Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий прокурор нүүрсний хэргээр дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлэх бололтой

Урьд хожид байгаагүй олон холбогдогч, асар их хохиролтой нүүрсний хэргийг хууль хяналтынхан шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Олон нийт ч анхааралтай ажиглаж байна.
Нүүрсний хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй АТГ, ЦЕГ, ТЕГ-ын ажлын хэсгээс явцын талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлэл өгсөн. Тэгэхдээ “...Ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 10, нийт 35 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөн гурван хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-т хүргүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 64 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Үүний 14 албан тушаалтныг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан давуу байдал олгож хохирол учруулсан, 14 албан тушаалтныг хахууль авах, 24 иргэн, албан тушаалтныг хахууль өгөх, 12 албан тушаалтныг мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Яллагдагч нарыг албан тушаалын байдлаар авч үзвэл нийтийн албан тушаалтан 35 байна. Үүнд УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засаг дарга, УИХ-ын гишүүний зөвлөх, гаалийн улсын байцаагч нар , ХХЕГ-ын харьяа байгууллагын алба хаагчид, “АТҮТ”-ийн дөрөв, боомтын захиргааны мэргэжилтэн, “Эрдэнэс Таван толгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн ажилтнууд, мөн хуулийн этгээдийн албан тушаалтан 10, иргэн 19 байна” гэсэн.


Үүнээс өмнө Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан “...Нүүрсний хэрэгтэй холбогдсон 87 этгээдийн зургаа нь байгууллага, 81 нь хувь хүн байна. Тэдний тав нь улс төрд нөлөө бүхий хүн байна. Аравдугаар сарын 25-ны өдөр АТГ-аас уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Шийдвэр гараагүй байна. 463 хавтаст хэргийг хянахад нэлээн хугацаа шаардаж байна, цаг авч байна. Мөрдөгчөөс шалтгаалахгүй олон зүйл бий. 463 хавтаст хэрэг, 354 оролцогчийн гомдол хүсэлтийг хянах ажиллагаа явуулсан. Мөн 62 шүүх, эдийн засгийн шинжилгээ хийсэн. Хэрэгсэхгүй болсон 15 хэргийг сэргээн шалгаж байна” гэж байсан юм.
Тэгвэл Ерөнхий прокуророос ойрын өдрүүдэд нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулж магадгүй байна. Энэ талаар улс төр, хууль хяналтынхны дунд нэр устайгаа яригдаад эхэлжээ. Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы хувьд өнгөрсөн хавар, бараг жилийн өмнө Хөгжлийн банкны хэрэгт холбоотой дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулсан. Гишүүд авч үлдсэн. Харин энэ удаад яах бол?!

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

С.Баярцогтын хэрэг Цэцийг “ бужигнуулж” байна
С.Баярцогтын хэрэг Цэцийг “ бужигнуулж” байна
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.