Өмнөд Солонгосын Тагнуулын албанаас Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Нам амь насаа алдсантай холбогдуулан албан ёсны мэдээлэл хийжээ.
Уг мэдээлэлд “Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Нам нь Малайз Улсад гаднын нөлөөтэйгээр амь насаа алдсан нь үнэн болно. Тэрээр Макао Улсад байсан гэр бүлийнхэн дээрээ очихоор Малайз Улсын Куала-Лумпур хот дахь олон улсын нисэх онгоцны буудалд очсон. Гэвч үл мэдэгдэх хоёр эмэгтэй түүнийг хортой зүүгээр харваж амь насыг нь хөнөөгөөд зугатаасан байна.
Ким Чен Нам нь дүү болох Ким Чен Уныг өв залгамжлагч болсны дараа Хойд Солонгосын дэглэмийг илт шүүмжилж, буруушааж байсан. Тиймээс Ким Чен Ун нь таван жилийн өмнөөс эхлэн Ким Чен Намын амь насыг хөнөөлгөхөөр бэлтгэж байсан” гэжээ.
Ким Чен Нам нь энэ жил 46 настай. Тэрээр Их Удирдагч Ким Чен Ирийн анхны эхнэрийн том хүү бол өнөөгийн удирдагч Ким Чен Ун нь түүний хоёр дахь эхнэрийн том хүү юм.
Тэрээр аавынхаа өв залгамжлагч болохоор бэлтгэгдэж байсан ч дүүдээ шахагдан улмаар гадаадын орнуудад ажиллах болсон байна. Энэ үедээ Хойд Солонгос улсын худалдан авах зэвсгийг гардан хариуцдаг байсан ба 2011 онд аавыгаа таалал төгссөний дараа дүүтэйгээ харьцаагаа тасалсан аж.
Ким Чен Намыг хортой зүүгээр харваж амь насыг нь хөнөөжээ
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Малайз Улсад амьдарч байсан ахыгаа захиалгаар хөнөөлгөснийг олон улсын тагнуулын байгууллагуудаас мэдээллээ.
Тэгвэл Малайз Улсын цагдаагийн газраас “Түүний биед гаднын нөлөөтэй хортой зүү шигдэн орсон ба, хор нь амьсгалын эрхтэн болон булчингийн үйл ажиллагааг зогсоож, улмаар амь насаа алдах хэмжээнд хүргэсэн байж болзошгүй. Тодорхой шалтгааныг задлан шинжилгээ хийсний дараа дахин мэдээлнэ” гэсэн юм.
Хортой зүү гэдэг нь гаднаас нь харахад үзэг мэт харагддаг ба кноп дарах төдийд хүний амь насыг хөнөөх чадвартай байдаг аж. Тэгвэл ийм хор бүхий 11 мм орчим урт үзүүртэй зүү 10 метр хүртэл зайнаас харвагдаж хүний биед шигдэн орох боломжтой байдаг аж.
Америкийн мэдээллийн CNN агентлаг өнгөрсөн 2011 онд Хойд Солонгосын тусгай албаны ажилтан “Хятад Улсад дүрвэгч Хойд Солонгосчуудад тусалж байсан Өмнөдийн нэгэн сүмийн пасторийн амь насыг хөнөөх оролдлого хийхдээ хортой зүүгээр харваж байсан” хэмээн мэдээлж байсан удаатай.
Тэгэхээр энэ зүүг Хойд солонгосын тусгай алба хүний амь хөнөөх зорилгоор бүтээдэг гэсэн таамаг байдаг юм.
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун ахынхаа амь насыг хөнөөлгөсөн тухай мэдээ шуугиан тарьж байна
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Малайзад амьдарч байсан ахыгаа захиалгаар хөнөөлгөсөн хэрэг өчигдөр гарчээ.
Өмнөд Солонгос болон Япон, Малайз Улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаагаас үзвэл удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Нам нь гадаадад зорчихоор өчигдөр өглөөний 9 цаг 26 минутийн орчим Малайз Улсын нийслэл Куала-Лумпур хотын олон улсын нисэх онгоцны буудал дээр очсон байна.
Тэрээр онгоцны нислэгийн хуваарийг шалгадаг автомат төхөөрөмжийн дэргэд үйлчлүүлж байгаад ухаан алдаж унасан ба түргэн тусламжийн тэргээр эмнэлэгт хүргэсэн ч амь насаа алджээ.
Малайзийн цагдаагийн газрын мэдээлснээр “Хяналтын камеруудыг шалгаж үзэхэд Ким Чен Намын дэргэд ази царайтай хоёр эмэгтэй очоод холдсон ба тэд тэр даруй онгоцны буудлаас таксинд сууж явсан. Бид тэр хоёр эмэгтэйг эрэн сурвалжилж эхэлсэн” хэмээн мэдээлжээ. Мөн сэжигтэн байж болзошгүй хоёр эмэгтэйн зургийг олон нийтэд үзүүлсэн байна.
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Нам нь түүнтэй нэг эцгийн хүүхдүүд боловч эх ондоотой хүүхдүүд ба сүүлийн 10 гаруй жилийн турш Малайз, Макао, Сингапур, Хонг Конг зэрэг Улсуудад амьдарч байжээ.
Тэрээр дүү Ким Чен Уныг өв залгамжилсан удирдагч болсны дараа “Өвөө, аав, хүү гэсэн гурван үеийн хүмүүс нэг улсыг удирдаж байгаа нь буруу” хэмээн шүүмжилж байсан юм.
Тийм ч учраас амь насаа алдаж болзошгүй гэдгээ урьдчилан таамаглаж, нууц байдалд амьдардаг байсан нь энэ ажээ.