Монголын хараагүйчүүдын үндэсний холбоо /цаашид МХҮХ гэх/ ТББ харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургууль дээр хүүхдийн эрх зөрчигдөж харааны бэрхшээлтэй багш нарыг дарамталдаг гэсэн хэвлэлийн бага хурлыг хийж, олон нийтийн анхаарлыг тус сургуулийн зүг хандуулсан билээ.
Сэтгүүлч миний бие хэн нэгнийг буруутгах гэхээсээ илүүтэй сургууль дээр болж буй үйл явдлыг бодитоор танд хүргэхийн учир сургуулийн захирал Э.Энхзулаас дараах ярилцлагыг авлаа.
Таны өмнөх захирал маргаан дагуулсаар явсан. Та хэн даргын хүн болоод энэ сургуульд орж ирсэн бэ?
Би хэн нэгэн даргын томилолтоор юмуу эсвэл татаасаар орж ирээгүй. 2014 онд харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийн захирлын ажлын байранд материалаа өгч оролцон захирал болж ирсэн.
Хамгийн түрүүнд энэ сургуульд орж ирээд харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар төрсөн сэтгэгдэл
Миний бие урьд өмнө 27 жил 25-р тусгай сургуульд ажиллаж байхдаа сурагч, эцэг эхчүүдэд туслахыг хичээж ажилладаг байсан.
Харин харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд би ээж, аав,анд нөхөд нь мэт ойрхон байж, сэтгэлийг ойлгож, мөрөөдлийг нь бага ч болов биелүүлэх юмсан гэсэн сэтгэлээр ажилдаа орсон.
Харааны бэрхшээлтэй хүүхдийг юу гэж ойлгодог вэ? сэтгэл зүйн онцлог нь юу вэ?
Манай сургуулийн сурагчид харааны бэрхшээлтэй болохоос биш жирийн хүүхдүүдийн адил хүсэл мөрөөдөлтэй ер нь харааны бэрхшээлтэй хүүхдүүд ой тогтоолт болон урлагийн авьяас аливаа зүйлд сэтгэл зүрхээрээ ханддаг нь жирийн хүүхдүүдээс давуу гэж би хувьдаа хардаг. Манай хүүхдүүд нийгэмд манлайлагч нар байхаар чадвартай. Тийм болохоор би эрүүл хүмүүс харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг ойлгоосой гэж хүсдэг. Сэтгэл зүйн онцлог нь бусад хүүхдүүдийнхээс арай өөр л дөө хүүхдүүд маань харааны бэрхшээлтэй учир сэтгэл нь их эмзэг байдаг тийм болохоор хүүхдүүдтэй их зөөлөн харьцаж, тэдэнд аливаа зүйлийг учирлаж ойлгуулах нь чухал байдаг. Манай хүүхдүүдэд эцэг эхийн хайр дээр нэмэх нь нийгмийн хайр маш их хэрэгтэй гэж би үздэг.
Дотуур байранд байгаа гэрээсээ хол байгаа хүүхдүүдийн дотоод ертөнц юу бодож байгаа талаар та ярилцаж байсан уу?
Тиймээ би олон ч хүүхэдтэй ярилцаж байсан. Манай хүүхдүүдэд бусад жирийн хүүхдүүдийн адил гэнэн цагаахан сэтгэл, магадгүй энэ нийгэмд ховордож байгаа хүн хүнээ гэх халуухан сэтгэл балчирхан биен дээр нь ахадсан гэмээр харахгүйн зовлон хүүхдийн цагаахан мөрөөдлийг сонсож суухад эх хүн эмэгтэй хүний хувьд сэтгэл уярч нулимс унагах тохиолдол ч байсан.
Нүдээ аниад хараагүй хүмүүсийн тухай ямар нэгэн зүйлийг бодож байв уу?
Нүдээ аниж хараагүй хүмүүсийн тухай бодохоос илүүтэй нүдэн дээр минь суралцаж байгаа сурагчдаа харахаар хайрлах өрөвдөх сэтгэл намайг дандаа дийлж байдаг. Мөн мөр зэрэгцэн ажиллаж байгаа харааны бэрхшээлтэй багш нараараа бахархах, хүндэтгэх сэтгэл төрдөгөө нуух юун билээ. Харааны бэрхшээлтэй багш нартай ажиллаж, харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд нь байж л миний сэтгэлийг хараатай хүмүүс ойлгох болов уу гэж бодож байна.
Та харааны бэрхшээлтэй хүүхдэд хичээл ордог уу
Би харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл орж тэдэнд их зүйлийг хэлж ярьж мэдлэгээ хуваалцахыг хүсдэг боловч харамсалтай нь захирлын ажлын чиг үүрэгт хичээл заах боломж байхгүй ажлынхаа зав зайгаар, амралтын өдрүүдэд ч хүүхдүүдтэй ярилцан багш эх хүний хувиар зааж сургах сэтгэлээр ярилцах дуртай. Манай хүүхдүүд үнэхээр мундаг хэрсүү ухаантай аливаа зүйлийг хурдан ойлгодог болохоор зөв зүйлийг зааж чиглүүлээд байвал амжилтанд хүрнэ гэж би итгэдэг.
Та өглөө сургууль руугаа орж ирэхдээ захирлын сэтгэлээр орж ирдэг үү эсвэл эх хүн, эмэгтэй хүний сэтгэлээр орж ирдэг үү
Би сургууль руугаа ирэхдээ удирдах албан тушаалтаны, эх хүний аль алины сэтгэлээр орж ирдэг юм болов уу даа. Учир нь сургуулийн тав тух, аюулгүй орчин, хүүхдүүдэд маань ханиад томуу хүрчихээгүй байгаа, даарсан болов уу, өглөөний цайнд юу өгсөн бол, мөн хэн нэгэн хүүхэдтэй өнөөдөр ярилцах ёстой, өчигдөр надад нэг юм хэлэх гээд байсандаа гэх мэтчилэн эх хүний сэтгэлдээ байдаг бодолтой л орж ирдэг дээ
Таны сэтгэлийн гүнд энэ хүүхдүүдийг хайрлах өрөвдөх чин үнэн ч итгэл үнэмшил илэрч гарахдаа багш ажилчдад яаж хүрдэг вэ?
Би багш ажилчдадаа өөрийн ажилдаа зүрх сэтгэлээрээ хандаж, хүүхдүүдээ сонсож ойлгож ажиллахыг хичээгээрэй гэж зөвлөдөг дөө.
Танай сургуулийн нэг багш харааны бэрхшээлтэй багш нараа дарамтладаг гэж ярьсан. Яагаад дарамтлаад байдаг юм бэ?.
Манай сургуульд харааны бэрхшээлтэй 4 багш, 2 ажилтан ажилладаг. Би дээрх 5 багш ажилтантайгаа бусад багш нараас илүү боломж олгож ажиллахыг хүсдэг. Биднийг дарамтлаад байдаг гэж ярьсан багш туслах багштай ажилладагаараа бусад багш нараасаа илүү боломж нөхцлөөр хангагддаг төдийгүй хөдөлмөрийн хуулийн дагуу ажлын өдрүүдэд богиносгосон цагаар ажиллуулж, сар бүр ... цагийн илүү цагийн хөлс авдаг. Харин яагаад тийм яриа өгсөнийг би мэдэхгүй байна.
Танай сургуулийн хөгжмийн боловсрол бол маш сайн. Одоо ямар түвшинд байна вэ?
Манай сургуулийн хүүхдүүдийн урлагийн авьяас өндөр. Хөгжмийн хоёр багш маань хоёулаа харааны бэрхшээлтэй, гэхдээ ерөнхий боловсролын хөгжмийн багш нараас илүү гэж хэлэхэд нээх буруудахгүй байх гэж бодож байна. Манай сургуулийн хувьд тусгай 6 сургуулийн дунд зохион байгуулагддаг “Хамтдаа инээмсэглэе” урлагийн наадамд 2 жил тэргүүлэн амжилттай оролцсон. Бусад урлагийн наадмуудад ч удаа дараа амжилт гаргаж байсан түүхтэй. 2014, 2016 онд БНСУ-ын Гангвон Мёнжин сургуулийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдтэй хамтарсан тоглолтонд амжилттай оролцсон.
Гадны байгууллагууд хандив тусламжийн мөнгө их өгдөг гэсэн. Түүнийг юунд зарцуулдаг вэ? эсвэл өөрөө авчихдаг юм уу ?
Манай сургуультай гадна дотны байгууллагууд хандив тусламжаар олон зүйл дээр хамтран ажилладаг бөгөөд тухайн байгууллагууд бэлэн мөнгөөр бус шууд тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнээр тусалдаг.
Танай сургуулийн брайль сурах бичиг дутмаг байдаг гэсэн. Тэгэхээр танай хүүхдүүдэд боловсролын хүртээмж муу байна гэсэн үг үү?
Манай сургуулийн хүүхдүүдэд брайль сурах бичгийн хүртээмж тийм сайн биш. Гэхдээ бид өөрсдийнхөө дотоод нөөц бололцоог ашиглан сурагчдаа сурлагын хоцрогдолгүй авч явсаар өнөөг хүрч байна
Брайль номыг МХҮХ хэвлээд өгсөн. Та бүхний өөрсдөө шийдвэрлэж чадаагүй номыг хэвлэж өгсөн байхад юунд одоо асуудал үүсгээд байна вэ?
МХҮХ төрийн бус байгууллагаас 9-р ангийн гурван төрлийн 291 ширхэг сурах бичгийг өнгөрсөн хичээлийн жилийн төгсгөлд хэвлэж өгсөн. Энэ хичээлийн жилд манай сургуульд 9-р анги байхгүй, тэгээд ч манай сургуулийн анги дүүргэлт 6-8 сурагчтай байдаг. Ингээд бодохоор манай сургуульд Монголын хараагүйчүүдийн холбоо ТББ судалгаагүйгээр олон тооны сурах бичиг нийлүүлж байгаа нь ойлгомжтой байгаа биздээ.
МХҮХ дэлхийн сонгодог зохиолуудыг сонсдог хэлбэрээр болгож өгсөн байна. Энэ номыг авахад юу нь болохгүй зүйл юу байна вэ?
МХҮХ дэлхийн сонгодог зохиолуудыг сонсдог хэлбэрээр ном болгоод хүүхдүүдийн мэдлэгт нэмэр болохоор байсан бол надад дургүйцэх зүйл байхгүй. Харамсалтай нь манай хүүхдүүдийн насанд тохирохгүй, сургалтын агуулга хөтөлбөрт нийцэхгүй номнууд өгсөн. Жнь: “Хууран мэхлэх аргаар” “Хятадын тагнуулын үйл ажиллагаа” гэх мэт номнууд байгаа юм. Аль ч ЕБС-ийн номын сангаар ороод үзэхэд иймэрхүү ном байхгүй болов уу. Эдгээр номууд насанд хүрэгчдын номын санд байх нь зөв гэж үзэж байгаа. Дээрх хэлбэрийн номнуудыг сургалтанд ашиглавал багш ажилчидад багшийн ёс зүй яаж харагдах вэ? Би л хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй ээ.