Уугуул. Энэ угийг хэд, хичнээн жилд харьяалагдаж, хэнийг уугуул иргэн гэх вэ, гэдгийг би хувьдаа сайн мэдэхгүй. Гэхдээ ухаан орсон цагаасаа эхлэн мэдрэх, харах . болсон тэрхуү газрын нэрээр хүмүүс өөрсдийгөө уугуул хэмээн нэрлэх байх, Тиймээс би Зайсангийн уугуул иргэн гэж өөрийгөө ам бардам хэлж чадна.
Хэдийгээр тэрхүү газарт өдгөө аж төрдөггүй ч амьдралынхаа 20 жилийг тэнд өнгөрөөсний хувьд би Зайсан толгойг өөрийнхөө нэг хэсэг гэж өмөлздөг. Харин шунаг сэтгэлтэй, хөрөнгө бэлтэй нэгний хувьд, тэрхүү газар нь үржүүлэхийн хүрд мэт харагдаж байгаад харамсаж байна.
Тиймээс харамслаа гомдох, уурсахын завсарт хавчуулж, надаас өмнөх бас надаас хойших уугуул иргэдийн гомдлын хамтаар Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл авхайд уламжилъя.
Учир нь 2012 оны сонгуулиар хоёр мандаттай Хан-Уул дуүргээс Зайсан дахь айл өрхүүдийн дэмжлэгийг зүй ёсоор хүртсэн Ц.Оюунгэрэл, АН-ынхаа хамтран зүтгэгчийн хамтаар УИХ-д сонгогдож чадсан байдаг.
Тухайн үед Зайсан дахь айл, өрхүүд алга дарам газраа өөрсдийн нэр дээр авах туйлын хүсэлтэй гэдгээ зуу бүр мянган удаа нэр дэвшигчдэд уламжилж байсныг тодоос тод санаж байна.
Харин өнөөдөр Зайсан буюу Хан-Уул дүүргийн XI хороонд өдөр алгасахгүй газрын төлөө дайн болж, өндөр барилгууд өдрөөс өдөрт сүндэрлэх боллоо. Үүнийг дагаад, иргэдийн өнө удаан жил амьдарч ирсэн халдвартын ажилчдын гэх байрнууд хөрөнгө, мөнгөтэй нэгний нүдэнд хог мэт тээр шаагдаж байна.
Тиймээс байршил сайтай газарт анхнаасаа амьдарч ирсэн иргэд яагаад бусдын хэтэвчинд дарлуулж амьдрах ёстойг, хөрөнгө бэлтэй шинэ цагийн баячууд хашаанаас өөр өмчлөх зүйлгүй "уугуул" иргэдтэй хаяа дэрлэх болсон нь хэний буруу юм бэ, гэдгийг Ц.Оюунгэрэл сайдаас асуумаар байна.
Хууль, ёсондоо бол Зайсан, Богд уул гэх бүс нутаг дархан цаазтай, төрийн хамгаалалттай газар. Тэнд юу барьж болох. юуг барьж болохгүй вэ гэдгийг та надаар хэлүүлэлтгүй мэднэ.
Тусгай хамгаалалтай гэгддэг учраас улайм цайм аашилж, Зайсанд зугаа цэнгэлийн газар босгож чадахгүй байгаа ч тэрхүү төрийн хамгаалалттай газар хууль батлагчдын гарт бага, багаар бяцлагдсаар ирсэн гэдгийг ч та мэднэ.
Харин Ц.Оюунгэрэл сайд та, тойрог нэгт гишүүний хамтаар УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барих тогтоол төсөл тань, Зайсанг эцсийн замд нь үдэж, иргэдийн газрыг булаах увиагүй шийдвэр боллоо.
Өдийгөөс төдий хүртэл Зайсанг хамгаалж садар самууны газар болгохоос бултуулж ирсэн гол тэмцэгч нь Зайсан орчмын уугуул иргэд байсан. Гэтэл төсөл, тогтоолд тань "Зарим нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас чөлөөлж, өөрчлөлт оруулах, Туул голын эргээр оршин сууж байгаа айлуудыг нүүлгэн шилжүүлэх" утга агуулжээ.
Тиймээс таны өргөн барьсан төсөл хэнд зориулагдаж, хэний эрх ашигт үйлчилж байгаа вэ гэдгийг асуумаар байна. Иргэдийнх лав биш. Хэнийх вэ сайд аа. Өчнөөн бодсон ч уугуул иргэдээс өөр хохирох хэн ч алга.
Аль эсвэл Туул голын эрэг дагуу хамгийн ойр үүрээ зассан "Миний дэлгүүр", "МСS" компанийн барьсан "Бэлла Виста", "Соёмбо", "Грийн Ланд", "Хатан Туул" зэрэг хотхоныг Туул голын эргээс зайлуулах гэсэн юм уу. Шуудхан хэлэхэд санаа байвч сачий тань хүрэхгүй л болов уу сайд аа.
Эдгээр газруудыг эрэг дагуу сүндэрлэж байхад эхнээс нь хорьж чадаагүйн адил өдгөө ч хазаарлаж чадах эрх мэдэлтэн үгүй л болов уу. Харин Туул гол дагуу амьдарч байгаа, амьдарсаар ирсэн энгийн иргэдэд таны өргөн барьсан төсөл, тогтоол тань хамгийн хүндээр тусаж байна.
Тэднийг зайлууллаа гэхэд зайнд нь гоёмсог хаус, зугаа цэнгэлийн газраас өөр юу баригдах юм бэ. Нэгэн жишээ дурдахад, одоогийн Америк сургууль байгаа Богд уулын бэлээс эхлээд орой хүртэл гэр хороолол байсан.
Харин Зайсангаас эхлээд XIX дүгээр хороолол, Үйлдвэр комбинатыг усанд живүүлсэн аймшигт үерээр Богд уулын бэлээр амьдарч байсан айлуудад газар зааж өгөн явуулсан нь тэлэн тэлсээр одоогийн Яармаг болсон байдаг.
Үүн шиг, Зайсанд оршин суугаа иргэдийг явууллаа гээд гэр хорооллын бүс өргөжин тэлэхээс өөр гарц байхгүй. Гэтэл бид гэр хорооллыг дахин төлөвлөх нэртэй гоё, гоё төслийг брэнд болтол ярьж сууна. Харин энэхүү төсөлд хэзээ ч Зайсан орчмын гэр хорооллын айл өрхүүд бичигдэж байсангүй.
Учир нь газар нь "А" зэрэглэлийнх. Тиймээс энэ зэрэглэлийнхэн л Зайсанд амьдрах эрхийн бичиг хүртдэг болж. Ад үзэгдэж байсан иргэдэд ам гарч УИХ-ын суудалд суусан эрхэм түшээ Ц.Оюунгэрэл иргэдийнхээ итгэл рүү ийнхүү нулимлаа. "А" зэрэглэлийн хүн гэдгээ ч харууллаа.
Өдгөө тусгай хамгаалалтыг нь хүртэл болиулж, хөрөнгө мөнгөтэй компанийн талд хэт үйлчилж эхэллээ хэмээн иргэд танд гоморхож байна. Экологийн аялал жуулчлалын бүс байгуулах нэрийн дор Зайсангийн аман дахь газрыг бүхэлд нь дайрч хувийн компаниуд орон сууц барьж эхэлсэн ажлыг Ц.Оюунгэрэл сайд шувтарч, "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль"-ийг гууль болгохоор шийдсэн бололтой.
Б.Ширнэн Нийгмийн толь сонин