Жаст-ын Ш.Батхүүд баталгаа гаргаж өгч, 109 сая ам.доллар луйвардахад нь тусласан хүн бол Ч.Ганзориг гэдгийг хэвлэлүүд өнгөрсөн хугацаанд цөөнгүй бичсэн дээ. Гол нь нөгөө мөнгийг нь Монголын Засгийн газраас нэхээд байгаа учраас Ч.Ганзориг нар одоо төр улсаа бодоод, хариуцлагатай хандах хэрэгтэй юм. Ер нь Ч.Ганзоригийн тухайд тун асуудалтай нэгэн. Ямартаа л ган бөмбөлөгийн луйврын торыг Н.Энхбаяртай хамт сүлжсэн гэх асуудалд хүртэл холбогдож байхав.
Ган бөмбөлөгийн шахааны наймаа гээд байгаа нь зэсийн хүдэр бутлах зориулалттай ган бөмбөлгийг ихэнхи нь урд хөршөөс нэг тонныг нь 400-500 ам.доллараар оруулж ирээд “Эрдэнэт” үйлдвэрт тонныг нь 1300-1400 ам.доллараар шахаад дундаас нь их хэмжээний мөнгө унагаж байсан бизнес бол зарим нь бөмбөлөг нийлүүлнэ гэж мөнгө авчихаад мартчихдаг завхарсан явдлыг хэлээд байгаа аж. Эл шахааны наймаатай холбоотойгоор улстөрчид Эрдэнэт Үйлдвэрт 90 сая гаруй ам.долларын хохирол учруулсан бөгөөд экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр бол ил яригдаж байгаа нэг нь л юм. Уг нь ган бөмбөлөгийн шахааны наймааны гэрээнүүд Эрдэнэтийн захирал Х.Наранхүүгийн үед хэд хэдээрээ хийгдсэн байдаг. Харин тэдгээрийг нь төлөгдөх боломжгүй өр гэсэн жагсаалтад багтаан, залруулах ажлыг дараагийн захирал Ч.Ганзориг гардан гүйцэтгэсэн байдаг аж.
Тухайлбал, Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн үеэл болох Ж.Мягмаржаргалын удирддаг “Henlon”, “Great Global international” компаниудын өрийг цайруулсан хүн бол Ч.Ганзориг гэнэ. Эдгээр компаниуд нь Н.Энхбаярын Ж.Мягмаржаргалтай хамтран хийдэг бизнес юм байна. Н.Энхбаяр нарын хавтаст хэрэгт бичигдсэнээр Хонконгод бүртгэлтэй “Helon Company Ltd”, “Great global international” гэх хоёр компанийн нэрээр “Эрдэнэт” үйлдвэрт удаа дараа ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ байгуулан, их хэмжээний мөнгө залилсан болохыг хууль хяналтынхан тогтоосон гэж байсан юм.
“Henlon” компанийн хувьд 2005 оны 3 сарын 24-ний H-L-240305 тоот гэрээгээр 1.337.240, сая ам.доллар, 2006 оны 6 сарын 23-ны H-L-240606/05-327 тоот гэрээгээр 439130.07 ам.доллар, “Great Global international” компани нь 2007 оны 10 сарын 24-ний 2007\\05-581 тоот гэрээгээр 1.580.000 сая ам.доллар гаргуулсан гэх. Гэсэн ч ган бөмбөлөг нийлүүлэх үүргээ умартан Эрдэнэт үйлдвэрт гурван сая гаруй ам.долларын хохирол учруулжээ. Эдгээр гэрээнүүд Х.Наранхүү Эрдэнэт үйлдвэрийн захирал байх үед хийгдсэн. Харин энэ өрийг нь “Эрдэнэт үйлдвэр” компанийн хуулийн хэлтэс “Төлөгдөх боломжгүй” өр гэдэгт оруулаад хаях үед Ч.Ганзориг Эрдэнэтийн захирал байсан байдаг нь яах аргагүй анхаарал татахаар байгаа юм.