Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр. Энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа. Н.Учрал гишүүний хувьд өмнө нь тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн ажилчдын баярын хуралд оролцон эмчийн ажлын ёс зүйн чиглэлээр лекц уншихын зэрэгцээ ажил үйлсээрээ манлайлсан гурван эмчийг Байгаль нуур-Итгэлт хамбад аялах эрхийн бичгээр шагнасан билээ. Тэгвэл өнөөдөр СХД-ийн нэгдсэн эмнэлгийн шилдэг эмч нарын багийг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал “Улс орны аюулгүй байдал, хөгжил дэвшлийн үндэс суурь нь хүн амын эрүүл мэнд байдаг билээ. Тиймээс эрүүл энх байх нь дээдийн жаргалан гэж монголчууд бид ярьдаг. Монгол улсын хүн амын талаас илүү хувь нь оршин сууж буй нийслэл Улаанбаатар хотын иргэддээ бид эрүүл, аюулгүй хот байгуулна гэсэн амлалт өгсөн. Тиймээс иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангахын төлөө томоохон зорилт тавин ажиллаж байна. Энэ өдрийг эмч нарын өдөр гэхээсээ илүү дэлхий нийтээр эмч нартаа талархдаг баяр болгон тэмдэглэсээр иржээ. Энэрэнгүй үйлсийн элч болж, ард түмнийхээ энхийн манаанд цаг наргүй зогссон та бүхэн өнгөрсөн хугацаанд олсон амжилт ололтоо улам бататгаж, орчин үеийн техник, технологийн дэвшлийг эмнэлгийн тусламж үйлчилгээний бүх шатанд нэвтрүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэж нийгмийн эрүүл мэндэд онцгой анхааран ажиллана гэдэгт итгэж байна. Иргэн бүрийн амь нас, эрүүл мэндийн төлөө нөр их хөдөлмөр, ачааг нуруундаа үүрэн ажиллаж ирсэн үе, үеийн эрдэмтэн мэргэд, гавъяатууд, ахмад эмч нарынхаа ариун үйлсээр бид үргэлж бахархаж байдаг билээ” гэв.
Харин нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Галсанцэрэн “Н.Учрал гишүүндээ баярлалаа. Бид хамтдаа хичээсний үр дүнд энэ жил томуу, томуу туст өвчний ид дэгдэлтийн үед СХД-ийн хүүхдийн алтан амь эрсдээгүй юм. Амжилт хүсье” гэсэн юм.
Өнөөдрийн уг арга хэмжээнд СХД-ийн Засаг дарга Ц.Сандагсүрэн, ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг нар оролцсон юм.