Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан өчигдөр АНУ-ын Калифорни мужийн Өмнөд бүсийн захиргааны төслийн удирдагч, зам тээвэр, хот төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн Баярмаа Александрыг хүлээн авч уулзсан. Энэ үеэр тэд түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон юм. Баярмаа Александр нь Японы Киотогийн их сургуульд Тээврийн математик загварчлалаар докторын зэрэг хамгаалж, Япон, Голланд, Нидерланд, АНУ зэрэг улсад зам тээвэр, хот төлөвлөлтийн төслүүдэд ажиллаж байсан туршлагатай. Өдгөө тэрбээр АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын Өмнөд бүсийн зам тээврийг 2040 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны төслийг удирдан ажиллаж байна. Лос-Анжелес хотын хийж, хэрэгжүүлж буй ажлын туршлага, түүнийг Улаанбаатар хотод хэрхэн хэрэгжүүлж болох талаар Баярмаа Александраас тодрууллаа.
-Лос-Анжелес хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр өөрийн хийсэн судалгааг танилцуулж болох уу?
-Лос-Анжелес хот бол АНУ-ын хамгийн их түгжрэлтэй хотуудын нэг. Улаанбаатар хоттой нэгэн адил түгжрэл, агаарын бохирдол гэх мэт асуудал тус хотод тулгараад байна. Лос-Анжелес хотын хувьд зохион байгуулалт нь судалгаанд үндэслэж, төлөвлөгөөний дагуу хэрэгждэг. Харин Улаанбаатар хотын хувьд төлөвлөлт, нийтийн тээврийн зарим чиглэл, эргэлт зэрэг нь зохисгүй байгаа юм. Хамгийн гол нь аж ахуйн нэгжүүдийн байршил нь маш замбараагүй, төвлөрөл ихтэй, зогсоол нь асуудалтай байна. Түгжрэл ихтэй газруудад авто зам, зогсоолын тал дээр хатуу бодлого, түгжрэл багатай хэсэгт уян хатан бодлого баримтлах туршлага байдаг.
-Лос-Анжелес хотод түгжрэл маш олон жилийн турш тулгамдсан асуудал байсан, одоо ч үүнийг шийдэхээр ажиллаж байгаа гэж та танилцуулгадаа дурдсан. Тэдгээр авч хэрэгжүүлсэн туршлагаас хуваалцахгүй юу?
-Тээврийн эрэлт, нийлүүлэлт гэж байгаа. Эрэлт гэдэг нь иргэдийн автомашинаа унаж гарах шалтгаан, зорилго юм. Өмнө нь зам нэмж барих, нийтийн тээврийг нэмэгдүүлэх, гэрлэн дохионд зохицуулалт хийх гэх мэт зөвхөн нийлүүлэлтэд тулгуурласан арга хэмжээ авч байсан. Харин сүүлийн үед амжилттай хэрэгжиж байгаа арга бол эрэлтэд зохицуулалт хийх явдал юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн эрэлтийг судалж, яагаад, хэзээ, хаашаа, яах гэж, юугаар явж байна гэдгийг олж тогтоон, эрэлтэд тулгуурлан ажиллаж байгаа. Энэ нь хүмүүсийг хүссэн цагт нь, хүссэн газарт нь хүргэхэд чиглэсэн арга хэмжээ гэсэн үг. Түүнчлэн хүний оролцоог багасгаж, авто замын хөдөлгөөн, удирдлагыг автоматжуулахад технологийг маш сайн ашиглаж, энэ нь үр дүнгээ өгч байна.
-Лос-Анжелес хотноо хэрэгжүүлсэн туршлага Улаанбаатар хотод хэр тохирно гэж үзэж байна вэ?
-Мэдээж хэрэг шууд ижил үр дүн гарахгүй. Учир нь хоёр хотын хүн ам, аж ахуйн нэгж, нийгэм, эдийн засгийн байдал ялгаатай. Тэнд хэрэгжүүлсэн арга энд шууд үр дүнгээ өгөхгүй ч зарим ажил, арга хэмжээг Улаанбаатар хотын нөхцөл байдал, онцлогт тохируулан хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР