Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Занданшатарыг зандчаад яах вэ, бөмбөрцөг даяараа бүсээ чангалж байна?!

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Занданшатар яг долоо хоногийн өмнөх чуулганы хуралдаан дээр “...Нийтээрээ бүсээ чангалъя” гэж уриаллаа. Гэвч түүний спикерийн хувьд хэлсэн үг олон хүнд таалагдсангүй. Эгдүүцсэн хүмүүс хэдэн өдөр муулцгаав. Гэхдээ энэ эсэргүүцэлд улс төрийн нөлөө орчих шиг болсон. Тэгээд мань эрийн рейтингийг цахим сүлжээнд өшгичиж гарав.

Харамсалтай нь спикер Занданшатар үнэнийг л хэлсэн.

Угаасаа энэ бөөрөнхий дэлхий чинь тэр чигтээ нэг болчихсон. Н.Багабанди гуайг Ерөнхийлөгч байх үеэс “даяаршил” эрчээ авсан. Өнөөдөр Орос, Украины зөрчил чинь тэрхүү даяаршилтай шууд холбоотой.

Ковид дэлхийн эдийн засгийг гурван жил нухсан. Залгаад энэ дайны улбаа хэдэн жилийн хямрал авчрахыг бүү мэд.

Ганц манай улс биш, баруунд, Европод хямрал бодитойгоор нүүрлэчихсэн. Англид гэхэд л үнийн өсөлтийг иргэд нь эсэргүүцэж байна. Учир нь тэнд хий, цахилгааны үнийн босгыг 54 хувиар нэмсэн байна. Харин тус улсын ерөнхий сайд Борис Жонсон хий, цахилгаанаа хэмнэхийг иргэддээ уриалж байх жишээтэй. Израильд бас хямралын эсрэг хэмнэлтийг бодитойгоор эхэлсэн байна. Тэр нь тус улсад цахилгаан автомашины тоо 2021 онд ойролцоогоор 400 хувиар өссөнөөс харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2020 оны эцсийн байдлаар гурван мянган цахилгаан автомашинтай байсан бол өнгөрсөн онд 14 мянга болж өсчээ.

Түүнчлэн Шри Ланкад урьд өмнө тохиолдож байгаагүй эдийн засгийн хямрал үүсчээ. Гадаад валютын нөөц нь 70 хувиар буурсан байна. Энэ нь гаднаас хоол хүнс, түлш зэрэг зайлшгүй шаардлагатай зүйлсийг худалдан авахад хүрэлцэхээ болж буй хэрэг аж.

Мөн шатахууны тээврийн зардлаа дийлэхээ больжээ. Тэгээд ОУВС-гаас тусламж хүсэхээр болсон байна. Хамгийн том хямрал нь эрчим хүчнийх болсон бөгөөд энэ хямралын улмаас хэмнэлт хийхийн тулд улс даяараа цахилгааныг өдөртөө 10 цагийн турш тасалж байна. Мөн төрийн албан хаагчдыг гэрээсээ ажиллахыг уриалсан байгаа юм.

За тэгээд, Орос Украиныг дайтуулсан гэгдээд байгаа Америк гэхэд дотоодын эдийн засаг нь хямарч түүнээс улбаатай элдвийн эсэргүүцэл дуулдах болов.

Ер нь бол дэлхийн эдийн засгийн хямрал нэгэнт эхэлжээ. Хоорондоо үзэлцээд байгаа Орос, Украин бол дэлхийн газрын тос, байгалийн хий, буудайны гол үйлдвэрлэгчид нь юм. Тэд дайтаж эхэлснээс хойш эдгээрийн үнэ огцом өссөн. Энэ нь Сахарын цаадах Африк, Латин Америкаас эхлээд Кавказ, Төв Азийн зарим бүс нутагт хямрал далласан. Онолын хувьд үүнээс болж, дэлхий даяар хүнс, эрчим хүчний үнэ өсч, инфляци хөөрнө. Харин улс бүрийн иргэдийн орлого юу ч биш болно. Бас зөрчилдөж буй улсуудын хөршүүдийн эдийн засагт шууд нөлөөлнө. Өмнөх эдийн засгийн эргэлтүүд тасарна гэсэн үг. Түүнчлэн улс орнууд дахь гадаадын хөрөнгө оруулалт хязгаарлагдана. Бидэнд хамгийн эрсдэлтэй прогноз болон бодит байдал бол энэ хямралын нөлөөгөөр хөгжиж байгаа эдийн засагтай улс орнуудаас хөрөнгө оруулалтууд татагдахад хүрнэ. Манайх шиг улсуудаас гэсэн үг.

Ер нь бол Орос, Украины зөрчил нь дэлхий дахинд тодорхой нөлөөлөл үзүүлэх ч түүнээс өмнө эдгээр улстай эдийн засгийн шууд харилцаатай улсуудад илүү хортой.

Манай спикер бол чухамдаа үүнийг л хэлж анхааруулсан байгаа юм. Ингэх ч үүрэгтэй. Спикер Занданшатарын үгийг бүхэлд нь “унших” хэрэгтэй. Тэрбээр “...Гишүүд төдийгүй ард түмэндээ үнэн бодит байдлыг хэлэх хэрэгтэй байна. Дэлхийн дахины байдал хурцадмал, зарим орны судлаачдын хэлснээр дайны байдалтай байна. Эдийн засгийн хориг худалдаа, санхүүгийн үйл ажиллагааг хумьснаар дэлхий даяар үнэ өсч байна. Өмнө нь цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэй тээвэр ложистикийн хямрал нүүрлэж байсан бол дайны нөхцөл байдал хүндрэл бэрхшээлийг улам нэмж байна. Монгол Улсын хувьд дэлхийн эдийн засгийн харилцаанаас тодорхой хэмжээгээр таслагдаж, үнийн өсөлт нүүрлэсэн нь дотоод бус гадаад хүчин зүйлээс шалтгаалж байна. Засгийн газар бүхнийг чадагч бурхан тэнгэр биш. Төсөв мөнгө хязгаартай. Ийм учраас нийт ард иргэд маань хэмнэлтийн горимд шилжиж дэлхий даяар болж байгаа үйл явдлын Монголд туссан сүүдрийг бодитоор ойлгох хэрэгтэй байна. Манай улс төрийн хүчнүүд ч энэ байдлын хэт улстөржүүлэхгүй асуудалд бодитоор хандаж, гадаад харилцааны олон тулгуурт бодлогыг хүндэтгэн, хамтын хүчээр нэгдсэн ойлголттой байж энэ бэрхшээлийг давна. Дэлхий даяар донсолгоотой байгаа энэ үед дотроо бужигнаад нийгэмд буруу зөрүү ойлголт өгөхгүй байхыг хүсч байна” гэсэн. Үнэн. Мөн уржигдар Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ ч энэ байдлыг давтаж, айсуй хямралын талаар улам тодорхой хэлсэн. Ерөнхий сайд “...Дэлхийн банк санхүүгийн байгууллагын тооцоогоор олон улсад шатахууны үнэ 64-70 хувь нэмэгдэх, Орос, Украины зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш 10 хоногт улаанбуудайн үнэ 40 хувь өсч, зарим бүтээгдэхүүний хомсдол үүсэхийг НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага зарлаад байна. Тиймээс Засгийн газар гол нэрийн батаа бүтээгдэхүүний үнийн өсөлт хомсдолоос сэргийлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барьж байна. Хуулийн төсөлд газрын тосны бүтээгдэхүүн, мах, гурилын үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх цогц арга хэмжээг тусгалаа. Тухайлбал, шатахууны үнэ литр тутамдаа 1000 төгрөгөөр нэмэгдэх эрсдэлийг Засгийн газар зохицуулахаас аргагүй нөхцөл байдал бий болж байна” гэж мэдэгдлээ. Бодит байдал энэ л дээ.

Одоо тэгээд хямарлаа гээд Оросын дэргэдээс хаашаа ч нүүгээд хямралаас бултах газаргүй. Дээр хэлсэн дээ, энэ дэлхий тэр чигтээ нэг сувагтай болчихсон. Ердөө л Английн ерөнхий сайдын ард түмэндээ хандаж “...Хийгээ хэмнэцгээе” хэмээн уриалсантай Монголын парламентын спикер “Ард иргэд маань хэмнэлтийн горимд шилжиж дэлхий даяар болж байгаа үйл явдлын Монголд туссан сүүдрийг бодитоор ойлгох хэрэгтэй байна” гэсэн нь агаар нэг. Яагаад гэвэл энэ бөөрөнхий дэлхий дээрх хүлээн зөвшөөрөгдсөн 195 улс чинь бие биеэсээ хамааралгүй амьдарч чадахаа больчихсон. Тэгэхээр Занданшатарыг зандчаад хэрэггүй. Цаана чинь, бөмбөрцөг даяараа л бүсээ чангалж байна.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.