Нүүрсний гэх хэрэгт холбогдон яллагдагчаар татагдаад, хууль хүчний байгууллагад шалгагдаж байсан Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж хэрэг нь шүүх рүү шилжихээр болсныг дуулаад экс Ерөнхийлөгчийн үүдийг сахиж байна гэх сураг гарав.
Уг нь, Авлигатай тэмцэх газраас 2022 оны 12 дугаар сард нүүрсний гэх хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон хэмээн зарласан 17 хүний нэр дотор тэд хоёулаа байсан.
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн хувьд одоогоос жилийн өмнө Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан тогтоол гардсан нэгэн.
Шүүхээс түүнд холбогдох хэргийг шийдвэрлэтэл Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж, нэр бүхий яллагдагч нартай уулзахын хориглосон шийдвэр хүртэл гаргасан байдаг.
Нүүрсний гэх асар өндөр хохиролтой, олон нийтийг цочирдуулсан энэ хэрэгт түүнийг холбогдоогүй гэдэгт хэн ч итгэхгүй.
Өмнөговиос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар ИТХ-ын дарга асан Б.Бадраа, Засаг дарга Р.Сэддорж гээд өндөр албан тушаалтнууд нь бүгд нэр холбогдсон гэдгийг саяхан болсон “Нүүрсний сонсгол”-оос ч харсан.
Арга ч үгүй биз. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн туслах байхдаа Р.Сэддорж Өмнөговь дахь бүх ажлыг нь зохицуулдаг нэгэн байсныг захын нохой ч хэлнэ. Н.Наранбаатар, Б.Бадраа нарын хувьд Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан хүмүүс. “Жижиг Тавантолгой” буюу “Тавантолгой” ХК бол УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн болоод орон нутгийн өмч давамгайлсан компани. Тиймээс нүүрсний гэх хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгаж байгаа бол Н.Наранбаатар гишүүний хувьд нам нь олонх тулдаа танхимдаа үлдсэн гэхэд хилсдэхгүй.
Харин Аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга асан Б.Бадраагийн хувьд 2023 оны 12 дугаар сард болсон Нүүрсний сонсгол дээр томоотой царай гаргаад сууж байсан ч гэнэт оргон зайлсан. Шүүхээс түүнийг Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр 2023 оны 12 дугаар сарын 25-нд гаргасан.
Уг нь, Засгийн газар “шувуу” ажиллагаа гээд оргон зайлагсдаа “цуглуулж” байгаа ч Б.Бадраа даргаас эхлээд яллагдагчаар шалгуулж буйгаа “мартаад” сэм зугтагсад ч бий.
Өмнөговийн өнөөдрийн Засаг дарга Р.Сэддоржийн хувьд нүүрсний гэх хэрэгт нэр холбогдсон, яллагдагчаар татагдсан, хилийн хориг тавиулсан ч өнгөрсөн жил Засгийн газрын гишүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, Монгол Улсын шилдэг аймгийн цом гардсан.
Тэгвэл ирэх өдрүүдэд түүнийг яллагдагчаар татсан хэргүүдийг прокуророос эцэслэн шүүхэд шилжүүлэхээр болсон тухай мэдээлэл гарав. Өөрөөр хэлбэл, Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын араас Р.Сэддорж шүүхийн танхимд суух нь тодорхой болжээ. Уг нь тэр УИХ-д суудал горилж байсан бол энэ удаад арай л өөр газар суух бололтой.
Эх сурвалж: Toim.mn