Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчдын бухимдал дээд цэгтээ хүрчээ. Учир нь өнгөрсөн сарын 31-нд тус газар очиж ажилласан ажлын хэсгийнхийн хурлын үеэр аймгийн засаг дарга П.Ганхуяг "Кожеговь "компанийн талд орсон утгатай нутгийн иргэдийг хуулиар далайлган сүрдүүлсэн үг хэлсэн байна. Уранд хордсон малыг нь "хонины нэг өвчин байдаг” гэх маягаар булзааруулах гэж оролдсон нь асуудлыг даамжруулсан байна.
Бодит байдал дээрээ тус сумын таван хошуу мал өвдөж байгаагаас гадна, нутгийн иргэдийн эрүүл мэндэд нөлөөлөөд эхэлсэн нь нэгэнт тодорхой болоод байгаа аж. Саяхан хорь гаруй насны залуугийн үс нь тэр чигтээ халзран унасан бол олон хүний арьс, биеэр тууралт толбо гарч байгаа талаар нутгийн иргэд гомдоллож байгаа ч аймгийн удирдлага, холбогдох албаны хүмүүс анхаарал хандуулахгүй байгаа юм байна.
Тэр ч бүү хэл аймгийн удирдлагууд нь "Кожеговь” компанийн үйл ажиллагааг нь зогсоож чадахгүй гэж мэдэгдсэн байна. Тус сумын малчдын хүсэлтээр өнгөрсөн сарын эхээр гадны шинжээчид очиж хүн, малаас шинжилгээ авсан ба уг шинжилгээний хариу ирэх 11 сард гарах аж. Гэтэл шинжилгээний хариу гараагүй байхад асуудлыг даамжруулж байгаа Кожеговь болон аймгийн удирдлагуудыг цаашид тэвчих аргагүй болсон байна. Тиймээс Улаанбадрахчууд одоогоор хуулийн зөвлөх, өмгөөлөгч авч, төрийн бус байгууллага байгуулан, тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээр болсон байна.
Б.Энх