Эх орны дуудлага нэрийн дор аль л идэр залуу, эрүүл чийрэг эрчүүдийг цэргийн албанд татаж байгаа. Гэтэл төрийн хамгаалалт дор амь эрсдүүлж, эрэмдэглэж, бие сэтгэл санаагаар нь хохироодог байдлыг цэргийн албанаас хэзээ халах вэ. Бие махбодиос илүү сэтгэлзүйн гэмтэлтэй болно гэдэг тэр хүний үлдсэн амьдрал ямар байх бол гэдгийг төсөөлөхөөс ч халшрам. Нэг ёсондоо, эр цэргийн албанд мордсон биш эргээд ирэхдээ “хэн” ч биш болсон жишээ олон бий. Монголын төр, салбарын яам энэ асуудалд анхаарал хандуулахад цэрэгт хүүгээ үдчихээд эргэж уулзаагүй дээлтэйгээ хатсан эцэг, эхчүүдийн нулимс, мэргэжлийн байгууллагын судалгаанаас илүү өөр юу хэрэгтэй гэж.
Цэргийн албаны бодит байдлыг харуулсан судалгааг ХЭҮК сүүлийн арваад жил гаргаж тавьж байна. Ээлжит илтгэлээ гишүүд, сайд, дарга нарын гар дээр тавиад удаж байгаа. Гэтэл хүний алаг үрсийг хэрхэн дэглэж, анхан шатны хэрэгцээг нь ч хангахгүй “чангалж” байгааг анхаардаг хүн төрд алга.
Анхаарах нь байтугай хариуцах үүрэгтэй зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарын нүүр царай ийм байхад эх орон, тусгаар тогтнол гэж цээжээ дэлдэж, залуусыг шүүмжлэх эрх байна уу. Тиймээс цэргийн албанд бугшсан хүний эрхийн зөрчлийг “Зууны мэдээ” сонин “Таван цэрэг тутмын нэг нь дэглүүлж байна”, “ХЭҮК: Цэргүүд бэлгийн хүчирхийлэлд өртөж байна”, “Цэргийн албаны дэглэлт буюу офицер, алба хаагчдын ярьсан бодит кейсүүд”, “Зэвсэгт хүчин дэх дарамт Г.Сайханбаяр сайдыг санамж бичиг үзэглэхэд хүргэв үү” нийтлэл сурвалжлагаар хөндсөн билээ. Жил бүр парламентад өргөн барьдаг Хүний эрх, эрх чөлөөний илтгэл бол хүний эрхийг хангах, хамгаалах талаар төрөөс нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, саналыг агуулсан, тогтолцоог сайжруулах зорилготой бодлого юм. Илтгэлийг хүний эрхийг хамгаалагчид Монгол Улсын өнцөг булан бүрт болж байгаа бодит нөхцөл байдлыг тандан судалж, учир шалтгааныг шүүн тунгааж, хэрэгжих боломжтой бодлогын санал гаргадаг. Өөрөөр хэлбэл, эх оронч сэтгэл, зуу зуун цаг, олон жилийн туршлагад үндэслэдэг тул тун голтой бичигддэг гэж үнэлдэг.
Хэрэв Засгийн газар, УИХ хүний эрхийн илтгэлд анхаарч, зөвлөмжийг дагадаг бол Монголд их зүйл өөрчлөгдөнө. Даанч жилийн жилд гишүүдийн шүүгээнд дараастай хэвтээд өнгөрдөг нь харамсалтай. Их хурлын гишүүд ядаж комиссын илтгэлд дурдагдсан кейсийг гаргаж ирээд “попордог” бол хамгийн том, зөв пиар болох юм. Тэгдэг сөхөөтэй, уншиж судалдаг хүн даанч ховор юм даа.
Энэ жилийн ХЭҮК-ын 21 дүгээр илтгэлд олон чухал асуудлыг хөндсөний нэг нь цэргийн албан дахь дарамт, зүй бус харилцаа юм. Өөрөөр хэлбэл, цэргийн анги байгууллагуудад хүний эрх ноцтой зөрчигдөж байгааг судалж 2016 онд ХЭҮК парламентад өргөн барьж байв. Гэтэл зургаан жилийн дараа ч энэ байдал яг хэвээрээ, эвсэгт хүчин, батлан хамгаалах салбар дахь хүний эрхийн зөрчил, яргалал даамжирч дэглэдэг арга хэлбэр нэмэгдсэн ноцтой судалгаа гарсан. Сүүлийн 10 жилд цэргийн анги, байгууллагад 468 гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдсэний 242 нь зэвсэгт хүчинд, 217 нь хилийн цэрэгт, ес нь дотоодын цэрэгт хамаарч байна. Тэр дундаа зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарын хэмжээнд бүртгэгдсэн 242 зөрчлийн 144 нь гэмт хэргийн шинжтэй, 98 нь сахилгын зөрчил байгааг дурджээ. Эдгээрээс хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон долоон тохиолдлын гурав нь усанд живсэн, хоёр нь хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал алдагдсанаас, нэг нь хүнийг алах гэмт хэргийн улмаас, нэг нь амиа хорлосон байх жишээтэй.
Прокурорын байгууллагын судалгаагаар 2013-2021 онд цэргийн анги байгууллагад үйлдэгдсэн 260 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны 80.7 хувь нь хүний амьд явах, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусад эрх, эрх чөлөөнд халдсан болон цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг эзэлж байгааг онцолжээ. Цэргийн алба хаагчийн эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан 77 тохиолдлоос 44 хугацаат цэргийн алба хаагчдын эрүүл мэнд хохирсон байна. Эдгээрийн 18 нь офицер, ахлагчийн, 25 нь хугацаат цэргийн алба хаагчийн хоорондын дүрмийн бус харьцаанаас үүдэлтэй байжээ.
...2021 оны .. дугаар сарын ..-ны өдөр унтлагын цаг болчихсон бүх цэргүүд амрах гэж байхад дэслэгч ... нэлээд согтуу орж ирээд соёл амралтын өрөөнд 15 цэргийг хоёр эгнээ болгон суулгаж байгаад яриа хийсэн. Нүүрэн талын эгнээнд талийгаач сууж байсан ба дэслэгч ...хуруугаараа зааж босох команд өгсөн тэгээд нэг шанаа авч чадах уу гэж талийгаачаас асуусан боловч дуугүй зогсоод байсан гэтэл элгэн тус газар 2-3 удаа хүчтэй цохиод, тонгойх зуур нүүрэн тус газар хөлөөрөө цохисон, талийгаач босоод ирэхэд нь дахин нүүр рүү нь хүчтэй 2-3 удаа цохих үед хойшоо унаад дахиж босож ирээгүй. Ингээд 10 минутын дараа эмч дуудсан.... зэргээр офицер ахлагчид, цэргүүдийн ярьсан бодит кейсүүд хангалттай бий.
Тэр бүү хэл цэргийн албанд бэлгийн хүчирхийлэл, мөнгө төгрөг байнга татдаг дарамт ч байсаар байна. Үүнийг ард түмнээ төлөөлж буй парламентын гишүүд байтугай салбарыг нь удирдаж байгаа Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар уншсан эсэх нь эргэлзээтэй.
ХЭҮК-ын илтгэлийг эдгээр өдрүүдэд байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Гэвч өнгөрсөн хугацаанд илтгэлд хөндсөн асуудал, гаргасан санал, үндэслэл, учир шалтгааныг тодруулдаг, ажил хэрэгчээр хандсан удаа бараг үгүй. Энэ удаад ч бахь байдгаараа. Зүй нь илтгэлд хамааралтай байгууллагуудын удирдлагыг нэг дор цуглуулж, комиссын гишүүдийн гаргаж тавьсан асуудал хэр үнэн бодитой, тулгамдсан болохыг, цаашид хэрхэхийг хэлэлцэн мэтгэлцэж, УИХ шийдвэрээ гаргадаг байх ёстойг комиссын гишүүн бичжээ. Тиймээс өнөөдрийн чуулганаар ХЭҮК-ын илтгэлийг хэлэлцэхдээ цэргийн албаны дэглэлт, зүй бус харилцааны талаар салбарын удирдлагуудыг, Батлан хамгаалахын сайд, бригадын генерал Г.Сайханбаярыг дуудаж авчирч “байцаая”. Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах яамны удирдлагуудыг ХЭҮК-ын гишүүдтэй мэтгэлцүүлж, бодит нөхцөл байдлын талаарх үнэн зөв мэдээллийг олон нийтэд хүргэе. Үнэхээр цэргүүдийг дэглэдэг, зүй бус харилцдаг асуудал байгаа бол холбогдох хүмүүст нь хариуцлага тооцъё. Үгүй бол хүний эрхийн байгууллага үндэслэлгүй дүгнэлт гаргаснаа хүлээн зөвшөөрч, мэргэжлийн шүүлтүүрээр орох хэрэгтэй. Ингэж байж цэргийн албанд хүүгээ явуулчихаад шаналж, санаа зовж суугаа мянга мянган ээжийн сэтгэлийг амраана. Цаашид ч эх орноо хамгаалах залуусын итгэл үнэмшил, урам зоригийг мохоохоо больж нэг талдаа гарсан нь дээр. Парламентын гишүүд илтгэлийн бүлгүүдийн дүгнэлт, тавьсан саналыг цаг гарган уншиж, “сүр үзүүлж, дүр эсгэсэн” биш, хариуцлагатай, ажил хэрэгч асуулт асууж комиссын бүрэлдэхүүнийг “шарж” өгөхийг хүсье. Үүнтэй санал нэгдэж байна.
З.Болд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин