Lavlagaa.e-mongolia.mn системийг өнөөдөр нээж байгаа талаар танилцуулах үеэрээ "Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран дүрэм журмын түгжрэлээс гарах багц хуулийг боловсруулж байгаа. УИХ-д өргөн мэдүүлнэ" гэдгийг ЦХХХ-ны сайд Н.Учрал хэллээ.
Lavlagaa.e-mongolia.mn вебийн хувьд 69 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг агуулсан. Ингэснээр иргэд банк санхүүгийн байгууллагаас үйлчилгээ авахдаа "E-Mongolia"-аас лавлагаа татан авч хэвлэдэг, ТҮЦ машинд очерлож цаг алддаг байдал үгүй болж байна.
Нэг ёсондоо банкны теллер, эдийн засагч танаас цаасан лавлагаа, тодорхойлолт шаардахгүйгээр таны шаардлагатай мэдээлэл авах зөвшөөрлийг хүсэж, зөвшөөрсөн тохиолдолд холбогдох лавлагаа тодорхойлолтыг вебээр дамжуулан хүлээн авах юм.
Цаашид бид lavlagaa.e-mongolia.mn вебийг илүү боловсронгуй болгон хөгжүүлж иргэдийн хамгийн их үйлчилгээ авдаг төрийн болон хувийн хэвшилд нэвтрүүлж лавлагаа, тодорхойлолтын асуудлыг нэгмөсөн цэгцэлнэ.
Энэ том төслийг амжилттай, үр дүнтэй хийхийн тулд хамтран ажиллаж буй Сангийн яамны харьяа “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв”, Монгол банк, Үндэсний дата төв, “и-Монгол" академийн хамт олонд талархал илэрхийлье.