“Яагаад заавал “Үлмэдэх ба түүний нөхөд” гэдэг шиг мангар бацаан тэр Эрдэнэтийн 49 хувийг авах ёстой юм.Жирийн хүнд бол хэзээ ч бүтэшгүй зүйл, мөрөөдөл. Үүнийг хэн хийж чадах вэ гэвэл манай дарга нар. Дарга нар дэмий юм хийх юм даа, зүгээр л тэр Эрдэнэтийн 49 хувийг улсад нь буцаагаад өгчих. Манай ганц саалийн үнээ шүү дээ зайлуул. ХХБ-наас та очоод зээл гуйгаад үз дээ, 100 сая төгрөг. Нөхөртэйгөө, хүүхдээ, бүгдийг нь барьцаанд тавина шдээ. Байшин саваа бүгдийг нь барьцаанд тавьж байгаад л дахиад гурван сар тэр зээлийг танд өгөх үү үгүй юу гэдгийг хэлэлцэнэ. Тэгж байхад тэнд нэг мангар бацаан компани байгуулангуут 400 сая доллар зээлээд “за Эрдэнэтийг авчих” гээд явуулдаг бол худлаа.” Ингэж хэлсэн хүн бол Б.Жаргалсайхан. Гэвч 49 хувиа тэд тэгж амар улсад буцаагаад өгчихгүй л дээ.
Эрдэнэтийн асуудал эцэстээ шүүх дээр шийдэгдэнэ гэж нэр бүхий улстөрч хэлж буй. Гэхдээ улс оронд хууль журам гэж байгаа бол, дагаж мөрдөх ёстой бол УИХ-аас гаргасан тогтоолын үйлчлэл цаашид хадгалагдах ёстой гэдгийг хэлэгсэд бас байгаа. Ш.Раднаасэд дарга 49 хувийг төрд авах шийдвэр гаргасан асуудлаар “Манай ажлын хэсэгт Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, Хяналтын шалгалтын газрын дарга нь, Сангийн яамны Төрийн нарийн нарийн бичгийн дарга, ТЕГ-ын Татварын хяналт шалгалтын хэлтсийн дарга орсон. Энэ бүрэлдэхүүн тодорхой удирдамжийн дагуу өөр, өөрсдийнхөө чиглэлийн дагуу ажиллаж гаргаж ирсэн мэдээллийн дагуу “Монголын зэс” компанийн эзэмшиж буй 49 хувийг суутган тооцох хэлбэрээр төрд авах шийдвэр гаргасан. 49 хувийг эзэмшиж байгаа хүмүүс шүүх, хяналтын бүх газраар явах байлгүй. Явах эрх нь тэдэнд байгаа.” гэж байсан. Гэхдээ одоогоор 49 хувийн асуудлаар шүүхэд хандсан гэх мэдээлэл байхгүй байна.
Ямартай ч “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн ТУЗ-ийн гишүүд болох Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Да.Ганболд, “Монгол зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар нарыг нүдээ цавчихгүй, нүүрний хувиралгүй худлаа ярьж байна гэж Т.Аюурсайхан гишүүн хэлж байсан. За харин Ж.Батзандан гишүүн “Шалгалтаар бид тогтоосон. Хөгжлийн банкинд танайхан яаж нөлөөлдөг, улсын өмчөөр та нар яаж тоглодгийг. Нэг гартаа Худалдаа хөгжлийн банктай, нөгөө гартаа Улаанбаатар банктай. Нэг гартаа Дарханы төмөрлөг, нэг гартаа Хөтөл гэдэг төрийн өмчит хоёр компанийг концесс гэдэг нэрээр авчихсан. Дараа нь өмч хувьчлалын жагсаалтад оруулж байгаад яаж будилуулсан, бүгдийг бид мэднэ” гэж байсан.
Харин МУИС-ийн ОУ-ын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Дэд профессор С.Энхцэцэг энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж байгаа мэдээлэл, Эрдэнэтийн асуудлаарх ажлын хэсгийн дүгнэлтээс үзэхэд төрийн мөнгөөр худалдан авсан нь тодорхой боллоо. ХХБ 400 сая доллар төлөхийн тулд Монголбанкнаас 360 тэрбум төгрөг гаргуулсныг тогтоожээ. Энэ бол байж боломгүй зүйл. Төрийн онцгой обьектийг луйврын аргаар худалдаж авсан хэргийг Нийслэлийн прокурорын газар хэрэгсэхгүй болгосон нь манай улсад хууль нь гууль болсныг харуулна.
Монголбанк арилжааны банкуудаа хянадаг субьект атлаа ямар үндэслэлээр энэ их мөнгийг ХХБ-нд шилжүүлсэн нь сонирхолтой. Би иргэн хүний хувьд төр хувийн өмчийг дээрэмдээгүй, харин ч увайгүй, луйврын шинжтэй үйлдлийг УИХ таслан зогсоолоо гэж үзэж байна. Хэрэв ХХБ, “Монгол Зэс Корпораци” дан ганц өөрсдийн мөнгөөр 49 хувийг худалдан авсан бол бидний хувийн өмч гэх нь зөв. Тэр тохиолдолд төр эргүүлэн 100 хувь төрийн эзэмшилд авах эрхгүй. Харин энд асуудал арай өөрөөр хөндөгдөж байна. Арилжааны банк /ХХБ/ энэ их мөнгийг ямар арга замаар хуримтлуулав гэдгийг илүү тодорхой болгох хэрэгтэй.” гэж байгаа юм.
Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан санхүүгийн схем нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэсэн дүгнэлтийг хуулийн байгууллага хэрхэн авч үзэх вэ гэдэг нь анхаарал татсан асуудал хэвээрээ байна.