Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭТГҮҮЛЧИД БОЛ: Нийгмийг түүчээлэгчид болохоос Бусдыг шантаажлагчид биш!!!

Нийгмийн ороо бусгаа цагт ороолон мэт амьтас “сэтгүүлч гэх мэргэжлийн нэрийн дор” үй олноороо үржиж, оргүй хоосноор хэн нэгнийг гүтгэж, доромжлоод зогсохгүй Үндсэн хуулиар олгогдсон нэр төр, ажил хэргийн алдар хүндэд аймшиггүйгээр халддаг гаж үзэгдэл газар авчихаж. Үзгээр зэвсэглэж, үнэнээр замчилдаг мэргэжил бол яахын аргагүй сэтгүүлч юм. Хэн нэгнийг үзэгний үзүүрээр буруутгаж бас зөвтгөж болдгийн тод жишээг дурд гэвэл олон баримтыг өгүүлж болох юм. Тухайлбал, Салхитын мөнгөний орд гэх нийгмийг донсолгосон тус хэрэгт нэр бүхий ШҮҮГЧДИЙГ хоморголон албанаас чөлөөлөх үеэр сэтгүүлчид уухайлан дайрч, уулгалан нэвтрүүлэг хийж, шүүхээр гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй байхад Прокурорын болон АТГ-ын яллах дүгнэлтийг эх сурвалжаа болгож, зарим сэтгүүлчид өөрсдийгөө “шүүх байгууллагын шүүгчид” мэтээр эндүүрч, нийгэмд нэр хоч өгч бараг “яллаж” байсан цаг саяхан. Харин дараа нь нэр бүхий шүүгчдийн нэр төрийг сэргээж, Ерөнхийлөгчийн зарлиг гарах үед эргээд тэр хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ, нүүр номоороо худал мэдээлэл олон нийтэд түгээснийхээ төлөө УУЧЛАЛТ гуйсангүй тэгсхийгээд өнгөрсөн билээ. Учир нь, нэг сэтгүүлчийн бэлтгэсэн худал хуурмаг мэдээлэл, гүтгэн гүжирдсэн нийтлэл нэвтрүүлгээс болж, УДШ-ийн шүүгч агсан Ц.Амарсайханы хувьд ямар гээчийн доромжлол, гүтгэлгийг тухайн үед бие махбодоороо амсаж, сэтгэл санаагаараа авч байсныг үгээр хэлэхийн аргагүй. Хорт хавдар тусаад Солонгос улсад хагалгаанд орж, химийн эмчилгээнд байх цагтаа ч тэр хүн худал мэдээллийн золиос болж байсан нь гашуун үнэн билээ. Энэ бол нэгээхэн жишээ. Бас тэр үед шүүгчийн ажил мэргэжилдээ эзэн болсон, шударга ёсыг тогтоохын төлөө мэдлэг ур чадвараа бүрэн дайчлан ажилладаг, хууль зүйн салбарт иргэний эрх зүйн салбарт толгой цохидог нэр бүхий Ерөнхий шүүгч бүсгүй тэр их хөөсөрсөн худал мэдээллийн эсрэг хэвлэлийн бага хурал зарлаж, авлига хээл хахуульд хэзээ ч автаж байгаагүй, мэргэжлийн ёс зүйгээ чанд баримталж ажиллаж ирсэн гэдгээ олон сэтгүүлчийн өмнө нүүр бардам хэлж байсны нотолгоо болж, хэсэг хугацааны дараа тухайн шүүгчийн нэр төр нь сэргэж, буцаад Ерөнхий шүүгчийнхээ ажил албыг үргэлжлүүлээд явсан туршлага бий. Гэвч тэр шүүгчийн хувьд тухайн үед бүтэн жилийн хугацаанд хэвлэлээр “авлигачин шүүгчид”-ийн тоонд орж, сошиалаар гүтгэн гүжирдүүлж байсны сэтгэл санааны хохирол, сэтгэлзүйн шархыг өнөөдөр төр нөхөж чадаагүй нь бодит үнэн шүү дээ.


Хүн гэдэг олон нийтийн төдийгүй “хар масс”-ын дайралтаас ямар нэгэн сэтгэл зүйн шархгүй үлдэнэ гэж байхгүй. Учир нь өдийгөөс төдий хүртэл хичээж хайрлаж ирсэн нэр төр, ажил мэргэжлийн алдар хүндийг нь хэн нэгэн худалдагдсан, шантаажны сэтгүүлчид юман чинээ тоохгүй дэвсэлнэ гэдэг аймшигтай. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үндсэн зарчмыг баримталдаг, шударга үнэний төлөө дуу хоолойгоо хүргэдэг ёс зүй өндөртэй МЭРГЭЖЛИЙН СЭТГҮҮЛЧДИЙН тухай би дурдсангүй. “Сайны хажуугаар саар” гэгчээр амьжиргааныхаа тав арван цаасыг олохын төлөө бусдыг шантаажилдаг, хэдэн зуун саяар тоологдох мөнгийг ичих ч үгүй халаасалдаг мэргэжлийн бус худалдагдсан сэтгүүлчдийн талаар ам нээж буй хэрэг билээ. Үзэг гарт байлаа гээд үзэл санаагаа бусдад хүчээр тулгадаг, худал мэдээлэл буюу fakenews гэгчээр хооллодог тэдгээр нэр бүхий ялгадас шиг бохирлогдсон сэтгүүлчинцэрүүдийн гаргасан алдаа, ёс бус хандлагаас болж, хэд хэчнээн иргэд, нэр төр, алдар хүндээрээ гутаагдан доромжлогдож, ААН, байгууллагууд ашиг орлогоо алдаж байсныг тоон үзүүлэлтээр гаргавал багагүй тоо гарах нь дамжиггүй.


Яг үүнтэй адил гүтгэлэг, доромжлолыг амсаж, нийгэмд шаарлагдан шавхруу мэт ад үзэгдэж буй хүмүүсийн нэгийг нэрлэ гэвэл Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал, гавьяат багш, доктор Ж.Соронзонг хэлэхэд хангалттай. Монгол Улсын боловсролын салбарт тууштай 30-аад жил ажиллахдаа олон мянган хүүхдүүдийн ирээдүйн замд хөтөч болж, дэлхийд тэргүүлэгч сургуулиудын босгыг алхахад энэ хүний оруулсан хувь нэмэр багагүй байсан гэдэгтээ маргах хүн байхгүй биз. Ер нь энэ хүнтэй нүүр тулан уулзаж, таван үг сольж байгаагүй ч нэг биш нэжгээд сэтгүүлч зурагдсан пянз мэт дуу нэгтэйгээр нийгэмд яллаж, нэр цол өгч доромжилж эхэлсэн үеэс анхаарал хандуулж, холбогдолтой мэдээ мэдээлэл, нийтлэл ярилцлагуудыг нь хэрэг болгож унших хүсэл төрүүлсэн юм. Шүүх, цагдаа болон АТГ, Прокуророос ирүүлсэн албаны эх сурвалж бүхий холбогдох баримт материалуудыг үзэж байхад хийсэн ажилтай хэлэх үгтэй хүн өнөөдөр хэн нэгэн мөнгөний төлөө улайрсан, сэтгүүлч нэрийг барьсан шантаажчин гаруудын худал үгээр олон нийт яаж буртаглан доромжилж байгааг хараад гайхаш тасарснаа нуух юун. Ганц өөрийн биеэр тэр бүх гүтгэлэг доромжлолыг амсаад зогссонгүй, гэр бүлийнх нь хүнтэй хамаатуулж, сүүлдээ үр хүүхдийг нь хүртэл оролцуулж, нийгэмд мафижсан аймшгийн авгай гэсэн зохиомол нэр хоч өгч, түүндээ олон нийтийг төдийгүй сошиал орчинд бэлхэн байдаг мөнгөний троллуудыг багагүй ашигласаар ирснийг харж байна. Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзон гэгч хүнээр “занималдсан” хүн хэн байсан бэ гэвэл сүүлийн үед хаана сенсац үүсгэж, хэнийг очиж ноцох вэ гэдэгт бүрэн мэргэшиж, мөнгөнд “нүдээ сохлуулж”, сэтгүүлчийн нэр барьсан С.Бүдрагчаа гэгч аж.


Үнэний төлөө дуугарч, шударга ёсыг тогтоохын тулд үгээ хэлж, үзгээ бичдэг ёс зүйтэй сэтгүүлч байсан бол өөр хэрэг. Гэтэл анхнаасаа ХЭҮК-т жирэмсний амралтаа аваад явсан мэргэжилтний оронд түр ажиллаж байгаад тухайн амаржсан эмэгтэй алба ажилдаа орох үеэр ажил төрөлгүй болохдоо зүгээр ч нэг тэр газраасаа явсангүй. Тэр дотор ажилладаг нэр бүхий ХЭҮК-ийн гишүүн асан эмэгтэйг онилж, элдвийн арга саам хийж, муур хулгана мэт харилцан үзэлцсэний эцэст их дүнтэй мөнгө салгаад арилж одсоныг гэрчлэх хүмүүс бас бий. Хана хүртэл чихтэй, нууц зүйл гэж хаа ч байдаггүйтэй адилаар хаанаас хэрхэн мөнгө зувчуулж, хэнийг шантаажлахаар хэнээс хэдэн цаас салгаж шившгээ дэлгэж, нэр төрөөрөө дэнчин тавихдаа сэтгүүлч мэргэжлийг чирч гулдарч яваа энэ ёс зүйгүй этгээдийн бодит үнэн дүр төрх тун удахгүй илчлэгдэх нь цаг хугацааны асуудал. Ийм мэдээлэл түгээж, нэр төрд чинь халдлаа гэж үзээд сэтгүүлч намайг ШҮҮХ, ЦАГДААД өгчихөөрэй гэж албан ёсоор хүсэлт тавьчихъя. Хууль шүүхийн өмнө өөрийн чинь эсрэг дэлгээд тавих баримт нотолгоо байгаа учраас нүүр бардам байгаагаа хэлчихье. Мэргэжлийн сэтгүүлч гэдэг бичсэн үг өгүүлбэр, нийтлэл нэвтрүүлгийнхээ үр дагаврыг хуулийн өмнө бүрэн дүүрэн хариуцлага хүлээж чаддаг учраас бичихээсээ өмнө баримт фактуудыг нарийвчлан судалж, шүүхийн шийдвэр болон прокурор, цагдаагийн байгууллагын албан ёсны дүгнэлтүүдийг харсан учраас үгээ хэлж, үзгээ хурцалдаг юм шүү гэдгийг сэтгүүлч нэрийг ялгадаснаас өөрцгүй үнэ цэнэгүй болгож, бохирлож байгаад эдгээр нөхдийн бичсэн худал мэдээллийн эсрэг тавих баримт, эх сурвалж хангалттай байгаад хэргийн учир оршино.


Түүгээр зогсохгүй бас нэг жишээг дурдъя. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн атлаа Өмгөөллийн тухай хуулиар өөр ажил мэргэжил давхар эрхэлж болохгүй хуулийн зүйл заалтыг зөрчсөн нэр бүхий өмгөөлөгчтэй хамтарч, одоогоос хоёр жилийн өмнө тухайн үед Өмгөөлөгчдийн Холбооны удирдлагуудын талаар худал мэдээлэл түгээж, нэвтрүүлэг бэлтгэж, баян өмгөөлөгч гэх нэр цол зүүж нийгэмд сенсацчилчихаад эргээд Цагдаа, шүүхэд хандахад сэтгүүлч С.Бүдрагчаа нь очихгүй зугтаж байгаад Цагдаад албадан баривчлагдаж байсныг тод санаж байна. Хуулийг хэн эсэргүүцнэ, түүнийг хуулийн дагуу албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүй ёсны асуудал билээ. Эцэс сүүлд нь худал мэдээллээр сэтгүүлч залууг хангаж байсан тухайн өмгөөлөгч бүсгүй үнэнд гүйцэгдэхдээ Өмгөөлөгчдийн Холбоонд ирж уучлалт гуйж, гаргасан алдааг залруулж засаж, өмгөөллийн эрхтэйгээ үлдсэн нь бий. Гэвч тэр худал мэдээлэл түгээсэн хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ бас нүүр номоороо эргэж уучлалт гуйлгүй тэгсгээд орхисныг ч мэдэх юм. Бас тэр С.Бүдрагчаа гэгч нь Хавдрын эмнэлгийн нэр бүхий эмч нарын талаар нэвтрүүлэг хийж гүйгээд эцэст нь тухайн асуудалд хамааралгүй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг бузар гүтгэлэгтээ оролцуулах гэж гүтгэн гүжирдээд амжилт ололгүй тэгсгээд орхисон юмдаг. Гэвч “амташсан хэрээ 13 удаа эргэлддэг” гэгчээр нийгэмд худал мэдээлэл түгээж, өрөөл бусдыг гүтгэн гүжирдэх үндсэн арга барилаа орхисонгүй, улам төгөлдөршүүлэн гүйсээр дээрх сэтгүүлч залуу бусдаас олон зуун саяыг салгадаг жишиг тогтоочихсондоо эр бар явж байгаа нь түүний гүтгэн гүжирдсэн зарим нөхөд маапаантай байдаг учраас түүний амыг мөнгөөр таглаж, нам жим болгодог учраас мань эр өдий хүртэл даварсан хэрэг болжээ. Гэвч “олон хавар нэгэн”-дээ гэгчээр түүний ноцож дайрсан болгон хар мөртэй, буруу зүйл хийсэн байхгүй учраас түүний тэр буруу аргаар мөнгө олдог, олсон мөнгөөрөө сайт худалдаж авдаг, авсан сайтаараа бусдыг гүтгэн гүжирддэг ээлжит ажлаа үргэлжлүүлдэг цикл тогтоочихсныг таслан зогсоох цаг ирсэн байна. Үндсэн хуулиар олгогдсон хүний заяагдмал эрхүүдийг үл тоомсорлож, шударга ёсыг улан дороо гишгэчиж, ашиг сонирхлын зөрчилтэйгөөр өрөөл бусдыг гүтгэдэг энэ ёс бус хандлагыг зогсоож, хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой.

Сэтгүүлч М.Эрдэнэчимэг

МАН-ын ЖДҮ, концесс, Хөгжлийн банкныхан сэлгээгээр сайд болох уу?!
МАН-ын ЖДҮ, концесс, Хөгжлийн банкныхан сэлгээгээр сайд болох уу?!
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.