Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Барилгын салбараа боддоггүй барилгын АССОЦИАЦИ

Манай сайтын зүгээс Монголын барилгын салбарт тэр дундаа барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа Монголын Барилгын үндэсний ассоциацитай холбоотой хэд хэдэн мэдээ мэдээлэл бэлтгэн хүргэж байсан билээ. Монголын Барилгын үндэсний ассоциаци хэмээх төрийн бус байгууллага түүний удирдлагууд манай бэлтгэн хүргэж байгаа мэдээ, мэдээллийг хүлээн авч үйл ажиллагаандаа анхаарч засаж сайжруулахын оронд удаа дараа өөрсдийн биеийг өмөөрч өөрсдийгөө зөвтгөж ирсэн.

Манай зүгээс энэ удаа мянга мянган барилгачид, барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн гомдол санал, тэдний эрх ашгийн үүднээс бас дуугарахаас өөр аргагүй байдал бий болоод байна.

Учир нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг шинээр, нэмэлтээр, сунгах үйл ажиллагаандаа удаа дараа хүнд суртал гаргаж, хууль, журамд байхгүй үндэслэл шаардлага гаргаж аж ахуйн нэгжүүдийг хохироож ирсэн байдаг.

Сүүлийн үед барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг сунгахгүй хэмээн буцаах болжээ. Үүнийгээ энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа Зөвшөөрлийн тухай хуультай холбон тайлбарлаж байгаа бөгөөд үүнийгээ тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө ирүүлээгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан учраас хугацааг сунгахгүй хэмээн буцааж байна. Энэ нь нэг талдаа хуульд заасан үндэслэл бүхий мэт боловч энэ бол шууд Монголын Барилгын үндэсний ассоциаци, Барилга, хот байгуулалтын яамны хариуцлагагүй, салбарын нөхцөл байдлыг мэддэггүй, ойлгодоггүй, салбарын аж ахуйн нэгжүүдээ дэмждэггүй боддоггүй хүмүүсийн үйлдэл юм.

Учир нь Зөвшөөрлийн тухай хууль Улсын их хурлаар өнгөрсөн оны 6 дугаар сард батлагдсан бөгөөд энэ сүүлийн хагас жилийн хугацаанд хууль сурталчлан таниулах, хуулийн хэрэглэгч буюу шууд эрх ашиг нь хөндөгдөж буй аж ахуйн нэгжүүдийг мэдээ, мэдээллээр хангах, тэдгээрийн санал хүсэлтийг хүлээн авч холбогдох арга хэмжээ авах үйл ажиллагааг гардан зохион байгуулах үүрэг бүхий Монголын Барилгын үндэсний ассоциаци ТББ, Барилга, хот байгуулалтын яам энэ үүргээ огт биелүүлээгүй.

Харин ч эсэргээрээ Зөвшөөрлийн тухай хууль батлагдсантай холбоотой Барилгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа барилгын аж ахуйн нэгжүүдийг боож хахин хавчсан заалт оруулж, аж ахуйн нэгжүүдийн шинээр тусгай зөвшөөрөл авах боломжыг хамгийн бага буюу 5 давхар байхаар зааж аж ахуйн нэгжүүдийг 3 хүртэл жилийн дараа л сая бусад өндөр барилгын үйл ажиллагаа явуулж болохоор заалт оруулсан.

Үүнээс үүдээд энэ урин дулаан цаг ирж барилга угсралтын үйл ажиллагаа эхэлж байгаа өнөө үед барилгын салбарын нэлээдгүй аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрлөө сунгуулах боломжгүй, эс бөгөөс шинээр буюу 5 давхар барилга барих эрх авах л нөхцөл байдал үүсээд байна.

Энэ бол барилгын салбарын аж ахуйн нэгжүүд түүнд ажиллаж байгаа хэдэн мянган инженер техникийн ажилчид тэдний ар гэр, цаашлаад захиалагч, хөрөнгө оруулагч гээд олон зуун мянган хүмүүсийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

Энэ байдлыг нэг талдаа эгнээндээ Монголын хамаг л баян том гэгдэх олигарх компаниудыг нэгтгэж зөвхөн тэрхүү гишүүдийнхээ эрх ашгийн төлөө үйлчилж буй Монголын Барилгын үндэсний ассоциацийн ичгүүр сонжуургүй, увиагүй үйлдэл бөгөөд магадгүй барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг хавчин боогдуулах, тэдгээрийг үгүй хийх гэсэн үйлдэл ч гэж харж болохуйц байна.

Энэ нөхцөл байдал дээр өмнө нь ч хэлж байсан тухайн үйл ажиллагаа хариуцан ажиллаж буй удирдлага, ажилтнуудын мэргэжлийн бус, хариуцлагагүй, чадваргүй, сэтгэлгүй байдал нэрмээс болж байна.

Тухайлбал Монголын Барилгын үндэсний ассоциаци хэмээх энэ төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Л.Хулан, Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хэлтсийн дарга Х.Гүлбарша нар аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ Монгол Улсын үндсэн хууль, холбогдох хууль, журамд байхгүй шөөрдлага, шалтаг, шалтгаанаар удаа дараа буцааж байна.

Л. Хулан, Х. Гүлбарша нар нь Хууль, журмын заалтыг өөрийнхөөрөө тайлбарлаж, хууль, журмыг буцаан хэрэглэх зэргээр дураараа загнаж дур зоргоороо хандаж байна. Аж ахуйн нэгжүүдийг инженер техникийн ажилчдыг заавал 3 сар хүртэл хугацаагаар нийгмийн даатгал төлөхийг шаардах, инженер техникийн ажилчдыг зөвхөн нэг аж ахуйн нэгжид бүртгэлтэй ажил, өөр аж ахуйн нэгжид 3 сарын хугацаанд орж ажиллахыг хориглох зэргээр иргэн хүний ажил хөдөлмөрөө чөлөөтэй сонгож хөдөлмөрлөх боломжыг хавчин боогдуулж ирсний дээр, аж ахуйн нэгжийн хүсэлтийг хянахдаа хариуцлагагүй хайхрамжгүй хандаж янз бүрийн шалтаг шалтгаанаар удаа дараа буцаадаг. Гэтэл энэ бүгд нь ямар ч хууль, журамд заагаагүй хориглоогүй зүйлс бөгөөд гагцхүү дээрх хүмүүс өөрсдийнхөөрөө санаатай мушгин тайлбарлаж ашиглаж ирсэн зүйлс юм.

Дээрх байдлаар аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хууль журамд заагаагүй үндэслэл шалтгаанаар удаа дараа буцаасаар хүсэлт шийдвэрлэх хугацааг өнгөрөөх, аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагаа явуулах боломжийг үгүй хийсээр байна. Гэтэл тусгай зөвшөөрлийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ Монголдоо өндөрт орох үйлчилгээний хураамж авдаг билээ.

Барилгын салбарын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимжуулж, хүний оролцоогүй болсон мэтээр сурталчилж байгаа боловч яг хэрэг дээрээ цахим системийн холбогдох шаардлагыг хангаад явуулсан аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг өөрсдийнхөө үзэмжээр хянаж буцааж, шийдвэрлэж байгаа Л. Хулан, Х. Гүлбарша нарын гарт орсон зүйл болоод байна. Магадгүй гадуур яригддаг тусгай зөвшөөрөл гаргахтай холбоотой элдэв, авлига, хээл хахуультай холбоотой яриа дээрх зүйлстэй ч холбоотой байхыг үгүйсгэхгүй.

Дээрх үүсээд байгаа олон арван нөхцөл байдалтай холбоотой барилгын салбарын хэдэн зуун аж ахуйн нэгжүүд, тэдгээрт ажиллаж байгаа хэдэн мянган барилгачдын эрх ашиг хохирсоор байна. Иймд Барилга, хот байгуулалтын сайд Ц. Даваасүрэн, Монголын Барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Б. Баярсайхан нар хууль, журамд байхгүй үндэслэл гаргаж хууль журмыг өөрийнхөөрөө тайлбарлаж шалтаг, шалтгаан гаргаж аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг удаа дараагаар ноцтой зөрчиж буй Монголын Барилгын үндэсний ассоциацийн удирдлага гүйцэтгэх захирал Л.Хулан, хэлтсийн дарга Х. Гүлбарша нарт яаралтай хариуцлага тооцож анхааралдаа авах нь зүйтэй болов уу.

Энэ нөхцөл байдлыг нааштайгаар шийдвэрлэж барилгачдынхаа эрх ашгийг хамгаална хэмээн Барилга, хот байгуулалтын сайд Ц. Даваасүрэнд итгэж найдан хүсэн хүлээн харсаар байна.

Эх сурвалж: Toim.mn

Төмөр замын даргын томилгооны “тохироо” ба Х.Хэрлэнгийн “цэвэрлэгээ”-ний эхлэл
Төмөр замын даргын томилгооны “тохироо” ба Х.Хэрлэнгийн “цэвэрлэгээ”-ний эхлэл
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.