Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Путинийг огцруулахыг шаардсан Оросын орон нутгийн улс төрчид шийтгүүлж эхэлжээ

Саяхан Санкт-Петербург хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хэсэг гишүүд Украины дайнтай холбоотойгоор ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг огцруулах уриалгыг төрийн Думд гаргасан юм.

Энэ хөдөлгөөнд Москва зэрэг бусад хотуудын орон нутгийн улс төрчид бас нэгдээд байгаа.

Гэвч ийм зоригтой үйлдэл гаргасан улс төрчид түрүүчээсээ шийтгүүлж эхэлжээ. Өчигдөр Оросын орон нутгийн шүүх Санкт-Петербургийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сүүлийн чуулгануудыг хууль бус гэж дүгнэсэн байна. Ингэснээр орон нутгийн захирагч иргэдийн төлөөлөгчдийн хурлаа тараах эрх зүйн орчин бүрдэж байгаа ажээ.

Бас хөдөлгөөнд манлайлан оролцсон Дмитрий Палюгад эрх баригчдын нэр хүндэд халдсан үндэслэлээр 47,000 рублийн ($780) торгууль оноожээ.

Ойрын өдрүүдэд Смольнинское дүүргийн хурлын дөрвөн төлөөлөгчийг шүүх хурал болохоор төлөвлөгдсөн байна.

Украинд дайн өдөөж, Оросын армид ихээхэн хохирол учруулсан, Өрнөдийн хоригт орж, улс орныхоо эдийн засгийг хохироосон зэрэг үндэслэлээр Путинийг огцруулж, эх орноосоо урвасан хэрэг тулгах уриалгыг өнгөрсөн долоо хоногт Оросын орон нутгийн хэсэг улс төрчид төрийн Думд хүргүүлсэн юм.

Даваа гарагийн байдлаар Санкт-Петербург, Москва болон бусад хэд хэдэн бүс нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчид болох нийт 65 хүн уг хөдөлгөөнд нэгдсэн байна.

“Мэдээж одоо Украины фронтод гарч буй өөрчлөлт бидний уриалгатай давхацсан нь сайн хэрэг. Путинд үнэнч олон хүний санаа бодол эргэж байгаа. Украины армийн амжилт үргэлжлэх тусам ийм хүмүүсийн тоо нэмэгдэнэ гэж би бодож байна” гэж Дмитрий Палюга өчигдөр хэвлэлд ярьжээ.

Кремлийн эрх баригчид энэ хөдөлгөөний эсрэг хатуу арга хэмжээ авбал өөрт нь илүү эрсдэлтэй гэж Оросын улс төр судлаач Татьяна Становая үзэж байна.

“Хариу арга хэмжээг хэтрүүлбэл эрх баригчид уг санаачилгаасаа ч илүү хохирол амсах магадлалтай. Гэхдээ үүнд оролцсон хүн бүр улс төрийн дарамт шахалтад өртөнө гэдэгт би эргэлзэхгүй байна” гэж тэр ярьжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа энэхүү хөдөлгөөний талаар “Хуулийн хүрээнд байгаа тохиолдолд энэ нь олон ургальч үзэлд тооцогдоно. Гэхдээ ийм үйлдэл хэмжээ хязгаартай тул болгоомжтой хандах ёстой” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Түгжрэл бууруулах 420 тэрбумын зарим нь сургууль, цэцэрлэг рүү “орсон“ гэв
Түгжрэл бууруулах 420 тэрбумын зарим нь сургууль, цэцэрлэг рүү “орсон“ гэв
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.