АН-ын тамгыг С.Эрдэнэд баяртайгаар атгуулсан З.Энхболд Ардын намд муу дүн тавьж буйгаа хэвлэлээр зарлажээ. Тэрбээр 3Ардын намд би муу дүн тавина. Яагаад муу дүн тавьж байна гэхээр Ардын нам улс орноо эдийн засгийн хямрал руу түлхсэн. Уг нь улс орны эдийн засаг муу байна гэж үзээд иргэд Ардын намыг сонгосон юм шүү дээ. Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өсч байгаа ч Монголын эдийн засаг сэргэх хүлээлт алга. Үнэндээ МАН-ынхан мордохын хазгай гэгч болсон. Ардчилсан намыг муулж, орон нутгийн сонгуульд оноо авах гэж байгаад улсынхаа зээлжих зэрэглэлийг унагаачихсан. Үүнээс нь болоод зээлдэг мөнгөнийх нь хүү өссөн. Ардчилсан намыг муулаад сонгуульд ялж болно. Гэхдээ гадаад зах зээл Ардын намын улс төрийг ойлгохгүй. Улсаараа муу юм байна л гэж хүлээж авна.” хэмээн news.mn сайтад ярилцлага өгөхдөө хэлжээ.
Тэгэхээр З.Энхболдын эл шүүмлжлэл шулуухандаа бол Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн сүрхий мэдэгдэл рүү чиглэж байгаа нь тодорхой л доо. Сангийн сайд Чойжоог мэдэгдэл анх хийсний араас АН-ынхан бас хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, Сангийн сайдын яриад байгаа шиг тэр их хүндрэл байхгүй гэж байв. АН, МАН хоёр тийнхүү хоорондоо хэрэлдэж, уралцаж байх зуур Олон улсын рейтингийн агентлагууд бидэн рүү өлөн нүдлээд харж байж л дээ. Ерөнхийдөө нэг иймэрхүү л юм болоод буй.
Тэрнээс биш улс орныг хямраасан этгээд зөвхөн МАН-д юм уу, АН-д бий гэж харахын аргагүй. Өнгөрсөн олон жилүүдэд төрийн эрх мэдлийг ээлжлэн эсвэл хамтдаа барьсан энэ хоёр намд ихээхэн асуудал бий. Гэвч З.Энхболд дарга бурууг бусдаас хайж байна. Тэрбээр “Манай нам 1.4 тэрбум ам.долларын валютын нөөц үлдээсэн. Харамсалтай нь “нөөцгүй боллоо” гэж улстөржсөн мэдэгдэл хийдэг Монголбанкны ерөнхийлөгчтэй болсон байна. Улс орнуудын кредит рейтингийг тогтоодог агентлагийнхан Монголд ирээд МАН-ынхантай уулзах гэсэн юм билээ. Гэтэл Ерөнхий сайд нь ч, Сангийн сайд нь ч, Монголбанкны ерөнхийлөгч нь ч уулзалгүй хөөгөөд явуулчихсан байсан. Тэгэхээр нь гадныхан Монгол муу юм байна гэж ойлгох нь зөв шүү дээ. Сангийн сайд өчигдөр кредит рейтинг гэдэг чинь их чухал юм байна гэж ярьж байна лээ. Үүнийг МАН-ынхан жилийн дараа ойлгож байгаа нь харамсалтай. Уг нь тэр агентлагийнхныг хүлээж авч уулзаад юмаа сайхан тайлбарлаж өгөх ёстой байсан. Бид нар худлаа ярьсан юм аа, Ардчилсан намынхан 1.4 тэрбум долларын нөөц үлдээсэн. Манайхан улс төржчихсөн юм, та нар залруулаад өгөөрэй л гэх ёстой байхгүй юу. Тэгж ярилгүйгээр хамаг рейтингээ унагаагаад, уулзах нь бүү хэл хөөгөөд явуулчихсан байгаа юм даа. Тэр улсууд манайхантай уулзах шаардлагагүй. Гаднаас нь хараад дүгнэлтээ биччихдэг юм. Уулзъя гэж санал тавьж байгаа нь та нар юмаа тайлбарлаач ээ гэсэн санаа. Ардын намынхан Ардчилсан намыг харлуулах гэж хэт улайраад мөнгөний ханшаа алдчихсан. Өмнө нь доллар 2000 төгрөг болоход МАН-ынхан яаж орилж хашгирдаг байлаа даа. Одоо бүр 2500 болчихоод байна шүү дээ. Ханшийг 2000 орчим төгрөгт бариад байх боломжтой байсан. Ийм маягаар улс орны эдийн засгийг авч явахгүй ээ. Одоо Ардын намынхан үнэнд гүйцэгдэнэ гэгч болж байна. Гэтэл сонгуулийн үеэр Ардын намын мөрийн хөтөлбөртөө юу гэж амалж байлаа… Ардын нам эх орноо өрнөөс салгана гэсэн байгаа биз дээ. Түүнээс ОУВС-гаас 5.5 тэрбум доллар зээлнэ гэсэн үг байна уу. “Ардчилсан нам яасан их зээл авдаг юм бэ”, “Бонд гэж ямар аймаар юм бэ”, “бид засгийн эрхэнд гарвал зээл авахгүйгээр улс орноо авч явна” гэсэн сурталчилгааг Ардын намынхан дөрвөн жил хийсэн хүмүүс.” хэмээн тэрбээр ярьжээ.
Тэгэхээр З.Энхболд даргынхаар бол МАН улстөрийн шоу хийснээс л бүх зүйл болжээ. Явж явж Зи дарга Сангийн сайд Чойжоогийн айхтар мэдэгдэл рүү цаагуураа асуудлыг чиглүүлж байгаа харагдаж байна. За харин Сангийн сайд Монгол Улс асар их өрөө төлж чадахгүйд хүрч мэдэх нь гэсэн утгатай мэдэгдлийг хийхдээ өөрийнхөө толгойгоор дуугарсан уу, өрөөлийн заавраар хэлсэн үү гэдэг нь бас тусдаа асуудал биз ээ.