсэн ойлголт байна. Энэ талаар яриагаа эхэлье?
 
-Судалгаагаар газар зүйн бүсийн хувьд Зүүн Ази буюу Солонгос, Япон, Төв Азид Монгол, Казахстан, Киргизстан, Латин Америк, Төв Америкийн улсуудад хавдрын өвчлөл өндөртэй. Нас баралтаараа Монгол тэргүүлж байгаа. Өндөр байгаа шалтгааныг судлахад хоол, ундны соёлтой холбоотой. Дэлхий дээр улаан хоолой, ходоодны дурангийн шинжилгээг хийдэг болоод 50 жил болж байна. Анх Япон улсад дэлгэрсэн. Улаан хоолой, ходоод буюу хөндийт эрхтэнийг харах хамгийн төгс шинжилгээний арга. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд улаан хоолой, ходоодыг дурандуулснаар шарх үүсэх, гэмтэх гэсэн ойлголт байдаг. Энэ нь маш буруу ойлголт. Дурангийн шинжилгээний дараа янз бүрийн эмгэг өөрчлөлтүүд үүсдэггүй. Харин эсрэгээрээ улаан хоолой, ходоодны эрт үеийн хавдрыг оношлох хамгийн төгс шинжилгээний арга юм. Улаан хоолой, ходоодны шарх гэдэг ойлголт өмнө нь өвчтөнд өөрт нь байсан. Тиймээс ходоодны шархтай, удаан хугацаанд энэ нь эдгээгүй явж байгаа гэсэн  үг. Ер нь улаан хоолой, ходоодны шархтай үед дурандуулахад эсрэг заалт байхгүй. Хавдрыг заавал дурангийн шинжилгээгээр илрүүлж байж эмчилгээний аргыг сонгоно.
 
-Тэгэхээр өөрийгөө шархтай гэж мэддэг хүн  дурандуулахдаа айх хэрэггүй юм байна?
 
-Тиймээ, энэ нь тухайн өвчтөний дурандуулахад өвдөх вий, сэдэрчих вий гэсэн зохиомол айдас юм. Харин эсрэгээрээ тэрийг оношилж, эмчлэх нь хамгийн чухал арга.
 
-Энэ жил ходоодны хорт хавдрыг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх аяныг өрнүүлсэн байгаа. Энэ талаар?
 
-Ходоодны хавдар гэхээр улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэс гээд хоол боловсруулах нэг хөндийт эрхтэнийг хамтад нь заавал ярих ёстой. Манайд улаан хоолой, ходоодны хавдар дээгүүр байр эзэлдэг. Дэлхий дээр ч хеликобактер их яригдаж байгаа. Энэ нь хорт хавдартай өвчтөнүүдэд хийсэн судалгаагаар 90 хувьд нь хеликобактерийн халдвар илэрч байсан. Тиймээс ходоодны хорт хавдрыг үүсгээд байгаа гол шалтгаан нь хеликобактер байж болох юм гэсэн судалгааны дүгнэлтүүд одоо ч гарсаар байна.
 
-Хеликобактер ходоодны хорт хавдар үүсгэж байгааг нотолсон уу?
 
-Хеликобактерийн халдварыг эрт үед нь илрүүлээд, устгах эмчилгээний аргууд нь дэлхийд гарсан байгаа. Хүүхдүүд ус, ундаагаа дамжуулж уудаг. Монголын хүн амын 90 хувьд нь хеликобактерийн халдвар байгаа учраас хэн нэгний амнаас ус, ундаа уухад энэ нян халдварладаг. Яагаад гэвэл хамгийн гол дамждаг зам нь шүлс байдаг. Солонгост хеликобактерийг устгах хөтөлбөр хэрэгжүүлээд 10 жилийн сургуулийн хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар хеликобактерийн халдварыг таван хувь хүртэл бууруулж чадсан. Тэгэхээр энэ нь ирээдүйд хеликобактерийн халдварын гаралтай ходоодны хавдраас урьдчилан сэргийлэх хөтөлбөр болж байна. Хүн амын 90 хувьд нь хеликобактер байгаа юм чинь хеликобактертай хүн бүр ходоодны хавдар үүсгэх урьтал нөхцөл болох албагүй. Ер нь аливаа хавдрын гол шалтгаан нь дангаараа байдаггүй, олон төрлийн шалтгаан нэгдэж байж тухайн хавдрыг үүсгэдэг. Тухайлбал, хеликобактерийн халдвар дээр тамхи чухал нөлөөтэй. Хоёрдугаарт, давсны хэрэглээ. Тухайлбал, Солонгост кимчи их хэрэглэдэг. Хүмүүс кимчийг халуун ногоо гэж боддог. Гэтэл эсрэгээрээ далайн усны найрлагатай адилхан давс их агуулагдсан байдаг. Тэгэхээр энэ нь хеликобактер үржих таатай орчинг ходоодонд бүрдүүлж өгдөг. Мөн давс нь ходоодны хана, салстыг гэмтээх үйлчилгээтэй. АНУ-д зүрх судасны өвчинд давс өндөр нөлөөтэйг судалсан. Үүнтэй холбоотойгоор иргэд нь давсны хэрэглээг таван граммаас бага хэрэглэхэд зүрх судасны өвчин буурахын зэрэгцээ ходоодны хавдрын өвчлөл нь буурсан байна. Тэгэхээр давс ходоодны хавдарт чухал нөлөө үзүүлдгийг ойлгосон.
 
-Тамхи их татах нь уушгины хавдар үүсгэдэг гэдэг биз дээ?
 
-Эсрэгээрээ улаан хоолой, ходоодны хавдрыг үүсгэдэг гол шалтгаан болж байна. Тамхи олон төрлийн химийн бодисоос гадна үндсэн үйлчилгээ нь ходоодны шүүрлийг ихэсгэдэг. Ялангуяа, залуу охид, хөвгүүд тамхийг их татаж байна. Тамхи татахаар өлсөхөө больдог гэж ойлгодог. Энэ нь үнэн. Яагаад гэвэл тамхи татахаар цусан дахь сахарын хэмжээг ихэсгэдэг учраас зохиомлоор цадчихдаг. Ингэснээр ходоодны хүчил их хэмжээгээр ялгардаг. Ялангуяа, загвар өмсдөг охид тамхи татаж, ус их ууж, хоолны дэглэм барьдаг. Мэдээж хүнд хөдөлмөрийн цаана биеэ сайхан байлгах ойлголт байдаг. Гэтэл эсрэгээрээ өөрийгөө хордуулаад байгаа юм. Яагаад гэвэл энэ хүмүүст шарх үүсэх, хавдрын өвчин ирээдүйд үүсэх хандлагатай. Тиймээс үүнд анхаарах хэрэгтэй. Дараагийн нэг шалтгаан нь сүүлийн үед хэрэглээнд нэвтэрч байгаа даршилсан бүтээгдэхүүн, ногоо. Урбанекийн өргөст хэмх, төрөл бүрийн ногооны зууш, даршилсан жимснүүд байна.
 
-Хавдраас урьдчилан сэргийлэхэд жимс, ногоо сайн идэхийг эмч нар зөвлөдөг шүү дээ. Тэгэхээр одоо яана гэсэн үг вэ?
 
-Эмч нар цэвэр ногоо, жимсийг ахиу хэрэглээч гэж зөвлөдөг. Гэтэл Монгол Улсын хүнсний аюулгүй байдал алдагдсан. Урд хөршөөс 90 хувийн импортыг хангаж байгаа. Хятадын бүтээгдэхүүнийг Япон, Солонгост хүлээн зөвшөөрдөггүй. Хамгийн хямдхан зарагддаг. Генетикийн өөрчлөлтөд орсон химийн жимс, ногоо Монголд их байна. Тиймээс хүмүүст жимс, ногоо хэрэглэ гэж хэлэхэд хэцүү.  Дээр хэлсэн зүйлүүдийг удаан хадгалах химийн бодисуудыг хадгалахаас гадна өөрсдийг нь ферментийн аргаар исэлдүүлсэн байдаг. Энэ нь химийн гаралтай бодисуудыг агуулсан байдаг учраас улаан хоолой, ходоодны хавдарт шууд нөлөөлөх хандлагатай. Тиймээс даршилсан бүтээгдэхүүнийг байнгын хэрэглээ болгох хэрэггүй. Мөн барууны орны махыг грилдэж шарх нь манай улсад нэвтэрч байна. Махыг өндөр хэмд шарахад сайхан амттай болдог ч ходоодны хавдрыг үүсгэдэг химийн нэгдлүүд үүсдэг. Дараагийн нэг асуудал нь таргалалт. Таргалалт нь ихэнх хавдрын урьтал хүчин зүйл болдог. Тэр дундаа ходоодны хавдрын хүчин зүйл болдог.
 
-Таргалалт ходоодны хавдарт яаж нөлөөлдөг юм бэ. Энэ талаар тайлбарлаж өгөөч?
 
-Хэвлийн таргалалттай хүмүүсийн дунд ходоодны хүчил ялгаралт ихэсдэг. Ходоодны хүчил ялгаралт ихэснэ гэдэг нь ходоодны архаг үрэвслийг үүсгэж байна. Архаг үрэвсэл үүсэхээр хавдрын урьтал өвчин эмгэг рүү шилждэг. Энэ нь яваандаа хавдар үүснэ гэсэн үг. Тарган хүн бүрт хавдар үүсэх албагүй. Миний хэлээд байгаа тамхи, хеликобактерийн халдвар, давслаг бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хэрэглээд ирэхээр энэ бүгд нийлээд урьтал хүчин зүйл болж байна. Тиймээс дасгал хөдөлгөөн хэрэгтэй. Бид байнгын дасгал хөдөлгөөнтэй байх ёстой гээд заншаад хэвшсэн. Бидний илүүдэл өөх, тос, хэрэггүй байгаа бүтээгдэхүүнүүдийг бие махбодь өөрөө исэл­дүүлээд түүнийг зад­лаад биеэс хортой бүтээг­дэхүүнүүдийг хөлсөөр гадагшлуулах ёстой. Хортой бүтээг­дэхүүнүүдийг шатааж гадагшлуулж байгаа нь бие махбодь өөрийгөө цэвэрлэж байна гэсэн үг.
 
-Тамхи их хэрэглэдэг хүний хажууд тамхи татдаггүй хүн нь илүү хорддог. Энэ юутай холбоотой юм бол?
 
-Уушгины хавдар тусахгүй байгаа хүмүүс ямар учиртай вэ гэхээр генетикийнхээ хүчин зүйлд уушги өвчлөх эрсдэл бага байна гэсэн үг. Тиймээс тамхи татаад байхаар өвчлөхгүй байна гэсэн санаа. Тамхи татаагүй байхад уушги, ходоодны хавдар тусчихдаг. Энэ нь генетикийн хүчин зүйлээс бусад хүчин зүйл нь өндөр байна гэсэн үг. Үүнийг мэдэхийн тулд нарийн, үнэтэй шинжилгээг АНУ, Японд хийлгэх хэрэгтэй. 
 
-Ходоодны хорт хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар уншигчдад зөвлөгөө өгөхгүй юү?
 
-Эрт үеийн хавдар өөрөө ялангуяа, улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэсний хавдар ямар нэгэн зовиур өгдөггүй. Цээж хорсох, ходоодоор өвдөх зовиурын улмаас иргэд дурандуулах шаардлага гардаг. Энэ үед нь хавдар илэрдэг. Ихэнх тохиолдолд үрэвслийн гаралтай зовиур өгдөг. Тэгэхээр танд зовиур байхгүй байх тусам дурангийн шинжилгээнд хамрагдах ёстой. Яагаад гэвэл хортой хавдар зовиурладаггүй. Судалгаагаар 90-ээс дээш хувьд нь 40-өөс дээш насанд хавдрын өвчлөл байна. 40-өөс өмнөх насанд хавдар илэрдэг. Энэ насныхан зовиургүй байх тусам хоёр жилд нэг удаа үзүүлэхэд гэмгүй. Ходоод, бүдүүн гэдсэнд хорт хавдрын урьтал ургацгууд, өөрчлөлтүүд гэж байдаг. Үүнийг дурангийн мэс заслын аргаар заавал авахуулах нь хавдраас урьдчилан сэргийлнэ.
 
-Энэ ургацаг юунаас болж үүсдэг юм бэ?
 
-Ходоод, бүдүүн гэдэсний ургацаг нэгдүгээрт, тухайн өвчтөнд генетикийн урьтал нөхцөл байхыг үгүйсгэхгүй. Ямар нэг салстад эмгэг өөрчлөлт ургах хандлага байна гэсэн үг. Хоёрдугаарт, бидний идэж, ууж байгаа хоол, хүнс, гадаад хүчин зүйлтэй холбоотойгоор ургацаг үүсч байна. Үүнийг дурангийн эмч үнэлээд авах нь чухал. Энэ нь хавдраас урьдчилан сэргийлэх нэг арга. Ходоодны шарх, 12 гэдэсний шархны 90-ээс дээш хувьд нь хеликобактерийн шалтгаантай гэдгийг баталсан. Хоргүй шархнаас хортой хавдар үүсэх магадлал маш бага. Хавдар шархлаат хэлбэрээр үүсдэг хэлбэр гэж байдаг. Тэгэхээр хортой, хоргүй шархыг хооронд нь ялгаж ойлгох хэрэгтэй. Хоргүй шархнаас хортой шарх үүсэх магадлал бага. Анхнаасаа тэр хавдар шархлаат хэлбэрээр үүсч болдог. Иргэдийн дунд шархыг чацарганы тосоор, янз бүрийн эмийн бус аргаар эмчлэх арга түгээмэл байна. Тиймээс тэр шалтгааныг нь нарийн мэргэжлийн эмч тогтоогоод тухайн шалтгааны эсрэг эмчилгээ хийх нь хамгийн чухал. Чацарганы тосны гол үйлчилгээ нь 50-аас дээш насны хүмүүст хоол боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Ходоодны шүүрлийг ихэс­гэдэг. Түүнээс шархыг шууд эдгээх нөлөө байхгүй. Харин эсрэ­гээрээ гадна арьсны шар­ханд сайн нөлөө үзүүлдэг.
 
Р.Оюун   
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Хутагт, хувилгаадын үнэн учир
Хутагт, хувилгаадын үнэн учир
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.