Голомт банк Швейцар улсад төвтэй, тогтвортой хөгжлийн хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн responsAbility Investments AG байгууллагаас 15 сая ам.долларын санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүллээ. Тус санхүүжилт нь байгаль орчинд ээлтэй, бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжихэд зориулагдах ба нийслэл болон орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд шаардлагатай, зорилтот зээлийн үйлчилгээг хүргэхэд зарцуулагдах юм.
“Бид ЖДБ эрхлэгчдийг чадавхжуулах, хөгжүүлэхэд зориулан Менторшип хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Харилцагчдад маань бизнесийн үйл ажиллагаагаа тогтворжуулах, өргөжүүлэхэд зээл, санхүүжилтийн хэрэгцээ байнга тулгардаг. Энэхүү санхүүжилт нь зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд Голомт банкны бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл болон тогтвортой хөгжил, ногоон бизнесийн зээлийн үйлчилгээгээр дамжуулан хүрч байгаад баяртай байна.” хэмээн Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч А.Одонбаатар онцоллоо.
responsAbility Investments AG-ийн Хөрөнгө оруулалтын менежер Ашиш Малик хэлэхдээ “Бодит нөлөөлөл, үр дүнг бий болгох зорилгын хүрээнд Голомт банктай хамтран ажиллах болсондоо баяртай байна. Бид өөрсдийн туршлага, хамтын нөөц бололцоогоо нэгтгэснээр Монгол Улсын ЖДБ эрхлэгчдийг дэмжих замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.”
Голомт банк нийгмийн хөгжлийн шинж чанартай болон ногоон бизнесийг дэмжих зорилгоор олон улсын хөрөнгө оруулалтын сангууд болон хөгжлийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажилладаг ба сайн сайхныг санхүүжүүлэх зорилгынхоо хүрээнд харилцагч бүрийн бизнес загвар, хэрэгцээнд нийцсэн олон төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ, шийдлийг санал болгосоор ирсэн.
Та зээл, санхүүжилттэй холбоотой мэдээллийг Голомт банкны Бизнес хөгжлийн газрын 7011-1646 дугаар болон [email protected] и-мэйл хаягаар холбогдон авах боломжтой.