Батлан хамгаалахын салбарт тулгамдсан асуудал цөөнгүй байгаа нь Тавантолгой дахь зэвсэгт хүчний сургалтын төвд болсон харамсалтай хэрэг явдлын дараа улам бүр тодорхой болж байна. Тэрчлэн хариуцлагыг хэн хүлээх ёсттой вэ гэдэг асуудалд улс даяараа анхаарал хандуулж буй энэ үед Батлан хамгаалахын сайд асан Ж.Эннбаярын байр суурь анхаарал татаж буй. Тэрбээр хэлэхдээ “Яагаад ийм байдал бий болов гэдгийг дүгнэх хэрэгтэй. Цэргийн алба бол байнгын бэлтгэл сургуулилт шаардлагатай байдаг. Төрийн үндсэн үүрэг нь улс орны батлан хамгаалахыг чадавхижуулах, бэлэн байлгах. Харамсалтай нь сүүлийн үед батлан хамгаалах салбарын төсвийг хасаж, танаж ирсэн. Ялангуяа, бэлтгэл сургуулилтын зардал байнга багассан. Бэлтгэл сургуулилт хийгдэхэд шаардлагатай тоног төхөөрөмж галт зэвсэг, сум хэрэгсэл, сургалтын төхөөрөмжүүд дутагдалтай байгаа. Асуудалд хэн буруутай вэ гэхээр УИХ төсөв баталж чадахгүй, төсвийг өргөн барьж байгаа Засгийн газар гэж бодож байна. Түүнээс биш хөдөө хөхөрч, гадаа гандаж, үүргээ гүйцэтгэж яваа цэргийн албан хаагч, бэлтгэгдсэн цэргийн дарга нараа буруутгахыг хүсэхгүй байна. Маш хязгаарлагдмал санхүүгийн нөхцөлд тэд үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа. Өнөөдөр Олон Улсад Монгол Улсын нэр хүндийг өргөж яваа ганцхан салбар бол Батлан хамгаалахын салбар. Бидний харилцаж байгаа хоёр хөрш болон гуравдахь хөрш, НҮБ-д Монгол Улсын нэр хүндийг өргөж, гадаадын зээл тусламж, хөрөнгө оруулалтыг татаж байгаа, энхийг сахиулагчдынхаа үйл хэргийг ярьдаг. Тэд нар маань ч үүргээ амжилттай гүйцэтггэдэг. Харамсалтай нь нөгөө талаар төр засаг маань цэрэг дайчдынхаа бэлтгэл сургуулилтад хангалттай хөрөнгө тавьж өгдөггүй. Байнга хасаж, танаж ирсэн. Өнөөдөр өмссөн хувцсаа цэрэг дайчид маань өөрсдөө олж өмсөж байгаа. Сая арай гэж авч байсан нийгмийн хамгааллын ололт, амжилтыг нь бид тодотголоороо хаслаа. Яаж хариуцлага тооцох вэ.” хэмээн хэлж байна.
“Харамсалтай нь төр засаг маань цэрэг дайчдынхаа бэлтгэл сургуулилтад хангалттай хөрөнгө тавьж өгдөггүй”
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.