Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ

Ардчилсан намын дотоод сонгууль ирэх сарын 2-нд болж, Үндэсний бодлогын хорооныхоо 380 гишүүнийг сонгоно.

Tsenzurgui.mn сайтаас нийслэл, аймаг, дүүргийн намын даргад нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ  гэдгийг уншигч та бүхэндээ цувралаар хүргэхээр бэлтгэж байна. Ингээд нийслэлийн АН-ын даргад өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ гэдгийг танилцуулъя.  

Нийслэлийн Ардчилсан намын даргад Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нар тус бүр 90 сая төгрөгийн дэнчин хураалгаж,  өрсөлдөж байна.  

 

Овжин Баттулга

 

 

Д.Баттулгын хувьд өнөөдөр улс төрийн туршлагатай нэгэн хэдий ч өнгөрсөнд албан тушаалаа урвуулан ашиглаж, авлига авсан гэж УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлж, ял сонсгож байв. Түүнийг үүнээс нь болоод “Казино Баттулга” гэх нь ч бий. Тэрбээр шоронгоос гарч ирээд УБЦТС ТӨХК-ийн захиралаар 5 орчим жил ажиллаж байгаад 2010 оноос Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар 2 жил ажилласан түүхтэй. Харин 2012 оны ИТХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулан Нийслэлийн ИТХ-ын даргаар сонгогдон ажилласан юм. Энэ удаагийн Нийслэлийн ИТХ-ын сонгуулиар мөн л Сүхбаатар дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулан одоо Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Тухайн үед Сүхбаатар дүүргийн МАН-ынхан Д.Цогтбаатарынхан, Т.Төмөрбаатарынхан гэсэн 2 хэсэгт хуваагдчихаад байгааг нь Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Баттулга овжиноор ашиглаж, Сүхбаатар дүүрэгт АН олонхи болж чадсан. Түүнийг өнгөрсөн хугацаанд өөрийн дүүгийн эхнэрийг улс төрд бэлтгэсэн гэдэг бөгөөд өнөөдөр бэр дүү нь Сүхбаатар дүүргийн Засаг даргаар сонгогдон ажиллаж байгаа нь үүнийг нь гэрчлэх биз ээ. Ямартай ч түүнийг улс төрийн хүрээнийхэн энэ мэтээс нь болсон уу, “Овжин Баттулга” гэлцэх юм билээ. Хэр овжиныг нь одоо л харцгаая.

 

 

Нийслэлийн АН-ын дарга асан Түвдэндорж

 

 

Тэрбээр одоогийн АН-ын дарга С.Эрдэнийг Нийслэлийн АН-ын дарга байхад нь тамгыг нь хүчээр шахам булааж авч байв. Учир нь тухайн үеийн нийслэлийн АН-ын “Х хурлыг хууль бус болсон” гэж С.Эрдэнэ намын даргын тамгаа өвөртлөн зугтаж байсан түүх бий. Харин одоо Ш.Түвдэндорж С.Эрдэнээс дээрх суудалд нэр дэвших эрхээ 90 сая төгрөгөөр авч байна. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдгийн тод жишээ энэ биз. Нийслэлийн АН-ын даргаар ажилласан жил гаруйхны хугацаандаа Э.Бат-Үүлийн багийн сонгуульд урдаа барьж орсон мөрийн хөтөлбөр болох “5 А” хөтөлбөрийг өөрөө боловсруулсан гэдэг энэ эрхмийн мөрөөдөл 2012 онд биелсэн. Тэрбээр УИХ-ын гишүүн болох туйлын мөрөөдөлтэй байсан бөгөөд нэр дэвшсэн ч унадаг заншилтай шахуу болчихсон байсан юм. Харин намын нэрийн жагсаалт гэгч гарч ирснээр түүний энэхүү мөрөөдөл биелж, Ардчилсан намын нэрийн хүчээр УИХ-ын гишүүн гэх эрхэм алдрыг зүүж байв. УИХ-ын гишүүн болоод зогсохгүй давхар дээл өмсөж, Хөдөө, аж ахуйн сайдаар хүртэл ажиллаж байв. Мөн Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга гэх мэт албан тушаалуудыг ч тойрч өнгөрөөгүй юм.

Ш.Түвдэндоржийн хувьд тойрогт нэр дэвших л юм бол өвдөг шорооддог гэдгээ өнгөрсөн оны УИХ-ын сонгуулиар баталчихсан. Тэрбээр СХД-т нэр дэвшсэн ч өвдөг шороодсон билээ. Ард түмний саналыг авч чаддаггүй гэгддэг ч тэрбээр ардчиллын алтан хараацай нарын 1 гэдэг утгаараа намынхныхаа саналыг авч чаддаг гэдэг нь сайдын суудалд 2 ч удаа тухалж байсан гэдгээр нь илрэх биз. Ш.Түвдэндорж АН олонхи болсон үед буюу 1999-2000 оны хооронд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан. Одоо түүнийг намынхныхаа итгэлийг хэр олох нь вэ гэдгийг харах л үлдлээ.

 

 

 

У.Жанцан

АН дүрмийн шинэчлэлээ гишүүддээ танилцуулаагүй нь Дээд шүүхийн өмнө “бүдрэх” шалтгаан болжээ
АН дүрмийн шинэчлэлээ гишүүддээ танилцуулаагүй нь Дээд шүүхийн өмнө “бүдрэх” шалтгаан болжээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.