Монголын сагсан бөмбөгийг дэлхийд таниулж яваа тамирчин бол Шаравжамцын Энхийн-Од билээ. Тэрбээр АНУ-ын “Огайо”мужийн ахлах сургуульд суралцангаа сагсан бөмбөгийн “Midwest” багт харьяалагдаж байна. Түүний амжилтын түүхээс онцлоё.
100 ДАХЬ ШИЛДЭГ ТАМИРЧИН
Түүний аав гавьяат тамирчин Ц.Шаравжамц Монголын сагсан бөмбөгийн нэгэн үеийн тод төлөөлөл билээ. Залуу насандаа дурлаж явсан энэ л спортод хөвгүүд нь дуртай болоход аавын нөлөө, үлгэр дуурайл их байсан нь дамжиггүй. Ш.Энхийн-Од бага ангийн сурагч байхаас л бөмбөгтэй нөхөрлөж, зааланд тоглож өсчээ. Харин 14 настайгаасаа мэргэжлийн түвшинд тоглох хүсэлтэй болсон аж. Тиймээс илүү бэлтгэл хийж, хөдөлмөрлөсний хүчинд өнөөдөр АНУ-д сурахын хажуугаар сагсан бөмбөгийн “Midwest” багт тоглож байгаа юм. Түүний тухай хамгийн сүүлийн үеийн мэдээлэл бол АНУ-ын спортын суваг болох "ESPN"-ийн зүгээс жил бүр ахлах сургуулийн шилдэг сагсан бөмбөгчдийг тодруулдаг уламжлалтай.
Энэ оны шилдэг 100 сагсан бөмбөгийн тамирчныг тодруулжээ. Энэ жагсаалтын 100 дугаар байрт гавьяат тамирчин Ц.Шаравжамдын хүү Ш.Энхийн-Од жагссан юм. Тэрбээр "SF" буюу жижиг довтлогчийн байрлалдаа 29 дүгээр байрт бичигдэв. Түүний энэхүү амжилт нь Монголын сагсан бөмбөгийн түүхэнд анхных билээ.
“МАЙКЛ ШАРАВЖАМЦ”
Ш.Энхийн-Од анх тэтгэлэг авч, АНУ-д очсоныхоо дараа сургуулийнхаа багтай зургаан тоглолт хийхэд 10 оноо, дөрвөн удаагийн самбараас бөмбөг авалт, гурван оновчтой дамжуулалт, хоёр бөмбөг таслалтын амжилт үзүүлсэн юм. Энэ тухай спортын “Triplr Double Prospects” сайтад “Америк тоглогчидтой тоглож, дасаад ирэхээр энэ хүү зөвхөн Дэйтон бүсээр зогсохгүй АНУ даяар нэрээ цуурайтуулах юм байна. Түүний нэрийг бүгд хэлж сураарай” гэж онцолж байв.
Багийнхан нь түүнийг талбай дээр “Майк Шаравжамц” гэж дууддаг юм байна. Тухайн жилдээ 199 см өндөр байсан хүү одоо хоёр метр болсон. Энэ нь “NBA”-ийн залуу холбогчидтой өндрөөрөө тэнцүү гэсэн үг юм. Дасгалжуулагч нь түүнийг “комбо хамгаалагч” гэж тодотгожээ. Манай тамирчны хувьд холбон тоглогч хийж чаддаг, бөмбөг сайн дамжуулдаг, гурваас шидэлт сайтай, жигүүрт тоглоход биеийн нөөцтэй гэдгийг нь энэ тодотгол илэрхийлж байгаа юм.
“ӨНДӨР БОЛОХ ТУСАМ САГС ТОГЛОХ ХЭЦҮҮ САНАГДАХАА БОЛЬСОН”
Ш.Энхийн-Одын туйлын зорилго нь “NBA”-д тоглох. Энэ зорилгынхоо төлөө шаргуу хөдөлмөрлөж байгаа. Тэрбээр анх “FIBA 3x3 U18 World Cup 2019” ДАШТ-ээр хэр техниктэй, авьяастай тоглогч болохоо нотолсон юм. Тэмцээний эхний хоёр өдөр тоглогч бүрийг авсан оноогоор нь байр эзлүүлэхэд Ш.Энхийн-Од хоёр өдрийн тоглолтод 22 оноо авснаар ОХУ-ын тамирчин Данил Чикаревын хамт жагсаалтыг тэргүүлж байв. Тэрбээр уг нь сагс толохыг хүсдэггүй байж. Нэг удаа зуслан дээр ах нартай тоглоод хожих үед урам авчээ.
Ш.Энхийн-Од нэгэн ярилцлагадаа “Аавынхаа нэр хүндийг өргөж явахыг хүсдэг. Аав намайг холбон тоглогчийн байрлал дээр тоглож сургахаар бэлдсэн. Тухайн үед хэцүү байсан. Учир нь би багийнхаа хамгийн жижигхэн биетэй нь байлаа. Харин өндөр болох тусам сагс тоглох хэцүү санагдахаа больсон. Аав намайг ямар хүн болохыг их олон жилийн өмнөөс харсан юм билээ. Тиймээс 9-10 настай байхаас бэлдсэн юм” гэжээ. Монголын шилдэг тамирчин Шаравжамцын Энхийн-Од удахгүй мөрөөдөлдөө хүрч “NBA”-д од болон гялалзах болтугай.
Ч.Гантулга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин