Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг үндэслэн Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Хас банк, Голомт банк, Төрийн банк, Капитрон банк, Капитал банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк зэрэг есөн банкны 18 салбар тооцооны төвүүдийг хяналт, шалгалтанд хамруулжээ.
Тус хяналт, шалгалтаар, Хаан банк - 509-р тооцооны төв / 100 айл/, Хас банк - ИБМУТ хажуу тал өргөтгөл, Голомт банк - ИБМУТ харъяа салбар, Капитрон банк - 100 айл тооцооны төв, Капитал банк - Ард бизнес төв, Улаанбаатар хотын банк - Чингэлтэй дүүрэг салбар зэрэг 6 салбар тооцооны төвүүд харилцагч нарт үйлчлэх ариун цэврийн өрөө байхгүй зөрчил илэрсэн байна.
Уг нь арилжааны банк бүрт ариун цэврийн өрөө байх ёстой. Түүгээр нь үйлчлүүлэгч үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхтэй гэдгийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан онцолж, "Зөрчил гаргасан банкуудад шаардлага хүргүүлж , зөрчлийг арилгуулахаар болсон" гэсэн юм.
Зөвхөн банкууд ч гэлтгүй. Маш олон үйлчилгээний газруудад ийм асуудал байсаар байдаг.
Энэ нь жижигхэн асуудал мэт боловч энэ бол үнэхээр хөндөх ёстой сэдэв. Худалдаа үйлчилгээний газар нээхэд анх Мэргэжлийн хяналтынхан үйлчлүүлэгчид зориулсан бие засах газартай байх шаардлага тавьдаг. Гэтэл тэр шаардлагыг мартсан, бие засах газраа түгждэг газрууд олон болчихож.
“Манай 00 засвартай байгаа” гэх мэтийн тайлбар хэлж, 00-доо оруулахгүй байх нь зүгээр л цэвэрлэхээс залхуурсан явдал. Үүний оронд хураамжтай гээд зуун төгрөг авна гээд зогсч байгаа нь хамаагүй соёлтой харагдахсан. Гадаадын орнуудад 00-ийн асуудлыг ариун цэврийн цаасгүй, гар ариутгах шингэнгүй гэх зэрэг асуудал л тохиолддог бол манайд бүр 00-д орох эрх ч алга гэхээр харамсалтай.
Үйлчилгээний газар бүр ингээд хаалгаа барьчихаар нийтэд нээлттэй цөөхөн хэд нь ачаалал ихтэйгээс цэвэрлэгээ хийгээд дийлдэггүй бололтой. Энгийн хүмүүст хүндрэлтэй энэ асуудал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бүр ч төвөгтэй. Зориулалтын суудал битгий хэл цэвэрхэн суултуургүй, шалан дээрх шалбааган дээр нь халтирч унах нь холгүй газарт тэд яаж орох вэ. Хөдөө орон нутагт л хүндрэлтэй байдаг мэт ойлгодог бие засах газар нийслэл хотын хувьд ч хөндөх сэдэв байсаар. Тиймээс 00 ажиллуулдаггүй үйлчилгээний газруудыг хаах, эсвэл стандартын шаардлага хангасан 00-той болгох хэрэгтэй байна.
Т.Гэрэл