МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хөдөө орон нутгийн иргэдийнхээ санаа бодлыг сонсох, МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хэрхэн хүрч буйг судлах, тулгамдаж буй асуудлыг нягтлах, судлах, тодорхой хэмжээнд шийдвэрлэх зорилгоор ажлын хэсэг бүрдүүлж, ахлан 21 аймгаар тойрон ажиллаж байгаа билээ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд Дорнод, Сүхбаатар аймагт ажилласан юм.
Ажлын хэсэгт БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, МАН-ын Улс төр, намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Л.Цэнгүүнжав нарын албаны хүмүүс багтсан байна.
Дорнод аймагт хийсэн уулзалтад 600 гаруй иргэд, хөдөлмөрчид цуглаж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг өргөн бүрэлдэхүүнтэйгээр тус аймагт ажиллахаар ирсэнд талархаж буйгаа илэрхийлж байлаа. Иргэд “Аймгийн “Хан-Уул” сургууль болоод зарим албан байгууллагын байр ашиглалтын хугацаа хэтэрсэн ч өнөөг хүртэл ашиглагдсаар байгааг шийдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд ямар бодлого баримтлан ажиллах байгаа талаар болон С вирусын эсрэг эмийг өөрийн мөнгөөрөө авч уусан хүн одоо хөнгөлөлтөө буцаан авах боломжтой эсэх, орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг болосврол олгоход тулгардаг бэрхшээлийг шийдвэрлэх талаар асууж, тодруулж байсан юм. Үүнд салбарын сайдууд анхаарал хандуулж, улмаар зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн.
Тодруулбал, БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Сургуулиудыг шинэчлэх, цэцэрлэгүүдийг нэмж барих асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллагууд манай боловсролын салбарын маш олон барилгад акт тогтоосон байдаг. Тэрхүү актны дагуу нураагаад байхаар хүүхдүүдээ хаашаа оруулах вэ гэх асуудал гарч ирдэг. Тиймээс зарим сургуулийн барилгуудыг нурааж эвдэх бус, засч сэргээх тал дээр анхаарч ажиллана. Мөн хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын асуудал аймаг бүрт тулгамдаад байгаа нь үнэн. Тиймээс үүнийг бодлогын хэмжээнд шийдвэрлэнэ” гэлээ.
Харин Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл 2016 оны ёсдүгээр сарын 9-нд хуралдаад С вирусын эсрэг эмийг хөнгөлөх шийдвэр гаргасан. Гэхдээ үүнээс өмнө С вирусын эм авч уусан хүмүүст хөнгөлөлт үзүүлнэ гэх шийдвэр гаргаагүй гэдгийг та бүхэнд хэлье. Мөн аймгийн эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулах тал дээр анхаарч хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг шийдвэрлэхээр болсон” гэдгээ иргэдэд дуулгасан юм.
Мөн аймгийн цэвэрлэх байгууламжийг барьж байгуулах тухайд зураг төслийг нь бэлэн болгоод Польшийн хөнгөлттэй зээлэнд хамруулахаар Засгийн газарт саналаа хүргүүлсэн байгаа талаар салбарын дэд сайд Ш.Лхамсүрэн хэллээ.
Ажлын хэсгийнхэн Дорнод аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзсаныхаа дараагаар Сүхбаатар аймаг руу хүлгийн жолоо залсан юм.
Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан зүүн аймгуудад ажилласан албан томилолтынхоо талаар сэтгүүлчдэд “Бид ингэж орон нутагтаа ажиллаж байгаа маань МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт иргэдэд хүрч чадаж байна уу, Засаг дарга нар, УИХ-ын гишүүд орон нутагтаа хэр ажиллаж байна гэдгийг судлах зорилготой. Эхний ажилласан Хэнтий аймгийн тухайд “Аялал жуулчлалын төв бүс болгох” ажлыг энэ ондоо багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Үүнийхээ дагуу Дадал сум хүртэлх 270 км засмал зам тавих асуудлыг бүрэн шийдсэн. Дорнод аймгийн хувьд эрүүл мэндийн салбарын асуудал нэлээд тулгамдаж байгааг салбарын сайд анхааралдаа авч шийдвэрлэхээр болсон” тухай онцлон хэлсэн юм.
Ийнхүү зүүн аймгуудад ажилласан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийнхний албан томилолт өндөрлөсөн. Иргэдийн хувьд “Сонгуулийн үеэр харагдаад өнгөрөх бус бусад цаг үед ч орон нутгаа гэсэн сэтгэлтэй байж, иргэдийнхээ санаа бодлыг сонсож, сүйрсэн эдийн засгаа өөд татаж буй МАН, өнөөгийн Засгийн газрын сайд дарга нарт талархаж байна” хэмээж байлаа.