МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛД
Шаардлага хүргүүлэх тухай
2017 оны 04 дүгээр сарын 04 Улаанбаатар хот
Дүр эсгэсэн ардчилал дэглэж, бүр дарангуйлах шуналдаа автсан авторитар буюу улс төр-эдийн засгийн цөөнх- МАНАН бүлэглэлийн савраас Монголын төр, Монголын ард түмэн чөлөөлөгдөх цаг нэгэнт ирснийг сэрээн сануулахын ялдамд дараах ноцтой асуудлуудыг Улсын Их Хурал онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд нэн даруй хэлэлцэн шийдвэрлэхийг шаардаж байна.
НЭГДҮГЭЭРТ:
- Оффшорт данс, хөрөнгө эзэмшихийг Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд Эрүүгийн хуулиар бүрмөсөн хориглох;
- Оффшорт мөнгө, хөрөнгөө нуусан нь нэгэнт илэрсэн нэр бүхий иргэд, хуулийн этгээдүүдийг хууль, хяналтын байгууллагаар нэг бүрчлэн шалгуулж, хууль бус өмчийг эргүүлэн авчрах, хариуцлага тооцох ажлыг даруй эхлүүлэх;
- Оффшорт байгаа данс, хөрөнгө нь хараахан илрээгүй байгаа, мөн өөрийгөө илчилсэн этгээдүүдэд гэм буруугаа засах боломж олгож,өршөөх, хөнгөлөх болзолт хугацаа олгох;
- Оффшорын хууль гаргах нэрийдлээр энэ төрлийн гэмт хэрэг, ёс суртахууны алдааг хуульчлан хамгаалах, хуулийн субъектийг хавтгайруулан эзэнгүйдүүлэх, хариуцлагаас мултлах, болзолгүй өршөөх зэрэг санаархлыг таслан зогсоох;
ХОЁРДУГААРТ:
- Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр, ард түмэнд эргүүлэн авчирсан УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг шуурхай хангаж, түүнтэй холбоотой бүхий л асуудлыг нэн даруй шийдвэрлэх
ГУРАВДУГААРТ:
- Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэргийн мөрдөн байцаалт, тусгай ажиллагаа, прокурорын хяналт, шүүхийн таслан шийдвэрлэх үйл явц, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа, өмгөөлөл, хүний эрхийг ноцтой зөрчсөн байж болзошгүй байгааг УИХ анхааралдаа авч, Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд хаалттай хуралдаанаар сонсон хэлэлцэж, Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-ийг үндэслэн тусгай хуулиар нууцын зэрэглэлээс гаргаж, олон нийтэд ил тод болгох;
ДӨРӨВДҮГЭЭРТ:
- Эрдэнэтийн 49 хувийн хувьцааны худалдан авах гэрээ, С.Зоригийг хөнөөсөн гэмт хэрэг, Рио Тинтогийн буяны тусламж, Оюутолгойн 2 өрөө байр зэрэг дуулианд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр байнга холбогдож байх тул Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасны дагуу Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хугацаанаас нь өмнө огцруулах эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх шаардлагуудыг тус тус тавьж байна.
Та бүхэн ард түмнийхээ жинхэнэ элч гэдгээ ухамсарлан, улс, нийгмийнхээ ашиг сонирхлыг эрхэмлэн бидний шаардлагыг хүлээн авч, хуулийн хугацаанд шийдвэрлэхийг хүсье.
ШААРДЛАГА ГАРГАСАН:
ЭХ ОРОНЧДЫН НЭГДСЭН НАМЫН ДАРГА ................................................. /Г.ГАНБАТ/
ХАМУГ МОНГОЛЫН ХӨДӨЛМӨРИЙН НАМЫН ДАРГА.................. .............. /Ц.ШИНЭБАЯР/
БАЯЛГИЙН ЖИНХЭНЭ ЭЗЭД ТББ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ..................... .............../Л.БАЯРХҮҮ/
ТУСГААР МОНГОЛЫН ТӨЛӨӨТББ-ЫН УЗ-ИЙН ГИШҮҮН......................... /О.ЛХАГВАДОРЖ/
Хувийг Улсын Их Хурлын гишүүдэд;