Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хүрээлэн хамтран “Уул уурхай, ашигт малтмал, метал, тогтвортой хөгжлийн засгийн газар хоорондын форум” байгууллагын дэмжлэгтэйгээр “Монгол Улсад уул уурхайн салбарын бодлогыг хэрэгжүүлэх чадавхийг сайжруулах нь” сургалтыг энэ сарын 20-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
“Уул уурхай, ашигт малтмал, метал, тогтвортой хөгжлийн засгийн газар хоорондын форум” байгууллага нь 2016 онд Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу Монголын уул уурхайн салбарын бодлогын үнэлгээг хийсэн бөгөөд түүндээ үндэслэн энэхүү сургалтыг хийж байгаа юм.
“Санхүүгийн үр ашгийг сайжруулах нь” сэдвээр Нээлттэй нийгэм форумын хурлын танхимдэхэлсэн сургалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал нээж, оролцогчдод амжилт хүслээ. Тэрээр “УИХ-аас баталсан "Монгол Улсын тогтвортой хөгжлийн Үзэл баримтлал 2030" болон бодлогын бусад баримт бичигт заасан тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад уул уурхайн салбар тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ. Энэ ч үүднээс өнөөдрийн сургалт нь тогтвортой хөгжилд чиглэгдсэн Уул уурхайн бодлогын хэрэгжилтийг хангах чадавхийг сайжруулахад чиглэсэн чухал арга хэмжээ болж байна” гэлээ.
УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал
Өнөөдрийн сургалтаар уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтад ногдуулах татварын орлогын санхүүгийн үр ашгийг зөв тодорхойлж, баталгаажуулах бодлогын зарчмууд, шилдэг туршлагуудыг танилцуулах аж.
Дөрвөн өдрийн сургалтыг олон улсад нэр хүнд бүхий зөвлөх мэргэжилтнүүд болох “ДиЭлЭй Пайпер”олон улсын татварын компанийн Мэдлэгийн хэлтсийн дарга Ши Бүүн Ло, Тогтвортой хөгжлийн стратеги группын ерөнхийлөгч Люк Даниелсон, Олон улсын эрдэс баялгийн эрх зүй, бодлогын асуудлаар мэргэшсэн хуульч Кристи Брюкнер, “Ин Эдү” компанийн гүйцэтгэх захирал Д.Бямбажав нар удирдаж байна.
"ДиЭлЭй Пайпер”олон улсын татварын компанийн Мэдлэгийн хэлтсийн дарга Ши Бүүн Ло
Зөвлөх, хатагтай Кристи Брюкнер
Сургалт лхагва гаригт “Уурхайн хаалт” сэдвээр “Пума Империал” зочид буудлын хурлын танхимд, пүрэв гаригт “Нийгэм, эдийн засгийн үр нөлөөг нэмэгдүүлэх нь” сэдвээр Нээлттэй нийгэм форум дээр үргэлжлэх аж.
Сургалтад уул уурхайн салбарын бодлогыг тодорхойлох, түүний хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд, орон нутгийн засаг захиргааны уул уурхай хариуцсан удирдах ажилтан, судлаачид, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл оролцож байна.