-Засгийн газар бондын төлбөрт 580 сая ам.долларыг гуравдугаар сарын 21-н гэхэд төлөх ёстой “хайчин гал” дунд байгааг тооцох ёстой. Үүнтэй зэрэгцээд лав 49%-ийн үнэ цэнэ болох 400 сая ам.долларыг “Монголын зэс” корпорацид төлөх үүрэгтэй болж байна- УИХ-ын намрын чуулган “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэрийг гаргаснаар өндөрлөлөө. Уг асуудлыг хэлэлцэх үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн чуулганы завсарлагаар гишүүд тойрогтоо очоод “Эрдэнэтийн 49 хувийг төрд авах шийдвэр гаргаснаар шударга ёсыг тогтоосон” тухай хэлэх үгтэй болоод тарцгаалаа. Харин нөгөө талд хувийн хэвшлийн нэгэн компани төлбөрөө дараа тооцон авах болзол тулгуулан “өмчөө хураалгах”-аар болж үлдлээ. Түүнчлэн 49 хувийг ОХУ-ын “Ростех”-ээс худалдан авахыг “Монголын зэс” компанид давуу эрхээр зөвшөөрсөн Засгийн газрын тэр үеийн шийдвэрт буруутай улстөрчид, хөрөнгийн эх үүсвэрийг нь бүрдүүлэхэл оролцсон албан тушаалтнуудад хариуцлага тооцох ажлыг зохион байгуулах даалгаврыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад өгсөн байна. Асуудлыг хэлэлцэх үеэр зарим гишүүд “Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан хүмүүсийн буруу биш” гэдгийг онцолж, харин уг үйл ажиллагаатай холбоотой шийдвэрийг хууль зөрчин гаргасан эрх мэдэлтнүүд буруутай хэмээн мэдэгдэж байсныг энд онцлох хэрэгтэй. Гэвч эцсийн дүндээ “буруутнуудад” хариуцлага тооцохоос урьтаад “бурууг” нь хувийн хэвшил тохсон шийдвэрийг гаргалаа. Эрх мэдэлтнүүд хууль зөрчсөн асуудал байх бол юуны өмнө тэд хуулийн байгууллагаар шалгуулан хариуцлага хүлээх ёстой байж таарна. Мөн эрх мэдэл бүхий албан тушаалтнууд хууль бус шийдвэр гаргахдаа тухайн компанийн эрх ашигт илтэд үйлчилсэн, ингэхдээ магадгүй авлига авсан нь тогтоогдвол түүний дараа аль аль тал нь шүүхээр шийтгэл хүлээх ёстой. Хууль ёст нийгмийн зарчим нь ийм бөгөөд чухамдаа тийм нийгэм байгуулахын төлөө Монгол Улс сүүлийн хорь гаруй жил замнасан гэж иргэд итгэсээр ирсэн юм. Харин энэ удаад уг зарчим алдагдаж, хууль зөрчсөн асуудлыг хууль тогтоох байгууллага нь илрүүлэн шүүж, эцсийн шийдвэрийг гаргасан нь ардчиллаас ухарсан алхам боллоо гэж ажиглагчид дүгнэж байна. Засгийн газар хийгээд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга тухайн үеийн шийдвэрт буруутай буюу хууль зөрчсөн асуудал байхыг үгүйсгэхгүй. Тэрчлэн “Монголын зэс” компани ямарваа нэг байдлаар өөртөө давуу эрхийг олж авсан байхыг үгүйсгэхгүй. Харин үүнийг УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт, гомдлын дагуу хуулийн байгууллага шалган тогтоож, шийтгэлийг оногдуулах ёстой гэдэг нь бас л үгүйсгэх аргагүй дүгнэлт биз ээ. Дээрх асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг Үндсэн хуулийн Цэц хэлэлцдэг, Иргэний хууль зөрчсөн эсэх маргааныг Иргэний хэргийн шүүх хэлэлцдэг, түүнчлэн Эрүүгийн хэргийн шүүх, Захиргааны хэргийн шүүх тус тусдаа асуудлыг хэлэлцдэг зарчим” бийг сануулсан нь оргүй шалтаг биш байв. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах шийдвэр буюу УИХ-ын тогтоолд үндэслэлүүдийг дурдахдаа “Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалт” болон бусад холбогдох хуулиудын тодорхой заалтуудыг зөрчсөн талаар дэлгэрэнгүй дурдсан байна. Үндсэн хууль болоод хэд хэдэн хууль зөрчсөн ажиллагаа болж өнгөрсөн гэж үзэж байгаа бол эхлээд хууль зөрчсөн эсэхийг тогтоолгох байсан гэх маргаан цааш үүсэхийг үгүйсгэх аргагүй бололтой. Эцсийн “шийтгэл”-ийг хувийн хэвшилд өмчийг нь хураан авах байдлаар тохсон УИХ-ын шийдвэр либеральчлагдсан дэлхий ертөнцөд “нийгэмчлэх” бодлого гэж харагдах нь үнэн ч байх. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд төрийн халхавчин дор давуу эрхтэйгээр өрсөлдөөнд оролцох нь либерал бус гэж үзэх хандлага бий. Мэдээж төр өөрийн өмчид авч, давуу эрх олгон хөгжүүлэх стратегийн бизнес, компаниуд байх ёстой гэх үзэл ч бийг дурдах нь зүй. Харин “Эрдэнэт”-ийн хувьд 51 хувь нь буюу давуу эрх нь төрд байсаар ирсэн бөгөөд хувийн хэвшлийн компани өөрийн эрсдлээр 49 хувийг худалдан аваад байснаараа арай онцлог. Энд яригдаж буй УИХ-ын тогтоолд “Монголын зэс” компанийн 49 хувийг худалдан авахад зарцуулсан мөнгийг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексел зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлбэрээр өгөхөөр заажээ. Ямартай ч хувийн хэвшлээсээ өмчийг шууд дээрэмдэхгүй нь гэж ойлгогдож байгаа ч энэ хэлцэл цааш хэр бүтэлтэй явагдах нь өнөөхөндөө тодорхойгүй юм. “Хонь бүрэн, чоно цатгалан” гэгчээр Эрдэнэт 100 хувь төр нэртэй хяналтгүй “этгээдүүд”-ийн гарт бүрэн очиж, хувиа хураалгасан компани хэзээ нэг цагт мөнгөө авах л бололтой. Гэвч Засгийн газар бондын төлбөрт 580 сая ам.долларыг гуравдугаар сарын 21-н гэхэд төлөх ёстой “хайчин гал” дунд байгааг тооцох ёстой. Үүнтэй зэрэгцээд лав 49%-ийн үнэ цэнэ болох 400 сая ам.долларыг “Монголын зэс” корпорацид төлөх үүрэгтэй болж байна. Хууль зөрчсөн, давуу эрх авсан зэрэг асуудлыг жичид нь хууль, шүүхээр хэлэлцэж, харин өмчөө 51х49 харьцаагаар хадгалж үлдсэн бол эдийн засгийн агуулгаараа асуудал арай өөр байх байв. Энэхүү шийдвэрийн эцэст жинхэнэ ялагч нь хэн бэ, эцсийн хохирогч нь хэн бэ гэх асуулт энэ удаад хариугүй үлдлээ. Эх сурвалж:
|