Гандангийн хэвийн боов эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа тухай мэдээлэл жил бүрийн сар шинийн өмнө гардаг. Гэвч Гандангийн хэвийн боов хэрэглэгчдэд хүрсээр байгаа юм. Тиймээс эрүүл ахуйн шаардлага хангахгүй нь шалгалтаар тогтоогддог хэвийн боовыг үйлдвэрлэх эрхийг нь бүрэн хасч яагаад болохгүй гэж гэсэн асуудал гарч ирж байгаа юм.
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсээс сар шинийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх шалгалтаар Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Гандангийн орчимд байгаа хэвийн боовны 6 цэг, үйлдвэрлэлийн 3 цехийг хамруулжээ.
Шалгалтаар хэвийн боовыг хаана хэзээ үйлдвэрлэсэн тодорхойгүй, зориулалтын бус сав баглаанд савласан, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд тухайлбал автомашины арын багааж, контейнерт худалдаалсан, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн орчин нөхцөл хүнсний технологи, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй, ажиллагсад нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй зэрэг нь Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.3, 10.1.7, 10.1.9 дэх заалтуудыг зөрчиж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Тиймээс хэрэглэгч нарт ил задгай гудамж талбайд хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, баталгаажилтгүй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Тэгэхээр мэргэжлийн байгууллага ингээд дүгнэлт гаргаад байхад иргэд Гандангийн хэвийн боовыг худалдаж авахгүй байх ёстой юм.
Түрүүн хэлсэнчлэн Гандангийн хэвийн боов үргэлж л шалгалтад бүдэрдэг. Тиймээс мэдээллийг эргэн сануулах нь зөв байх.
Тухайлбал, 2012 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний үйлдвэрийн технологийн хэлтсээс шалгалт хийхэд мөн л шалгалтад бүдэрсэн байсан. Тухайн үед тус хэлтэс дэх улсын байцаагч Д.Баянжаргал хэлэхдээ “Гандантэгчилэн хийдийн гал тогоонд хийгдэж байгаа хэвийн боов стандартын болоод эрүүл ахуйн нөхцөл хангахгүй байгааг тогтоосон. Тиймээс бид шаардлагатай цэвэрлэгээ, ариутгал хийхийг даалгасан. Мөн тус хийдийн ойр хавьд шалгалт хийсэн. Энэ үеэр хувь хүмүүс Гандантэгчилэн хийдийн нэрийг ашиглан, хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй, хаяг шошгоны зөрчилтэй хэвийн боов худалдаалж байгаа хэрэг олон гарсан.” гэж байв.
Тэгэхээр жил бүр шалгалтад бүдэрдэг Гандангийн хэвийн боовноос Монголчууд татгалзах цаг болжээ!