Барилгын салбарын аж ахуйн нэгжүүдийн хувьд хамгийн чухал зүйл болох тусгай зөвшөөрөл олгох, авах үйл ажиллагаатай холбоотой үүсдэг хүндрэл бэрхшээл нь салбараа боддоггүй мэргэжлийн бус сэтгэлгүй хүмүүсээс үүдэлтэй. Үндсэндээ "Монголын барилгын үндэсний ассоциаци" ТББ-ын гүйцэтгэх захирал Л.Хулан, хэлтсийн дарга Х.Гүлбарша нартай холбоотой тухай бид өмнө нь хөндөж байсан. Тэгвэл дээрх асуудлын хүрээнд МБҮА ТББ, БХБЯ-тай байгуулсан төрийн зарим чиг үүрэг гүйцэтгэх гэрээний хугацаа дууссантай холбоотойгоор холбогдох аудит, хяналт шалгалтыг яамнаас хийжээ.
Шалгалтын үр дүнд урьдчилсан байдлаар тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд дээрх хүмүүсээс буюу “МБҮА” ТББ-ын гүйцэтгэх удирдлага, хэлстийн дарга, ажилтнуудтай холбоотой хэд хэдэн ноцтой алдаа зөрчил тогтоогдсон байна. Иймд Барилга, хот байгуулалтын сайдын зүгээс “МБҮА” ТББ-ын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, шалгалтын үр дүнг танилцуулан шалгалтын явцад тогтоогдсон зөрчил дутагдлыг арилгах, алдаа зөрчил гаргаж ажилдаа хариуцлагагүй хандсан гүйцэтгэх захирал Л.Хулан, хэлтсийн дарга Х.Гүлбарша нарт хариуцлага тооцож ажлаас чөлөөлөх шаардлагатай тухай мэдэгдсэн байна. Дээрх хүмүүст хариуцлага тооцох асуудал анх удаа сөхөгдөж байгаа зүйл биш бөгөөд өмнө нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Б.Мөнхбаатар ч дээрх алдаа дутагдал, зөрчлийг олж харж “МБҮА” ТББ-ын гүйцэтгэх захирал Л.Хулантай хамтран ажиллах боломжгүй тухай удаа дараа мэдэгдсэн байдаг.
Гэвч Л.Хулан нь тухайн үед ээлжийн амралт, эмнэлэгийн акт коронна зэрэг янз бүрийн шалтаг гарган цаг хожсоор асуудлыг намжаасан аж. Энэ удаад ч Л.Хулан, Х.Гүлбарша нарын зүгээс асуудлыг намжааж, суудалдаа үлдэхээр хичээж байгаа бөгөөд энэ удаагийн шалгалтын дүн, БХБ-ын сайд Ц.Даваасүрэнгийн зүгээс тавьсан шаардлагыг “МБҮА” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүдээсээ ч нууцалж байна. Учир нь, “МБҮА” ТББ-ын зарим удирдлага, гишүүдийн зүгээс ажлын албаны үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, гүйцэтгэх захирлыг өөрчлөх асуудлыг сөхөж тавиад удаж байгаа билээ. “МБҮА” ТББ-ын энэхүү гүйцэтгэх удирдлагадаа хариуцлага тооцож чаддаггүй байдал нь тус байгууллагын дотоод үйл ажиллагааг хүндрүүлээд зогсохгүй барилгын салбарт ч томоохон саад болоод удаж байна.
Иймд салбарын саад болж удаа дараа, алдаа зөрчил гаргаж, сайдаас сануулга авсан Л.Хулан, Х.Гүлбарша нарт хэрхэн хариуцлага тооцож, барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг яаж сайжруулах бол гэдгийг харах л үлдлээ.
Toim.mn