Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийн талаар хэлэлцсэн.
Энэ талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр "Засгийн газрын ээлжит хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Мөн зөрчил шалган шийдвэрлэх хуулийг өргөн мэдүүлэх болсон.
Зөрчлийн тухай хууль 2017 оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд үйлчилсэн үр нөлөөг нь дүгнээд шинэчилсэн найруулгаар оруулах нь зүйтэй юм байна гэж үзсэн. Улмаар жил гаруйн хугацаанд төсөл дээр ажиллаж, УИХ-д өргөн барихаар болж байна.
Зөрчлийн хуулийг торгодог, шийтгэдэг хууль гэж иргэд ойлгодог. Үүнийг засах үүднээс төр зөвлөдөг, гаргасан зөрчлүүдийг нь шууд торгодоггүй байдлаар шалган тусалдаг чиг үүрэг байдлаар нь оруулж ирж байна.
Хоёрдугаарт, Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийг Зөрчлийн хуультайгаа уялдуулж байгаа. Зөрчил шалгадаг эрх бүхий 11 мянган албан тушаалтан Зөрчлийн хэргийн дугаар авахдаа прокурорын байгууллагад ханддаг байсныг цахимаар авдаг болох томоохон өөрчлөлт оруулж байна.
Мөн шүүхээр шийдвэрлүүлдэг Зөрчлийн хэргийг эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлүүлдэг болох өөрчлөлтийг тусгасан" гэлээ.