Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын ЖДҮ, концесс, Хөгжлийн банкныхан сэлгээгээр сайд болох уу?!

Б.ДАМДИН-ОЧИР

Ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ. "Давхар дээл"-ийг зөвшөөрсөн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ. Гишүүд "...Цэцийн шийдвэр зөв" гэх нь бараг тодорхой болсон. Учир нь Цэцийн шийд гарсан оройноос эхлээд л хоёроос дээш сонгогдсон гишүүдийн олонх нь "...Сэлгээгээр сайд болно" гээд гүйлдсэн.

"Дан, давхар"-гүй л гишүүдийн сонирхлын давалгаанд цохиулах бололтой. Гэхдээ дайн, ковид зэрэг гадаад нөхцөл байдалтай холбоотойгоор Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, өвлийн бэлтгэлийг базаахаар утаагүй түлшийг амлаж авсан Байгаль орчны Б.Бат-Эрдэнэ нар үлдэх магадлал өндөр байна.

Харин явах бусад сайд нарын оронд сэлгээгээр очих хүсэлтэй хүмүүс дээр асуудал нэлээд яригдах бололтой.

Учир нь МАН-ынхан бөөнөөрөө холбогдсон хэрэг байсгээд л гардаг болсон. ЖДҮ, концесс, сүүлд Хөгжлийн банкны асуудал гээд л... Үүнд олон нийт тун дургүй.

Одоогоос яг гурван жилийн өмнө, өдийд, тухайн үеийн МАН-ын дарга У.Хүрэлсүх "...Хулгай хийнэ, хүн амины хэрэг, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-днэ, ер нь та нар бүх юмыг хийж байгаа. Ийм төр байж болохгүй" гэж байв. Тэгэхэд ЖДҮХС-гийн зээлийг бараг тэр чигээрээ авчихсан. Зарим нь хуулийн хариуцлага хүлээсэн. Зарим нэг нь 2020 оны сонгуульд нэр дэвшилгүй үлдэж ёс зүйн шийтгэл хүлээсэн болсон. Нэг хэсэг нь зүв зүгээр үлдсэн. Тэр том дуулианд нэр нь ч гараагүй үлдээд, одоо Байнгын хорооны даргаар ажилладаг хоёр гишүүн нэг нь ХХААХҮ-ийн сайд, нөгөө нь Соёлын сайд болно гээд л явж байна. Мөн концессын асуудал айхтар хар толбо бий. Тухайн үед түүнээс болоод Засгийн газраа огцруулж байв. Тэр үед "...Н.Номтойбаяр 78 тэрбум, Ж.Мөнхбат 162 тэрбум төгрөгийн концессын гэрээг өөрсдийн хамаарал бүхий компанитайгаа байгуулсан" гэж яригдаж байв. Концессчид бас л сэлгээгээр засагт орчих гээд явж байна.

Хөгжлийн банк гэж том хэрэг өнгөрсөн хавар мандсан. МАН өөрийнхөө гишүүдийг Хөгжлийн банктай холбогдсоныг зарласан. Тухайлбал МАН-ын генсек Д.Амарбаясгалан 2022 оны гуравдугаар сарын 30-нд "...МАН-ын Хяналтын ерөнхий хороо 2022.02.18-ны өдөр хуралдан, 21 дүгээр тогтоол гарган, Хөгжлийн банкны зээлтэй холбогдсон нэр бүхий 10 гишүүнийг тайлбараа заасан хугацаанд ирүүлэхийг шаардсан билээ.

Намын бага хурлын гишүүн Ш.Үнэнбат өөрийн хүсэлтээр намын гишүүнээс түдгэлзэж шалгуулахаар болсон.

2022 оны гуравдугаар сарын 23-ны өдөр МАН-ын Хяналтын ерөнхий хороо Хөгжлийн банкны асуудлаар дахин хуралдаж, ирүүлсэн тайлбар нэг бүрийг авч хэлэлцээд, “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 32 тоот тогтоол гаргалаа.

Тогтоолд Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон дараах гишүүдийг өөрийн санаачлагаар 2022 оны дөрөвдүгээр сарын 10-ны дотор хууль, хяналтын байгууллагад хүсэлтээ гарган гэм буруутай эсэхээ шалгуулахыг үүрэг болгосон.

Эдгээр намын гишүүдийг дөрөвдүгээр сарын 10-ны дотор хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтээ гаргаагүй бол намын гишүүнээс түдгэлзүүлнэ. Гэм буруутай нь тогтоогдвол намын дүрмийн дагуу гишүүнээс хасна" гэсэн. Мэдэгдэл авсан гишүүд нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням, Ч.Ундрам, УИХ-ын гишүүн асан М.Билэгт, А.Сүхбат, Ц.Гарамжав, дэд сайд асан Ш. Лхамсүрэн нар байсан. Эдний дундаас сайд болох санаатай нөхдүүд ч гарч ирж буй аж.

Ер нь бол алдарт ЖДҮ, концесс, Хөгжлийн банкны асуудалд холбоотой гишүүдийн сайд болох хүсэл нь бүтэх талдаа бүрхэг байх бололтой. Эх сурвалжуудын мэдээллээс үзэхэд, улс төрийн ачаа дааж, "гал" барихаас гадна шинэ сэргэлтийн том төслүүдийг хөдөлгөх "толгой"-нууд сэлгээний сайдаар сонгогдох магадлалтай. Нам нь, Ерөнхий сайд нь тийм хүмүүсээ түлхүү дэмжих бололтой. Том төслүүдээ хэрэгжүүлэхийн аж ахуйн яамдаа хүчтэй болгохын тулд лав экс Сангийн сайд нар засагт урьж ажиллуулах аж. Ер нь өнгөрсөн хавраас хойшх гол гол томилгоог Сангийн яамнаас авч хийгээд байдаг байв. Том төслүүдийг хөдөлгөх "хэрэгтэй толгой"-нууд учраас тэр бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 160 (6892)

Ч.Өнөрбаяр: Т.Доржхандаа чи, МАН-ын хэвлэлийн төлөөлөгч хийхээсээ ичихгүй байна уу?
Ч.Өнөрбаяр: Т.Доржхандаа чи, МАН-ын хэвлэлийн төлөөлөгч хийхээсээ ичихгүй байна уу?
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.