Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Авлигачдаа “хялбаршуулсан журам”-аар дархалсан Монголын авлигын индекс нэгээр урагшилсан нь их юм

“Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллага уржигдар 2021 оны авлигын индексийг зарлалаа. Монгол Улс 100 онооноос 35-ыг авч, 180 улсаас 110-т бичигдсэн байна. Өмнөх жилд 111 дүгээрт байснаа нэгээр урагшилжээ. Манайхан энэ дүнд сэтгэл хангалуун байна. “...Ахиц гарлаа” хэмээн баярлав.

“...Хэдийгээр нэг байраар урагшилсан боловч бидний эхлүүлсэн ажил, авлигатай тэмцэж буй тэмцэл үр дүнгээ өгч эхэлж байна. Цаашид төлөвлөсөн ажлуудаа илүү эрчимжүүлнэ” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдэгдлээ.

“...Монгол Улс нь авлигатай тэмцэх орчныг шинэчлэн байгуулахаар тодорхой онцлох эерэг арга хэмжээг авч байна гэж дүгнэсэн. Бүс нутгийн улс орнуудаас хамгийн анх Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, Шүгэл үлээгчийг хамгаалах болон сэтгүүлчийн мөрдлөг хийх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгааг сайшаасан” гэж АТГ-аас мэдээллээ.

“Транспэрэнси Интернэйшнл” байгууллагаас дэлхийн улс орнуудад хандаж “...Албан тушаалтанд хариуцлага тооцох эрх мэдлийг хангах”, “...Албан тушаалтныг хянах эрх бүхий байгууллагын бүрэн эрхийг сэргээх”, “...Үндэстэн дамнасан авлигын үйлдэлтэй тэмцэх”, “...Төсвийн хөрөнгийн зарцуулалтын талаарх мэдээллийн ил тод байдлыг хангах” зэрэг дөрвөн төрлийн зөвлөмжийг өгчээ. Өөрөөр хэлбэл, улс орнуудын авлигын эсрэг үйл ажиллагаанд ийм “цоорхой” байгааг хэлсэн хэрэг бололтой.

Манайд бол бий. 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт “...Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэж шинэ бүлгийг оруулсан. Уг хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргана” гэж заасан.

Энэ нь хэргийг шуурхай шийдвэрлэх ач холбогдолтой. Олон улсад байдаг эрх зүйн зохицуулалт юм. “...Хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлье” гэсэн яллагдагчийн хүсэлтийг прокурор хүлээн авсан даруйд хэргийг нь хянаж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой, эсэхийг тогтооно. Хэрвээ боломжтой гэж үзсэн бол мөрдөгч 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулна. Мөрдөгч хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн хүргүүлсэн үед нь прокурор тэр даруй хянаж 24 цагийн дотор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлдэг. Шүүх тухайн хэргийг шууд шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруйд, эсвэл долоо хоногийн дотор ял ногдуулах шүүх хурал зарлан явуулдаг. Эндээс харахад хялбаршуулсан журмаар хэргийг нэг сарын хугацаанд шийдвэрлэх боломжтой байгаа юм.

Прокурорын байгууллагаас 2021 оны эхний таван сарын байдлаар 1892 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснээс 1475 буюу 78 хувийг хэлэлцэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оноожээ.

Гэхдээ энэ дунд авлигын томоохон хэрэгт холбогдогчид асуудлаа шийдээд байдаг болчихсон. Тухайлбал, НМХГ-ын дэд бүтцийн хяналтын хэлтэст барилгын техникийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Б нь иргэн Э-ээс 1.5 сая төгрөгийн хахууль авсан. Тэгээд Чингэлтэй дүүргийн I хорооны нутагт байрлах барилгад давхар нэмэх, барилга байгууламжийг өргөтгөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлгүйгээр хууль бус дүгнэлт гаргаж өгсөн. Энэ хэргийн яллагдагч хоёр хүн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан, хахууль өгсөн хэмээн буруутгагдсан. Харин уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, прокуророос яллагдагч Э-д хорих ял оноохгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэх, Б-д нийтийн албан тушаалд томилогдох эрхийг найман жил хасаж, 15 сая төгрөгөөр торгосон.

Түүнчлэн, дуулиант хэргүүдээс сүүлд “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Д.Хаянхярваа, АТҮТ-ийн хэлтсийн дарга асан Д.Батбаяр, Нийслэлийн прокурор байсан Ш.Нямдорж нар хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлсэн байдаг.

Ингэж авлига, албан тушаалын хэргийг хялбаршуулж шийдэх нь авлигатай тэмцэх үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байгааг хуульчид, хууль хяналтын байгууллагынхан хэлэх болсон. Ер нь бол Монгол Улсын авлигын индекс урагшлахгүй байх гол садаа нь энэхүү хялбаршуулсан журам болж мэдэх юм. Учир нь авлигачдаа энэхүү хялбаршуулсан журмаар “гоожуулчихдаг”, тэгээд дархалчихдаг.

Энэ талаар АТГ-ын дарга З.Дашдаваа “...Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд халдашгүй байдлын зохицуулалт үйлчлэхгүй байх хэмжээнд хүртэл холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Мөн авлигын гэмт хэргийг тодорхойлсон байдлыг нарийн тодорхой болгох, оногдуулж байгаа ял шийтгэлийн хэлбэр, хэмжээг чангатгах, хөөн хэлэлцэх хугацааг уртасгах зэрэг тохируулга заавал хэрэгтэй”, АТГ-ын Тамгын хэлтсийн дарга З.Баасанням “...Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж авлигын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүйгээр ялыг чангатгах зохицуулалт хийх боломжтой” гэсэн.

Мөн НПГ-ын хэлтсийн дарга Б.Мөнх-Од “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулж болно гэдэг хуулийн зохицуулалт нь байсаар байхад “...Та авлигын гэмт хэрэг үйлдсэн, та албан тушаалтан” гэж ялгавартай хандах боломжгүй. Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуульд заасан зарчим байгаа” гэж хэвлэлд ярьсан байдаг. Эндээс харахаар авлига, албан тушаалын хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж буйд мөрдөгчид шүүмжлэлтэй, прокурор таатай ханддаг бололтой.

Нөгөөтэйгүүр, Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх тал дээр бодитой үйл ажиллагаа явуулахыг эрмэлзэж байгаа харагддаг. Тэрбээр Засгийн газрын 2021 оны аравдугаар сарын 27-ны хуралдаан дээр яг энэ асуудлаар үүрэг чиглэл өгсөн байдаг. Тодруулбал, Ерөнхий сайдын зүгээс “...Авлигын хэргийн ялыг чангалах”, “...Авлига, албан тушаалын хэргийг хялбаршуулсан журмаар шийддэгийг болих”, “...Хөөн хэлэлцэх хугацааг уртасгах” зэрэг холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах төсөл боловсруулахыг хариуцсан яамдад чиглэл болгосон байдаг. Үүгээр, авлигын хэргийн ял 2-5 жил байгааг 5-10 болгох зэргээр тодорхой “тоо” дээр санал нэгдсэн юм. Гэвч Засгийн газар эдгээр өөрчлөлтүүдийг боловсруулж, өргөн барилгүй гурван сар өнгөрчээ.

Засгийн газар ч гэлтгүй, УИХ-ын гишүүд хялбаршуулсан журмын үйлчлэлд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж, үүнийг хууль болгож гэмээнэ ирэх жилийн авлигын индекс гайгүй сайн урагшилна. Эс тэгвээс, авлигачдаа ингэж “хялбаршуулсан журам”-аар дархалсан Монголын авлигын индекс 110 дээрээ гацна, эсвэр бүр ухарч ч мэдэх юм.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.