Монгол Улсын эдийн засаг арав гаруй жилийн дараа “мөхнө”
The national interest мэдээллийн төвөөс түүхий эдийн үнээс хамаарч 2030 онд эдийн засаг нь сүйрч болзошгүй Азийн таван орны нэгээр Монгол Улсыг нэрлэжээ. Үүнд Хойд Солонгос, Шинэ Гвиней, Азербайжан, Казакстан улсууд орсон байна. Нэгэн цагт “Азийн бар болно” хэмээн тунхаглаж байсан Монгол Улс айргийн тавд бүү хэл “адгийн” тавд орох болсон нь эмгэнэлтэй. Байгалийн баялгаас өөр эдийн засгаа өөд татах үндэсний үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт хийх ашигтай салбар үгүй Монгол Улсыг Хятадын хараа, нөлөөнд хэт их орсныг дэлхий дахинаа сануулсаар байна.
Уг нийтлэлд, “Монгол Улс түүхий эдийн ханш өндөр байх үед эдийн засаг нь хурдтай өссөн. Тус улсын хөрш БНХАУ аж үйлдвэрийн салбараа томруулж байсны ашиг тусаар “Minegolia” гэдэг нэрийг авсан байдаг. Монголын эдийн засаг 2011 онд 17 хувиар өссөн. Гэхдээ тус улсын Ерөнхий сайд 2014 онд аварга том алт, зэсийн Оюутолгой төслийг зогсоох үед гадны хөрөнгө оруулалт ширгэжээ. Ингээд эдийн засаг нь 2014 онд 7,8, 2015 онд 2,3 хувиар өссөн байна. Энэ тоо 2016 онд 0,8 хувьтай тэнцэх төлөвтэй гэж Дэлхийн банкнаас мэдээлж байсан. Монгол Улсын таван хүн тутмын нэг нь ядууралд өртсөн байгаа энэ үед монголчууд Хятадаас хамаардаг байдлаа бууруулах хэрэгтэй. Тус улсын экспортын 90 хувь нь БНХАУ руу гардаг” гэжээ.