Энэ мэдээ хуучирсан буюу 2017/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түүхийн баримтыг \“Хохироосон\“ хариуцлагыг хэн хүлээх вэ?


 

-Түүх соёлын хосгүй өв, түүхэн бичиг баримтаа эрсдэлд оруулсан хариуцлагыг хэнээс нэхэх вэ?-

Одоогоос жилийн өмнө манай сонин Үндэсний төв архивын сан хөмрөгийг нүүлгэн шилжүүлж байгаа үйл явцыг хөндсөн, шүүмжлэлтэй нийтлэлээрээ төр засаг, олон нийтийн анхааралд хүргэхийг зорьж байсан билээ. Тухайн үед хөндөж байсан энэхүү асуудал нь жирийн нэгэн байгууллага шинэ байранд нүүн орж байгаатай харьцуулахын аргагүй чухал сэдэв байсан нь өнөөдөр батлагдсаар байна. Тодруулбал асуудлыг хөндөж байх үед Үндэсний төв архив олон нийтэд зориулсан үйлчилгээгээ гурван сарын хугацаагаар албан ёсоор хааж, нүүдлээ эхлүүлж байсан.
Хамгийн гол нь үндэсний түүхэнд холбогдох цаасан дээр бичигдсэн хуучны бичиг баримтаа дүн өвлийн хүйтнээр шилжүүлсэн нь түүхийн гэрч болсон баримт, соёлын өвийн хадгалалтын наад захын заавар, журмыг зөрчиж архивын бичиг баримтыг эрсдэлд оруулсан асуудал юм. Энэ талаар Засгийн газрын хуралдаанд хүртэл танилцуулагдсан боловч салбарын сайдын мэдлийн асуудал гээд анхаарал хандуулалгүй орхисон гэдэг. Хэрвээ тухайн үед бүх бэлтгэлээ базаачихаад, аажуу тайван хийж гүйцэтгэсэн бол өнөөдрийнх шиг “Бушуу туулай борвиндоо баастай” хэмээн халаглан суухгүй л байсан болов уу. Угтаа бол энэхүү үйлдэл нь бүхэл бүтэн үндэстний “Төрийн санах ой” болсон архивын бичиг баримтаа шууд шалан дээр аваачин овоолсон нь мэргэжлийн архивч байтугай, бичиг үсгээ дээдэлдэг жирийн монгол хүний ой ухаанд буухааргүй бүдүүлэг асуудал байсан юм. Шинэ байрандаа жилийн дараа арай гэж шаардлагатай шүүгээ тавиураа суурилуулаад баримтаа байрлуулах гээд хайрцаг, уутыг нь задлахад цөөнгүй хэсэг нь чийг цохьсон, мөөгөнцөртөж, сэлбэн засах зайлшгүй шаардлагатай болсон талаар архивчид нь харуусангуй ярьж сууна.
Түүнчлэн хичнээн засаад ч хэвийн байдалдаа орох боломжгүй гэдгийг архивчид хэлж байсан юм. Түүх, соёлын хосгүй өвөө ийм байдалд хүргэсэн нь мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа эгэл жирийн архивчидтай бус шийдвэр гаргасан хүмүүстэй л хариуцлага тооцох хэрэгтэй гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Зөвхөн нүүдэл ч гэлтгүй “будаг нь ханхалсан” хэмээн магтуулж байх ёстой шинэ барилгын чанарын асуудалд ч бас анхаарлаа хандуулах ёстой байх. Олон улсын шилдэг туршлага, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжөөр хийсэн анхны зураг төслөөс өөрөөр хийсэнд гол учир байх шиг. Зундаа зоорийн давхрын хананаас гүний ус нэвчсэн, салхи сийгсэн чанар муутай цонх хаалга, өвөлдөө хүйтэн гээд эгэл жирийн архивчдын хэвийн ажиллах орчинг бүрдүүлж чадаагүй нь харахад л нүдэнд тусна.

Монгол Улсыг хүнтэй зүйрлэвэл тархи нь Үндэсний төв архивын газар

Түүхийн эх сурвалжийг түмэн олондоо хүргэх гол үүрэг гүйцэтгэдэг түүхч, судлаачид маань хүртэл хотын төвөөс алсад байрласан гэхээс илүүтэйгээр баримтаа уншиж ашиглах тохь тух өмнөхөөсөө хамаагүй муудсан талаар гомдоллохыг сонсож болно. Өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад яаран сандран нүүлгэх шийдвэр гаргасан нь нүүлгэлтийн зардлаас хувь хүртэх гэсэн богино бодолтой албан тушаалтны харалган шийдвэр байжээ гэдэг нь харагдаж байна. Ухаангүй шийдвэр гаргасан түшмэд “Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай” гэдгээр явлаа гэхэд түүх соёлын хосгүй өв, түүхэн баримт бичгээ эрсдэлд оруулсан хариуцлагыг хэнээс нэхэх вэ. Монгол Улсыг хүнтэй зүйрлэвэл тархи нь Үндэсний төв архивын газар. Өөрөөр хэлбэл, төрийн санах ой, Монгол Улсын хэдэн зууныг түүчээлсэн түүхийн хосгүй үнэт баримтаас эхлээд та бидний бүртгэл мэдээлэл ч тэнд хадгалагдаж байгаа гэдгийг хэн хүнүй мэднэ. Тэр ч утгаараа Солонгос кинонд гардаг шиг ой санамжаа алдах өвчнөөр өвчлөх аюул бидэнтэй аль хэдийнэ нүүр тулчихжээ гэдгийг дуулгая. Эзэнгүй төрийн эмгэнэл эндээс эхэлж, түүхийн эх сурвалж, түмэн олны мэдээлэл үгүй болвол хэн хариуцах вэ гэж дахин дахин асуумаар байна.

Эх сурвалж:

Төлбөрийг Хөгжлийн банк, Монголбанкны эх үүсвэрээр барагдуулах уу?!
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.