Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлд Д.Сумъяабазар шиг ЗАНГАРАГТАЙ улстөрч хэрэгтэй байж

Ерэн оноос хойш Монголын эдийн засагт гурван том шинэчлэл явагдлаа гэж эдийн засагчид өнөөдөр үзэж байна. Эхнийх нь өмч хувьчлал. Монголчууд анх удаа хувийн өмчтэй болсон нь мал хувьчлалаас эхлээд орон сууцуудыг өмчилж, үйлдвэр, аж ахуйн газруудыг хувьд шилжүүлсэн явдал. Иргэд бизнес хийхийн тулд банканд барьцаалж зээл авах хувийн орон сууцтай болсон хэрэг. Соц нийгмийн 70 жилийн түүхэнд малаа яаж 30 саяд хүргэх вэ гэж өдөр шөнөгүй хичээгээд үр дүнд хүрээгүй бол өнөөдөр мал хувьд очсоноор 80 сая малтай сууж байна.

Хоёр дахь нь Оросын их өрийг тэглэсэн явдал. Хуучин ЗХУ-аас уламжлалтай 14 тэрбум долларын өр бол Монгол Улсыг гадаад ертөнцөд ямар ч итгэл найдваргүй харагдуулж байлаа. Энэ өрийг тэглэснээр гадаадын хөрөнгө оруулалт шууд орж ирж, эх оронд маань Олон улсын санхүүгийн байгууллагуудын зүгээс нааштайгаар хандаж эхэлсэн. Оюутолгойгоос эхлээд өнөөдрийнх хүртэлх бүх төрлийн гаднын хөрөнгө оруулалтууд Оросын их өрийг тэглэснээс хойших үйл явц. Эдийн засгийн ийм том өөрчлөлтүүдийг том улстөрчид л хийж чаддаг. Энэ үнэнтэй бид эвлэрэх ёстой. Гадаадын хөрөнгө оруулалтууд ихээр орж ирж, Олон улсын санхүүгийн байгууллагууд Монгол Улсыг нэгэнт итгэлт түншээрээ сонгож авсны үр өгөөж, дээр нь уул уурхайн энэ их сэргэлт нь өнөөдөр Монголын нийгэм, эдийн засгийн амьдарлыг бүхлээр нь өөрчилж, жижиг дунд бизнесийг хөгжүүлж, хүн бүр, айл өрх бүр, аж ахуй нэгж бүхэн том, жижиг бизнес хөдөлгөж, ашиг орлогын төлөө хөдөлмөрлөх боллоо.

Гэвч энэ бүх эдийн засгийн боломжууд дараагийн аюултайгаа нүүр тулсан юм. Тэр бол төрийн дарамт. Ямар ч бизнесийн үйл ажиллагааг цаг ямагт боомилсон төрийн хяналт шалгалт, элдэв төрлийн тусгай зөвшөөрөлүүд нь тэр чигээрээ авлигын үүр уурхай болж, Монгол Улс авлигын индексээрээ олон улсад 100-аас хойш бичигдэж, ерэн оноос хойш бий болсон эдийн засгийн үнэ цэнтэй бүгдээ устгах аюулд хүрэв. Үүнтэй л төр засгийн зүгээс эрс хатуу тэмцэхийг ард түмэн хүссэн. Үүнийг шийдвэрлэж чадвал ерэн оноос хойших Монголын эдийн засгийн гурав дахь том реформ болно гэж судлаачид бичсэн. Өнгөрсөн хугацаанд олон ч Ерөнхий сайд, сайдууд, УИХ-ын гишүүд, нийслэлийн Засаг даргын нүүрийг үзлээ. Тэдний дунд дэлхийн хэмжээний боловсрол эзэмшсэн улстөрчид, төр засгийн ажлын асар их туршлагатай хүмүүс, бас чиг нийгэмд гайгүй нэр хүндтэй эрхмүүд цөөнгүй байсан. Гэвч тэдний хэн нь ч төрийн дарамт, хүнд суртлын эсрэг зоригтой алхмыг хийж чадаагүй.

Тэгвэл өнгөрсөн оны төгсгөлд салхи эргэлээ. 2021 арванхоёрдугаар сарын 20-ны өдөр. Энэ өдрийн өглөө нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэвлэлийн бага хурал зарлаж, ард түмний амыг ангайлгасан, бизнес, худалдаа эрхлэгчдийн нүдийг орой дээр нь гаргасан шийдвэрийг танилцуулав. Д.Сумъяабазар шулуухан “Нийслэлийн нутаг дэвсгэрт хууль тогтоомж, стандартын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа 74 төрлийн худалдаа, үйлчилгээний байгууллагыг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргалаа. Сая баталгаажуулж гарын үсэг зурлаа” гэж. Энэ бол олон мянган бизнес эрхлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчдийн нуруун дээрээс асар том ачааг авч хаясан, төрийн дарамтыг үгүй хийсэн, монополыг задалсан, бүгдэд тэгш боломж олгосон, ерэн оноос хойш Монголын эдийн засагт хийгдэж байгаа гурав дахь том реформын шинжтэй шийдвэр гарлаа хэмээн эдийн засагчид дуу нэгтэй бичиж байна. Энэ бол улс төрийн асар том шийдвэр. Том улстөрчдийн хийдэг ажил, гаргадаг шийдвэр. Үүгээрээ Д.Сумъяабазар хэр царааны улс төр хийж байгаагаа, хийж чадахаа харууллаа. Яг энэ шийдвэр, энэ үнэлэмж дээр сөрсөн үг хэлэх хүн гарахгүй байна.

Улстөрч, удирдагч, шийдвэр гаргагч хүн олон сайн үйлийг нийгэмд зэрэг хийх боломжгүй. Харин цаг хугацаа өнгөрөх тусам сайн үр дүнгүүд дагуулсаар байх ганц том шийдвэр гаргачихад л гавьяа нь тэр болдог гэж улс төрийн шинжлэх ухаанд бий. Д.Сумъяабазар хотын даргын хувьд лав ерэн оноос хойших Монголын эдийн засгийн амьдралд бий болсон гурван том шинэчлэлийн нэгийг хийчих шиг боллоо. Энэ бол судлаачдын хэлсэн үг, үнэлэмж шүү.

Ингэж л юмыг олж хардаг юм байна. Д.Сумъяабазарт ард түмний санал байнга байж байдаг нь ийм учиртай бололтой. Улс төрийн том шийдвэр гаргаж чадаж байгаагаараа бол өнөөдрийн улс төрийг ахална уу гэхээс захлахгүй нь тодорхой юм байна. “Чанга гар”-ыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгожээ. Нийслэлийн МАН нь 204 хорооны намын хороо, 534 үүр, 66 мянга гаруй гишүүнтэй болж өргөжсөн байна лээ. Улс төрийн намын дэд бүтцийн хувьд аварга том зохион байгуулалт. Өнгөрсөн бүх цаг хугацаанд Нийслэлийн намын хороо ачааны хүндийг үүрэлцэж, намынхаа зүрх, тархи, ажлын ихийг нугалах гол зүтгүүр нь явж ирсэн. Тиймээс ч МАН-ын ололт амжилт, алдаа оноо нь Нийслэлийн МАН-тай шууд холбоотой. Нийслэлийн Монгол Ардын Намын хороог өнгөрсөн цаг хугацаанд тухайн намын томчууд удирдаж ирсэн. Нийслэл Улаанбаатар хотын ЗДТГ бол Монгол Улсын бага Засгийн газар. Ойрхоны хугацаанд нийслэлийн МАН гурван шатны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, цахим нам болох сууриа тавьж, намын анхан шатны байгууллагын бүтцийн шинэчлэлийг хийсэн нь МАН-ын хөгжлийн зүтгүүр сайн ажиллаж байгаагийн шинж тэмдэг хэмээн ойлгож байна.

Цар тахалтай хамгийн түрүүнд нүүр тулж, хамгийн хүнд цохилт авч байгаа Улаанбаатар хотын эдийн засгийг хурдан хугацаанд сэргээх нь улс төрийн сайн шийдэл, шийдвэрүүдтэй шууд холбоотой. Энэ тал дээрээ Д.Сумъяабазар алдахгүй, өөртөө итгэлтэй байна. Нийслэлийн Монгол Ардын намын хорооны даргаар хамгийн олон жил ажилласан Б.Алтангэрэл гэж алдартай удирдагч байлаа. Тэрбээр 1963-1987 он хүртэл нийслэлийн МАН-ыг удирдахдаа ухаалаг, өөртөө итгэлтэй ажилласан байдаг. Б.Алтангэрэл дарга Улаанбаатар хотын намын хороог удирдсан он жилүүдэд түүний идэвхтэй оролцоо, зоримог шийдвэрийн үрээр өнөөдрийн нийслэлийн цахилгаан, дулаан, түлш, ундны усны асуудал бодитой шийдвэрлэгдэж, II, III цахилгаан станцын өргөтгөл хийгдэж, манай улсын хамгийн том хүчин чадал бүхий IV цахилгаан станц баригдсан юм. Үүнийг шийдсэнээрээ Б.Алтангэрэл дарга Монголын нийгэм, эдийн засагт бодитой хувь нэмрээ оруулж, ард түмнийхээ өмнө гавьяагаа байгуулж, улстөрчийн зангарагаа харуулсан. Улмаар Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Улс төрийн товчооны гишүүн, Ардын Их Хурлын дарга, Монгол-Зөвлөлтийн комиссын даргаар ажиллаж улс орны хэмжээний асуудлуудыг шийдвэрлэхэд ухамсарт амьдралаа зориулсан хүн юм. Эдгээр томчуудын зангараг Д.Сумъяабазарын үед харагдаж байна. Цаг хугацаа харуулна биз ээ. 2021 оны 12 дугаар 20-ны өдрийн шийдвэр шиг ухаалга алхмууд Монголын нийгэм, эдийн засгийн амьдралд, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хийгдсээр байвал бидний ирээдүйд итгэл найдвар, гэрэл гэгээ байна шүү…

News.mn

ЭМЯ: Коронавируст халдварын 2,057 тохиолдол шинээр батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй
ЭМЯ: Коронавируст халдварын 2,057 тохиолдол шинээр батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.