Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

40 гаруй лицензтэй “Сентерра гоулд”-ын ашиг сонирхол Гацууртаар төгсөхгүй!

40 гаруй лицензтэй “Сентерра гоулд”-ын ашиг сонирхол  Гацууртаар төгсөхгүй!Сангийн сайд хэлэхдээ өмнө нь яригдаж ирсэн дөрөв таван том төслөөс эхний ээлжинд Гацууртыг л энэ онд хөдөлгөнө гэсэн. Нөгөө Тавантолгой энэ тэр бол хүлээлгийн өрөөндөө байгаа харагдана. За харин Гацууртын тал дээр Засгийн газрын түвшинд авч хэлэлцээд байгаа. Өнгөрсөн нэгдүгээр сард засгийн хуралдаанаар нэгэн шийдвэр гаргасан нь Гацууртын ордыг ашиглах талаар хэлэлцээр хийхээр болсон явдал юм. Тодруулбал, стратегийн ач холбогдол бүхий Гацууртын алтны үндсэн ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра Гоулд Монголия” компанитай Хөрөнгө оруулалтын гэрээ болон Орд ашиглах гэрээ байгуулах талаар хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар болж, Орд ашиглах гэрээний хэлэлцээр хийх Ажлын хэсэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төлөөлөл, Хөрөнгө оруулалтын гэрээ, хэлэлцээр байгуулах, хэлэлцээр хийх Ажлын хэсэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Үндэсний хөгжлийн газрын төлөөлөл орсон юм.

Тэгэхээр засгийн түвшинд ийм ахицтай шатанд яваа харагдах асуудал нөгөө талд шүүхийн шатанд бас анхаарал татаж байгаа юм. “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнөөс  Ноён уулын Гацуурдын орд дахь “Сентерра Гоулд” компанийн эзэмшлийн дөрвөн лицензийг цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг. Уг асуудалтай холбоотой шүүх хурал арав гаруй удаа товлогдсон ч, тодорхой шийдвэр гараагүй. Хойшлогдсоор өдийг хүрч байгаа. Ер нь бол “Сентерра Гоулд”-ыг засгаас дэмжээд байгаа нь учиртай гэх зүйлийг хэлэгсэд ч бий. Тухайлбал, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид хэвлэлд өгсөн ярилцлагадаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Сентерра Гоулд”-ыг өмгөөлж байгаа хэмээн ярьжээ. Тэр хэлэхдээ  “Сэлэнгэ аймгийн Засаг дарга байхаасаа эхлээд. “Сентерра Гоулд” компани  Ноён уул руу зам тавьсан цагаас өгсүүлэн бүх асуудалд  одоо Ерөнхий сайдын албыг хашиж буй Жаргалтулгын Эрдэнэбат холбоотой. Бүр шууд холбоотой. Үнэнийг дэлгэхэд ичиж зовох,  айж агших юм алга. Монголын ард түмэн бүгд харж, сонсч, мэдэж  байгаа. Ж.Эрдэнэбатыг Засаг даргаар ажиллаж байх үед Ноён уул руу сайжруулсан зам тавигдсан. Миний харж байгаагаар тэр зам тавигдахад Монгол Улсад Урт нэртэй хууль хүчин төгөлдөр хэлэлцэгдэж байсан. Маш их хэмжээний ойн сан, усны сав газар, хүүхдийн амралтын зуслан хүртэл тэр замын трасст орсон. Ноён уул дахь алтны лицензүүд Ашигт малмалын хэрэг эрхлэх газар мэдэх хэрэг ч Ж.Эрдэнэбатын лоббигоор олгогдсон. Энэ нууц биш. “Сентерра Гоулд”, “Бороо Гоулд”-тай холбоогүй юм  Ж.Эрдэнэбатад нэг ч байхгүй. Сэлэнгэ аймгийн Засаг дарга, дараа нь УИХ-ын гишүүн, өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд  гэх энэ өндөрлөгт шат дараалан хүрэх хүртэл энэ хүн “Сентерра Гоулд”-ын талд үйлчилсээр байгаа. Хатуу үг гэдэг үнэн үг байдаг.Тиймээс хатуухан хэлчихэд “Сентерра Гоулд”-ын толгой компанийн захирал Жон Казакоф сэтгүүлч Б.Отгоны асуултад хариулахдаа хэлсэн дээ “Танай Монгол Улсын Их хурал болон Засгийн газарт манай лобби бүлэг ажиллаж байгаа. Танай “Урт нэртэй хууль”-ийг байхгүй болгоно, Ноён уулыг чинь ч ухна” гэж. Өөрөөр хэлбэл, танай байгаль хамгаалах хууль, ойн хуульд бид нөлөөгөө оруулж чадна  гэсэн. Нялуунаас шулуун гэж үг бий. Шулуухан хэлчихэд, би түүнийг “Лобби бүлэг”-ийн удирдагч,  “Гацуурт” төслийг санаачлагч гэж боддог. Тэрэндээ эрдээд шүүх хурал дээр Засгийн газрын ажлыг яриад байгаа байхгүй юу. Төрийн албан хаагчдынхаа цалинг тавьж чадахаа байчихна ч гэх шиг. Тэтгэвэр тэтгэмжээ өгч чадахгүй болно ч гэх шиг.”хэмээн хэлж ярьсан байдаг.

Сануулахад УИХ-ын 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолоор Гацууртын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулсан. Мөн УИХ-ын 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор энэ ордод Засгийн газрын эзэмших хувь хэмжээг 34 хувиар тогтоосон юм. Тэгвэл бусад 66 хувьтай холбоотойгоор яригдаж ирсэн Канад улсын Торонтод төвтэй Сентерра Гоулд корпорацийн охин компани Бороо Гоулдын талаарх мэдээлэлд анхаарал хандуулъя.

Сентерра Гоулдын  Монгол дахь эрх ашиг

Гацууртын ордод албан бусаар олборлолт явуулаад гол усыг хүнцлээр бохирдууллаа хэмээн асуудалд орж байсан, мөн Нидерланд улсад байгуулсан охин компаниараа дамжуулж Бороо Гоулд ХХК-ийн  ноогдол ашгийн орлогоос ямар ч татвар төлөлгүйгээр Канад руу шилжүүлэн авч байсан гэхчлэн но-той асуудал олонтой тус компанид Монголд хийх ажил дуусахгүй янзтай байна.

 Бороогийн алтны ордыг ашиглаад дууссан энэ компани тус уурхайгаас  35 км зайд орших Гацууртын ордын ашиглалтыг эхлүүлэх гэж Монголын Засгийн газартай албан тохироонд хүрэхийн тулд нэлээд цагийг зарцуулж байгаа нь  үнэн. Гацуурын орд нь Урт нэртэй хуулийн хүрээнд түдгэлзүүлэгдчихээд байгаа орд гэдэг утгаараа тэдний хүсэл биелэхгүй саатаж байсан. Түүнээс гадна  Ноён уулыг хөндөж болохгүй шалтгаануудын талаар ч дуугарч ирсэн хүмүүс олон байгаа учир тус ордыг ухах гадныхны хүсэл биеллээ олоход саад тээг болоод буй юм. Гэсэн ч Бороо Гоулд нэгнийх нь нөөцийг дуусгасан нөгөөгийнх нь нөөц рүү гүн орох гээд байгаа хоёр талбайг холбосон 55 км урттай замыг аль  арван онд барьж дуусгасан гэх юм билээ.

Гацууртын ордын нөөцийг 2010 оны 12-р сарын эцэс гэхэд боломжтой нөөцийн хэмжээ 1.5 сая унц, бодитой болон баттай нөөцийн хэмжээ 426,000 унц, боломжтой баялагийн хэмжээ 491,000 унц гэж тооцоолсон байдаг.Түүнчлэн ил уурхайгаас олборлосон хүдрийг Гацууртаас Бороогийн үйлдвэр рүү тээвэрлэж, тэнд Гацууртын ордын өндөр агуулгатай исэлдсэн хүдрийг дараа нь Гацууртын сульфидын хүдрийг боловсруулах гэнэ. Мөн тус үйлдвэрт Гацууртын боловсруулахад хүндрэлтэй сульфидын хүдрийг биологийн аргаар исэлдүүлэх нэмэлт цех байгуулна гэх мэдээллийг өгдөг. Ерөнхийдөө бол манай талаас байгаль орчноо бодсон шийдвэрийг гаргасан бол Бороо Гоулдын талаас байгальд халгүй технологийн тухай ярьдаг байдалтай он он дамнаж байгаа юм.

Ер нь бол Бороо Гоулд компани зөвхөн Бороо, Гацууртын ордуудаар тогтохгүй. Тэдний эзэмшилд ашиглалтын 10, хайгуулын 4 лиценз байгаа бол Сентеррагоулд монголия компанийн нэр дээр ашиглалтын 7,  хайгуулын 20 нийтдээ 41 лиценз байгаа талаар өмнө нь дуулгаж байсан. Тэгвэл тэдгээрийн нэг нь Aлтан цагаан овоо ордын хайгуулын лицензийг эзэмшигч нь тэд юм.

Дорнод аймгийн Цагаан Овоо сумын нутагт байрлах Алтан Цагаан Овоо ордыг анх 2010 оны 5 дугаар сард илрүүлсэн гэх. Гэхдээ анхны эзэн нь Францын Арева компанийн 100 хувийн эзэмшлийн охин компани болох “Коже Говь” компани байжээ. Тодруулбал, Алтан Цагаан Овоо орд нь “Коже Говь” компаниас 2010 оны 5 дугаар сард Сентеррагийн худалдаж авсан Цагаан Овоо лицензит талбайд оршдог бөгөөд тус ордоос олох цэвэр ашгийн 1.75 хувийг Арева-д төлөх нөхцөлтэй гэдгийг Бороо Гоулдын зүгээс өгүүлсэн байгаа юм.

Мөн түүнээс гадна Цагаан Овоо лицензит талбайтай зэргэлдээ орших Тариат, Хүрэн Толгой, Давхар Толгой гэсэн хайгуулын гурван талбайг  Сентерра эзэмшдэг аж. Энэ дөрвөн лицензит талбай нийлээд ойролцоогоор 77,000 га буюу 35 км х 25 км орчим талбайг хамардаг. Энэ талбай нь Дорнод Монголын талд оршдог бөгөөд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” Монгол Улсын хуульд хамрагдаагүй хэмээн тодотгожээ.Тэгэхээр Сентерра Гоулдын тухайд Гацууртын төслийг албан ёсоор эхлүүлэх зөвшөөрөл автлаа хийх ажилтай, хөдөлгөх төсөлтэй өдийг хүрчээ.

Түүнчлэн тус компани Аревагийн охин компаниас дээрх лицензит талбайг худалдаж авснаасаа хойш 2010 оны 5 дугаар сараас 2011 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд хайгуулын үйл ажиллагаа хийгээд үнэт болон суурь металлын томоохон эрдэсжилттэй болох нь тогтоогдсон байдаг.

Тэгэхээр энэ янзаараа бол Сентерра Гоулдын Монгол дахь ашиг сонирхлын цар хүрээ нэлээд өргөн харагдаж байдаг юм.

МИАТ компани хоёр шинэ онгоц түрээсээр авна
МИАТ компани хоёр шинэ онгоц түрээсээр авна
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.