Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Очирбат: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй хүнийг 102 дугаарт яаралтай мэдэгдэх хэрэгтэй. Ингэснээр та эрдэнэт хүний амийг аварч байна гэсэн үг

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбаттай ярилцлаа.

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил долоо хоногийн аль өдрүүдэд хамгийн их гарч байна вэ?

-Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож буй зөрчил олон нийтийн баярын өдөр болон томоохон арга хэмжээнүүд зохион байгуулагдах үеэр их гарч байна. Мөн тоон үзүүлэлтээс харахад баасан гаригийн орой энэ төрлийн зөрчил бусад өдөртэй харьцуулахад илүү их илэрдэг.

-Хотын аль бүсэд энэ төрлийн зөрчил их гарах хандлагатай байдаг вэ. Зуслангийн бүсэд ямар байна?

-Хотын төв хэсгээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил харьцангуй бага. Хотын төвөөс зайтай зуслан, гэр хорооллын бүсэд энэ төрлийн зөрчил илүү гарах магадлал өндөртэй байдаг. Учир нь иргэд “Манай найзынх ойрхон юм чинь, ийм нууц замаар ингээд харьчих боломжтой, энэ зам дээр шалгалтгүй” гэх мэт буруу итгэл үнэмшилтэй байдаг.

-Согтуугаар хэн нэгэн машин барих, барих гэж завдах үед иргэд цагдаад мэдээлэх хэрэгтэй юү. Иргэд энэхүү ил гарч байгаа зөрчлийг хаана мэдээлэх вэ?

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг багасгахад иргэдийн оролцоо маш чухал. Тэр тусмаа гэр бүл, найз нөхөд, ойр дотны хүмүүсийн оролцоо хамгийн чухал. Архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн хүнийг өөгшүүлж “Зүгээр ээ, ойрхон газар аюулгүй явчих байлгүй” гэж ятгаж болохгүй. Тэр тусмаа согтуу хүн согтуу хүнээ өөгшүүлж ийм хариуцлагагүй, хайнга үйлдэл гаргаж болохгүй.

Сүүлийн жилүүдэд иргэд цагдаагийн байгууллагад энэ чиглэлийн дуудлага мэдээлэл өгч байгаагийн үр дүн гарч байна. Иргэний өгсөн дуудлага мэдээллийн дагуу тухайн автомашиныг замаас нь зогсоон шалгаж, тус зөрчлийг таслан зогсоож байна. Мөн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль батлагдан гарснаар архи согтууруулах ундаагаар үйлчилдэг үйлчилгээний байгууллагууд үүрэг хүлээх болсон. Тухайлбал, такси үйлчилгээгээ санал болгох. Согтуугаар машин барихгүй байх зөвлөмж санамжийг тус газар байршуулах гэх мэт зохицуулалт тусгагдсан байгаа. Согтуугаар машин барьж буй зөрчлийн цаана өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө эрсдэлд орж байдаг. Тиймээс иргэд эхнэр нөхөр, найз нөхөд, хамт олондоо согтуугаар машин барихгүй байх шаардлага тавьдаг байх хэрэгтэй. Энэхүү үйлдлийн үр дүнд амь насаа алдах, хүүхэд өнчрөх эрсдэлээс сэргийлж байгаа юм.Согтуугаар тээврийн хэрэгсэл барьж буй хүнийг 102 дугаарт мэдэгдэх нь хүний алтан амийг аварч буй хэрэг гэдгийг иргэд сайн ойлгох хэрэгтэй.

-Согтуу хүн жолооны ард суусныг харсан хүн яаралтай цагдаад мэдэгдэх нь эрдэнэт хүний амийг аварч байгаа гэсэн үг биз дээ?

-Тэгэлгүй яахав, энгийн үгээр маш том буян үйлдэж байна. Хэрвээ иргэн тус зөрчлийг мэдээлэхгүй байвал согтуу этгээд өөрийн болон бусдын амь насанд эрсдэл учруулж байгаа юм. “Согтуу машин бариад явчихлаа” гээд хараад өнгөрөх биш, харин ч цагдаагийн байгууллагад мэдэгдэх хэрэгтэй. Энэ бол иргэн хүнээс гарах маш ач холбогдолтой үйлдэл юм.

-Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан орон нутаг руу чиглэсэн замын хөдөлгөөн нэмэгддэг. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээ зохион байгуулж байна вэ?

-Орон нутгийн зам дахь тээврийн хэрэгслийн ослын нөхцөл байдал, осол гарч байгаа учир шалтгааны судалгаа хийгдсэн. Тавдугаар сарын 15наас “Шугам эргүүл” аян эхэлсэн. Үүний үр дүнд тодорхой төрлийн зам тээврийн осол буурсан үзүүлэлттэй байна. Автомашинт хөдөлгөөнт эргүүл нь иргэдэд зөвлөмж өгч, хамгаалах бүсний хэрэглээний судалгаа хийж байгаа. Мөн зам, замын байгууламжийн эвдрэл гэмтлийн судалгаа гаргах ажлуудыг давхар зохион байгуулсан.

-Энэхүү аяны үр дүн хэрхэн илэрч байна вэ?

-Тус аяны үр дүнд зам тээврийн ослын улмаас гэмтсэн хүний тоо өмнөх оны мөн үеэс 84,4 хувиар буурсан. Нас барсан хүний тоо 65,3 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан. Хөдөлгөөнд оролцож байгаа нийт иргэд замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангаж, сахилга баттай, соёлтой байх хэрэгтэй байна. Цагдаагийн нүдийг хуурах гэж бус өөрөө өөрийнхөө төлөө суудлын бүсээ зүүдэг, зорчигчдоо хамгаалах бүс зүүхийг шаарддаг байх хэрэгтэй. Түүнчлэн гэрлээ шилжүүлдэг, хориглосон газар гүйцэд түрүүлдэггүй, бусдын хөдөлгөөнд саад учруулж болохгүй. Тиймээс эдгээр эрсдэлийг багасгах чиглэлээр албан хаагчдыг тодорхой хөдөлгөөнт байдлаар эргүүлд гаргаж байна. Зарим иргэд өөрийн жолоодох ур чадварт хэт найдан хөнгөмсөг байдлаар хөдөлгөөнд оролцдог учир дүрмийнхээ дагуу хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтад анхаарч ажиллаж байна.

ӨДРИЙН СОНИН

“Ард түмэн авлигачдаас хүчтэй гэдгээ харуулж, энэ удаагийн сонгуульд Ардын нам заавал ялах ёстой” гэлээ
“Ард түмэн авлигачдаас хүчтэй гэдгээ харуулж, энэ удаагийн сонгуульд Ардын нам заавал ялах ёстой” гэлээ
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.