Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.СОРОНЗОН: 30 ЖИЛ БАГШИЙН ЭРЭЛД

Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирал, Монгол улсын гавьяат багш, доктор Ж.Соронзонтой сургуулийн үйл ажиллагааны онцлог, хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотой асуудлаар ярилцсаныг хүргэж байна.

Зуншлага сайхан уу, Та сайхан амрав уу, Одоо хичээл эхлэх дөхөж байна?

Надад зун амрах зав гардаггүй юм аа. Хавар хичээл тараад л багшийн эрэлд гардаг. Энэ сургуульд байнга ажилдаг гадаад багш гэж байдаггүй учраас хичээлийн жилийн дараа бараг 50 хувь нь бүрмөсөн нутаг буцдаг. Хэрэв зун би амарчихвал тэр олон гадаад багш нарыг хэн хаанаас олж авчирах билээ. Ингээд л амарч чаддаггүй. 30 жил л багшийн эрэлд гарч байна даа. Анх 90 оны эхээр ОХ-ны Буриад улсаас арав гаруй багш арай гэж олоод тэр үед монголд идэх уух юм ховор, картын барааны үе байсан учраас ачааны машинд шуудаатай төмстэй нь хамт ачиж ирж байлаа. Одоо тэр үеийг бодоход багшийг эрж хайх арга зам, ажил, амьдралын нөхцөл алга эргэсэн мэт өөр болжээ.

Өө тийм үү. Байнгын багш нартай болж болдоггүй юм уу

Манай сургууль чинь хоёр улсын хамтарсан сургууль. Бүх хичээл орос хэл дээр явна. ОХУ-ын программаар хичээллэнэ. Тэр хичээлийг орос хэлээр ярьдаг ОХУ-ын багш нар заахгүй бол энэ сургуулийн зорилго хангагдахгүй. Тэр олон гадаад багш нарыг ОХУ-аас олж ирнэ. Тэд нарыг социализмын үеийнх шиг ОХУ-аас багшаар хангах үүрэг ОХУ хүлээгээгүй. Сургууль л өөрийн хүч, хөрөнгө зарж багш нараа олдог.Багш олох ажил улам хэцүү болж байна. Мэдээж сайн цалин дээр хүн ирнэ. ОХУ-д авдаг цалингаар хэн ч ирэхгүй. Энэ бол энэ сургуулийн том асуудал. Энэ жил гэхэд манай сургуулийн 3 менежер ОХУ-ын олон субъектэд томилолтоор ажиллаж, зар мэдээ явуулж, багшийн эрэлд 2 сар ажиллаж 75 гаруй багш оллоо. Эдгээрээс явцын дунд бас эргэж буцна. Дахин эрэл сурал болно. Энэ мэт түмэн асуудал, зовлон бий. За тэгээд тэднийг шахаж ажиллуулах, сургах гээд яривал их юм бий дээ.

Хамтарсан сургууль юм бол гэрээнд нь ОХУ багшаар хангах бололцоо байдаггүй юм уу

Хөдөлмөрлөх эрх чинь сайн дурын, албадлагаас ангид байх ёстой учраас чи тэнд очиж ажилла гэж хэнийг хэн ч тушаах бололцоогүй учраас ОХУ тийм үүрэг хүлээх бололцоогүй. Харин гэрээнд багш олоход дэмжлэг үзүүлнэ гэсэн үг л байдаг. ОХ-ны Буриад улс хариуцагч байгууллагын хувьд олон жил бидэнд тусалсан. Бид ч одоо арга эвээ бас олжээ. Гэхдээ ОХУ-аас Монголд багш олж ажиллуулах нь тийм амар ажил биш цаашдаа улам бүр хүндэрнэ. ОХУ-д багшийн цалин хангамж өндөр шүүдээ. Түүнтэй бид цаашид өрсөлдөж чадах эсэхийн л асуудал.

Тэгээд хамтарсан гэдгийн утга юу юм?

Үйл ажиллагааг нь хоёр талын гэрээгээр зохицуулна. Энэ бол олон улсын гэрээ шүү дээ. Манай улсын хууль тогтоомжоос хууль зүйн хүчин чадлын хувьд илүү дээгүүр. ОХУ-ын зүгээс сургалтын байр, байшинг гаргана, ОХУ-ын программаар хичээллэнэ. Монголын тал ажиллах нөхцөлөөр хангана. Үндсэн болон урсгал зардлын заримыг хариуцна. Гэхдээ Засгийн газар хоорондын гэрээний салшгүй хэсэг сургуулийн дүрэмд сургууль өөрийн өмчийг удирдаж, санхүүгийн хэрэгслээ олохыг тодорхой заасан байгаа. Үүний улмаас сургуулийн дүрэмд сургуулийн үл хөдлөх хөрөнгийг сургуулийн өмч мөн гэж заасан байдаг.

Тэгвэл танай сургуулийн үл хөдлөх чинь Монголын болон ОХУ-ын өмч биш гэсэн үг үү

Гэрээ хэлэлцээрт заахдаа хамтарсан сургуулийг байгуулахад хуучин зөвлөлтийн сургуулийн барилга байшинг гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд сургуулийн өмчид шилжүүллээ. Энэ гэрээ хүчин төгөлдөр байгаа нөхцөлд сургуулийн өмч байна гэдгийг тодорхой заасан байгаа. Өөрөөр хэлбэл, манай тал ч, ОХУ ч манай өмч гэж үзэх, өмч дагасан бусад харилцаа үүсгэх бололцоогүй гэсэн үг. Бодит утгаар бол ОХУ-ын өмч харин хууль зүйн хувьд одоо сургуулийн өмч юм. Тийм учраас өмчийн маргаан чиний, миний гэж хэсэг маргаад гэрээний нюньсыг ойлгоод зогссон л доо.

Сургуулийн өмч гэхээр ямар онцлогтой байхав?

Энд л хамаг нарийн асуудал оршдог. Сургууль өөрийн өмчийг хоёр улсын гэрээ хэлэлцээрт заасан хэм хэмжээний дагуу удирдах эрхтэй гэсэн үг л дээ. Жишээ нь, өөрийн өмчийг удирдах замаар төлбөртэй сургалт явуулж санхүүгийн хэрэгсэл олох, түүнийгээ захиран зарцуулах, байр саваа түрээслүүлэх, өөрийн өмчийг эзний ёсоор хайрлан хамгаалах, тордох гэх зэрэг олон эрх, үүрэг бий. Сургууль өөрийн өмчийг удирдаж сургуулийн жилийн төсвийнхөө 86 хувийг олж байна. Монголын талын төсвийн санхүүжилтээр энэ сургуулийг үйл ажиллагаа явуулах бололцоогүй. ОХУ-ын багшид 1 сая төгрөгийн цалин өгье манайд очиж ажиллах уу гэвэл та эрүүл үү гэж урьдаас асуух биз. Тийм учраас сургууль өөрийн өмчийг удирдаж, энэ сургууль үйл ажиллагаа явуулах эдийн засгийн бололцоог бүрдүүлж байгаа болохоор энэ чухал зохицуулалт давуу тал. Гэвч зовлон бий. Үүнийг манайхан ойлгохгүй ээ. Олон улсын гэрээнд данстай байна гээд заасан байхад тэр дансыг хаах гээд л үзэх жишээтэй. Мөн сургууль өөрийн өмчийг удирдаж олсон хөрөнгийг сургуулийн дүрэмд заасан хэм хэмжээгээр захиран зарцуулна гээд биччихсэн байхад монголын улсын өмчид үйлчилдэг хууль тогтоомжоор зарцуулах ёстой гээд зүтгэх жишээтэй. Эхний үед бүр хэцүү байсан одоо ч бас монгол улс дэлхийд нээлттэй болж олон улсын гэрээ хэлэлцээрийн учрыг мэддэг хүн олон болсон байна. Нэг жишээ хэлэхэд саяхан нэг албан тушаалтан бид хоёр Сургуулийн дүрэм чинь олон улсын гэрээ мөн биш гэж маргав аа. Шинжээч томилж үзүүлэхдээ тулав. Гэтэл үндсэн гэрээн доторх ганц үг л маргааныг нэг талд гаргасан. Тэр нь сургууль үйл ажиллагаандаа энэ гэрээ болон хариуцагч талуудын баталсан Дүрмийг удирдлага болгоно гэсэн үг л маргааныг таслах жишээтэй. Сургуулийн дүрмийг хоёр талын Боловсролын сайд нар баталсан гадаад шинжээрээ ч олон улсын гэрээний салшгүй хэсэг л дээ. Гэх мэт зовлон алийн тэр гэх вэ

ОХУ-аас санхүүжилт авдаг уу?

Авдаггүй. Тийм учраас өөрийн өмчийг удирдаж санхүүгийн хэрэгслээ ол гэж гэрээ хэлэлцээрт заасан. Харин Монгол улсын төсвөөс бага зэрэг санхүүжилт авдаг. Одоогоор манай сургуулийн төсвийн 14 хувь нь монголын талын санхүүжилт. Энэ 14 хувьд ногдох төсвийн хөрөнгийг Монголын хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулдаг. Харин сургууль өөрийн өмчийг удирдаж олсон мөнгөн хөрөнгийг олон улсын гэрээ хэлэлцээр сургуулийн дүрэмд заасан хэм хэмжээг удирдлага болгож захиран зарцуулдаг. Тийм учраас сургууль өөрийн өмчийг удирдаж олсон мөнгөн хөрөнгөтэй холбоотой аливаа асуудлыг сургуулийн хамтын удирдлагын дээд байгууллага Удирдах зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлдэг онцлогтой.

Тэгэхлээр танай сургуулийн өмчтэй холбоотой асуудлаар санхүүгийн болон бусад шалгалтыг ямар байгууллага хийдэг юм?

Чи хамгийн чухал нарийн асуултыг асуулаа. Мэдээж монголын талын төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой асуудлыг Манай улсын хууль тогтоомжийн дагуу холбогдох байгууллага шалгадаг. Харин сургуулийн өмчийг удирдаж олсон мөнгөн хөрөнгийг Удирдах зөвлөлийн шийдвэрээр хөндлөнгийн аудит шалгах ёстой. Мөн үүсгэн байгуулагч хянаж шалгах эрхтэй. Хувийн компанийг төрийн аудит шалгадаггүйтэй төстэй гэх юм уу даа. Гэхдээ өнгөрсөн он жилүүдэд сургуулийн болон улсын төсвийн хөрөнгийн зарцуулалтыг төсвийн байгууллага шиг л бид шалгуулж байлаа. Түүний буруу гэж юу байх билээ. Үнэ төлбөргүй шалгаад өгч байгаа юм чинь. Хувийн аудит орвол багагүй мөнгө төлнө шүү дээ. Бид 30 шахам жил санхүүгийн зөрчилгүй ажиллаж байгаа цөөн байгууллагын нэг.

За сургуулийн өмч хөрөнгө санхүүжилттэй холбоотой баахан бид ярилцлаа. Олон сонин онцлог олж мэдлээ. Хамгийн сонирхолтой нь сургууль өөрийн өмчтэй юм байна. Манай улсын бүх сургууль чинь төрийн өмчийнх гэдэг. Одоо жаахан өөр сэдэв үү оръё. Нэг сэтгүүлч танай сургуулийг хулгай нүүрлэсэн сургууль гээд л баахан бичлээ. Тэгээд сүүлдээ бараг ороогүй сэдэвгүй болсон байх гэр бүл үр хүүхэд гээд л.

Энэ юунаас эхтэй гэхээр хичээлийн эрхлэгч Максим Суянз ажлаас халагдсантай холбоотой. Максимын эхнэр, охин, хүргэн, хүү, бэр, дүү гээд гэр бүлээрээ энэ сургуульд ажиллаж байлаа. Охин нь аавынхаа нөлөөнд дулдуйдан залилангийн шинжтэй олон үйлдэл хийсэн, СБ дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгуулахаар өгөхөд Орос руу, Улаан-Үд рүү зугтааж гараад орж ирэхгүй байгаа. Максим бас сургуулийн талаар ОХУ руу хүний нэрээр баахан буруу мэдээлэл явуулсан нь мэдэгдсэн. Би дуудаж хэлсэн. Мань хүн итгэл алдсан даа, ичсэндээ өргөдлөө өгөөд гүйгээд гарсан, халагдах өргөдлөө өгсөн, халагдсан. Тэгээд л тэр Будрагчаа гэдэг хүү дээр очиж, Соронзонг “будаа болгоё,” зайлуулъя гэсэн юм гэнэлээ. Ингэж л эхэлсэн. Тэр хүүгийн ярьдаг гол сэдэв бол төрсөн дүүтэйгээ түрээсийн гэрээр байгуулж төрийн өмч, хөрөнгийг хууль бусаар зарцуулсан гэдэг. Сургууль өөрийн өмчтэй, өөрийн өмчөө удирдаж санхүүгийн хэрэгсэл олох эрхтэй, улмаар түүнийгээ олон улсын гэрээнд заасны дагуу захиран зарцуулах эрхтэй гэдгийг тэр хүү судалж мэдээгүй байхдаа баахан юм бичээд одоо ухрах газаргүй болсон байх. Олон улсын гэрээнд нь сургуулийн өмч гээд биччихээд байхад үгүй ээ монголын төрийн өмч гээд л бичээд байдаг. Уул санаа нь монголын төрийн өмч бол би хариуцлага хүлээх нь л дээ. Сургуулийн өмч болохоор миний санхүүгийн үйл ажиллагааг хууль зүйн хувьд үнэлэх дүгнэх хэм хэмжээ нь монголын хууль тогтоомж биш олон улсын гэрээ гэдгийг бас мэдээд байгаа бололтой. Би тэгээд эцэст нь ойлгосон. Ийм буруу зөрүү мэдээлэл тарааж байгаад намайг зайлуулах л зорилготой юм билээ. Манайд чинь сошиал их нөлөөтэй түүгээр ажлаа хийдэг хүн олон болсон байна шүү дээ. Мөн тэр хүү манай сургуулиас хулгай хийгээд, хахуул зуучлах гэж байгаад баригдсан нөхдүүдийг олоод л намайг баахан муулуулдаг. Хамгийн сүүлийн жишээ гэвэл тэр Дагула гээд өвөр монгол багш манай сургуульд багшилж байхдаа бэлтгэл ангид хүүхэд оруулж хахуул авах гээд баригдсан. Тэгээд халагдсан. Одоо Хятад улсын нээлттэй сайтаар үнэ нь тодорхой байдаг худалдааны сүлжээнээс хүүхдийн урлаг соёлын хувцсыг төсвийн бус эх үүсвэрээр олон улсын гэрээнд заасан эрхийн дагуу сургууль өөрийн хөрөнгөөр худалдаж авсныг мөн л намайг буруутгахын тулд юмны учир мэдэхгүй тендерийн хууль зөрчсөн гээд л яриад сууж байх жишээтэй.

Энэ Будрагчаа бол миний хүү шиг л нялх балчир нэгэн. Гэхдээ хүнийг хүндэтгэх, хүний нэр төр Үндсэн хуулиар халдашгүй, шүүх гэм зэмийг тогтоогоогүй бол хүнийг гэмт хэрэгтэн гэх ёсгүй гэх мэт энэ нийгмийн хүний эрхийн үнэ цэнэтэй зүйлийг огт мэддэггүй эсвэл тоодоггүй буруу хандлагатай хүн билээ. Нэр төрд халдсан асуудлаар цаг нь болохоор шүүхэд хандана.

Сая бас тэрбум төгрөгийн томилолт олгожээ гээд мэдээ явж харагдсан.

Тиймээ. Бид бас алдаа мадаг гаргаж өгөөш өгч байна л даа. Сургуулийн 3 менежер зуны 2 сар ОХУ-ын олон хотуудаар томилолтоор ажиллаж, багшийн эрэлд явсан тэдний цалин, томилолтын мөнгө нь тус бүр 10 сая орчим болсныг манай нягтлан шилэн дансны мэдээлэлд шивэхдээ орон андуурч таслал тавьсан байгаа юм. Түүнийг залруулж, түүнд ойлгуулсан боловч зорилго нь өөр учраас ойлгохыг хүсэхгүй байх жишээтэй. Бидний буруу л даа. Уул нь бид сургууль өөрийн өмчийг удирдаж олсон мөнгөн хөрөнгийн зарцуулалтыг шилэн дансны хуулийн дагуу мэдээлэх албагүй л дээ.

Та үүнийг ямар утгаар хэлэв?

Шилэн дансны хууль чинь Монгол улсын өмч хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих зориулалттай хууль. Монгол-Оросын хамтарсан сургууль өөрийн өмчийг удирдаж олсон мөнгөн хөрөнгөд энэ хууль хамаарахгүй. Хувь нийлүүлсэн УБ төмөр зам “энэ хамаарахгүй” гэж шилэн дансны мэдээлэл дээрээ бичдэг. Бид ч тэгж бичиж болно. Гэвч бид мэдээлэлдэг. Манай эцэг эхчүүд хараг л дээ.

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байна Танай бэлтгэл хэр хангагдав.

Бэлтгэл хангахын төлөө зусангаа л зүтгэлээ. Одоо бараг л боллоо доо. Хамгийн гол нь багшаа овоо олчихлоо. Энэ жилийн сонгож авсан багш нарын чанар, туршлага сайн боллоо гэж үзэж байгаа. Энэ хичээлийн жил сургуулийн 30 жилийн ой тохиож байгаа. Түүнтэй холбоотой хийх ажил их байна. Өнгөрсөн хавар төгсөгчид 100% дотоод гадаадын их сургуулиудад амжилттай элслээ. Монголын элсэлтийн ерөнхий шалгалтыг манай төгсөгчид маш амжилттай өглөө.

ЭЕШ-н дүнгээр төгсөгчдийн 35% нь 800 оноо, 75% нь 700-799 оноо, 64% нь 600-699 оноотой дүгнэгдсэн. Энэ нь Монгол Улсын хэмжээнд ТОП-10 сургуульд багтах үзүүлэлт юм. Гэтэл манай сурагчид монгол хэл дээр сурдаггүй шүү дээ!

Мөн Монгол улсын 848 ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөөс 800 оноо авсан 208 сурагчийн 36 сурагч нь манай төгсөгчид байна. Энэ нь нийт 800 оноотны 17,5% юм.

Энэ жилийн төгсөгчдөөс өнөөдрийн байдлаар нийт 44 сурагч дэлхийн нэр хүнд бүхий их дээд сургуулиудад 80-100 хувийн тэтгэлгээр суралцах болсон нь сургуулийн том бахархал юм. Дэлхийн ТОР 50 сургуулийн жагсаалтад ордог:

  • Canada – 4 сурагч
  • McGill University
  • University of Toronto
  • University of British Columbia
  • USA – 16 сурагч
  • New York State University
  • University of New Haven
  • Washington University
  • University of Denver
  • Drexel University
  • University of Illinois Chicago
  • Bradley University
  • Long Island University
  • University of Utah
  • State University of Albany
  • Florida Tech University
  • Japan - 3 сурагч
  • Wakayama University
  • Tokyo University
  • Turkey - 3 сурагч
  • Istanbul University -д тэтгэлэгтэйгээр шууд суралцах урилгаа авсан.
  • ОХУ-ын хамгийн нэр хүнд бүхий
  • Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль /МГИМО/-д 11 сурагч,
  • Роснефть компанийн тэтгэлгээр И.М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургуульд 5 сурагч,
  • Москвагийн Эдийн засгийн дээд сургууль /ВШЭ/-д 2 төгсөгч суралцахаар болсон.

Энэ амжилт амар хялбар ирээгүй “Xождение по му́кам”-ыг гурилан дундуур туулсан нь гэж орчуулсан шиг “гурилан дундуур 30 жил туулсны үр дүн” юм.

Монголынхоо нийт багш сурагчдад шинэ хичээлийн жилийн баярын мэнд хүргье!

В.Батчимэг: Амралтын өдрүүдэд Хүй долоон худагт болох даншиг наадамд 256 бөх барилдаж, хурдан морьдын уралдаан, сурын харваа болно
В.Батчимэг: Амралтын өдрүүдэд Хүй долоон худагт болох даншиг наадамд 256 бөх барилдаж, хурдан морьдын уралдаан, сурын харваа болно
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.