Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол, Тайландын сайд нар хамтарсан мэдээлэл хийв

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит нар “Монгол Тайландын Худалдааны Хамтарсан хороо байгуулах тухай” харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурж, хэвлэл, мэдээлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Б.Батцэцэг: Хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана

-Монгол, Тайландын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бэхжиж, олон улсын тавцанд бие биеэ дэмжих, харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, эдийн засгийн харилцаа, худалдааг хөгжүүлэх чиглэлд ахиц дэвшил гарлаа.

Монгол Улсад албан ёсоор айлчилж байгаа Тайландын Хаант Улсын Шадар бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависиттэй “Тайландын Хаант Улсын Худалдааны яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам хооронд Худалдааны хамтарсан хороо байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж” бичигт гарын үсэг зурж, тус хорооны анхдугаар хуралдааныг зохион байгуулна.

Хуралдааны үеэр хоёр талын хамтын ажиллагааны цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар өргөн хүрээнд санал солилцож, харилцааг эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, техникийн хамтын ажиллагаа, логистик зэрэг салбарт өргөжүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Хоёр орны худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа, түүнийг эрчимжүүлэхэд чухал үүрэгтэй “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр” байгуулах ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.

Энэ оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Монгол, Тайландын хооронд 2022-2027 онд хамтран ажиллах 5 жилийн төлөвлөгөө” хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй бөгөөд хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Цаашид Монгол, Тайландын Худалдааны хамтарсан хорооны анхны хуралдааны үеэр тохиролцсон санал, санаачилгыг бодит ажил хэрэг болгохын төлөө талууд идэвх санаачилга гарган ажиллах болно.

Хоёр улс бүс нутаг, олон улсын талбарт хамтран ажиллаж ирсэн, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа цаашид улам гүнзгийрүүлэхийн төлөө нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Журин Лаксанависит: Хоёр талын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг бэхжүүлэх асар их нөөц боломж бий

-Миний бие Монгол Улсад анх удаа айлчилж байгаадаа туйлын их баяртай байна. Монгол орны үзэсгэлэнт байгаль, өргөн уудам нутаг, байгалийн арвин баялгийг харах гайхалтай байна. Монголын ард түмэн Тайчуудтай нэгэн адил найрсаг, зочиломтхой хүмүүс байна. Тиймдээ ч манай хоёр улс дипломат харилцаа тогтоосон 1974 оноос хойш, 48 жилийн турш найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлж байгаа билээ.

Тайландын Хаант Улсын Засгийн газрыг төлөөлж өнөөдөр “Тайландын Хаант Улсын Худалдааны яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам хооронд Худалдааны хамтарсан хороо байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж, тус хорооны анхдугаар хуралдаанд оролцож байгаадаа баяртай байна. Тайланд, Монгол хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр талын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг бэхжүүлэх асар их нөөц боломж бий гэдэгт би итгэлтэй байдаг.

Тайланд, Монголын Худалдааны хамтарсан хорооны уулзалт нь хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг илүү өндөр түвшинд хүргэх, хувийн хэвшлийн худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих өндөр түвшний чухал зөвлөлдөх механизм байх болно. 2021 онд Тайланд, Монголын худалдааны эргэлт 53.94 сая ам.долларт хүрч, Тайланд Монголоос 15.62 сая ам.долларын импорт хийж, Тайландаас Монгол Улсад 38.32 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн байна. Тайландаас Монголд гол төлөв цаас, картон, хөргөгч хөлдөөгч, эд анги, автомашины дугуй, ачааны машин, трактор, хүнсний бүтээгдэхүүн экспортолдог бол Монголоос Таиландад молибдений хүдэр, цэвэршүүлсэн зэс, арьс шир, кабель утас, нэхмэл эдлэл, нэхмэл бүтээгдэхүүн нийлүүлсэн байна. Тайланд, Монгол Улс 2027 онд хоёр талын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.

Хөрөнгө оруулалтын хувьд Тайландын компаниуд нүүрс олборлолт (BANPU Public Company Limited), уул уурхайн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ (Akaliko Global), эрүүл мэнд (Бумрунград олон улсын эмнэлэг), нарны эрчим хүч (Enserv Group) зэрэг салбарт нийт 1 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Тайландын хөрөнгө оруулагчид Монголыг хөгжиж буй, өргөн нөөц боломжтой зах зээл гэж үздэг. Монгол Улс молибдений хүдэр, нүүрс, мөнгө, алт, газрын ховор элемент зэрэг байгалийн баялаг ихтэй бөгөөд Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчдыг татах либерал бодлогыг хэрэгжүүлсэн ирсэн. Тайландын хэд хэдэн хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулах хүсэлтэй байгаа нь манай хоёр орны хөгжил цэцэглэлт, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах болно.

Эцэст нь намайг болон Тайландын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авсан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Эрхэмсэг Хатагтай Батмөнхийн Батцэцэг болон Монгол Улсын Гадаад харилцааны яамны албан хаагчдад гүн талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлье. Миний бие болон Тайландын төлөөлөгчид мартагдашгүй, сайхан дурсамжтай буцаж, Монголд дахин ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Toim.mn

Ерөнхийлөгч НҮБ-ын чуулганд, Ерөнхий сайд Дорнын эдийн засгийн чуулганд оролцоно
Ерөнхийлөгч НҮБ-ын чуулганд, Ерөнхий сайд Дорнын эдийн засгийн чуулганд оролцоно
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.