Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголд нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой байдлыг хангахад анхаарна гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны арванхоёрудугаар сарын 16-ны өдөр Москва хотноо Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинтэй хэлэлцээ хийв.

Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Оросын харилцааны өнгөрч буй зуун жилийн өрнөл, явцыг дүгнэж, цаашдын зорилт, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, томоохон төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцож, шинэ зууны хамтын ажиллагааны замын зураглалын талаар ойлголцолд хүрэв.

Монгол, Оросын ард түмэн бүтэн зууны туршид ойр дотно, сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлж ирсэн нь улс орны харилцааны түүхэнд ховор тохиолдох, хөрш зэргэлдээ орнуудын харилцаанд үлгэр жишээ болохуйц онцлог шинж чанартай гэж үзэж буйгаа төрийн тэргүүн нар илэрхийлэв.

Дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд талууд өндөр ач холбогдол өгч, тусгай төлөвлөгөөний дагуу оны турш өргөнөөр тэмдэглэж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, шинэ зуунд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулж, цогцоор нь эрчимтэй, тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгааг нотлов.

Хэлэлцээний үеэр улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Салбаруудын харилцааг цаашид ч тогтвортой хөгжүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг тууштай нэмэгдүүлж, чанарын шинэ шатанд гаргахын төлөө идэвхтэй ажиллах, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих нь чухал болохыг тэмдэглэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээвэр логистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал үйлчилгээний зангилаа болсон “Транзит Монгол” болох зорилт тавьж буйг тэмдэглэж, төмөр зам, авто замын томоохон төслүүдэд оросын талыг хамтран ажиллахыг урив.

Талууд Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, техник, технологийн болон суурь бүтцийн шинэчлэлийг үргэлжлүүлэхээ илэрхийлэв.

Төрийн тэргүүн нар хоёр улс эрчим хүч, хөдөө аж ахуй, барилгын салбар, газрын тосны бүтээгдэхүүн худалдааны чиглэлээрх хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх боломжийн талаар санал солилцов.

Монголд нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад анхаарна гэдэгт найдаж буйгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илэрхийлэв.

Төрийн тэргүүн нар ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажил амжилттай урагшилж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, эрх бүхий аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлэхээ нотлов.

Түүнчлэн “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг урагшлуулахын төлөө байгаагаа илэрхийлэв.

Хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах, нэвтрүүлэх чадавхыг нэмэгдүүлэх нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал болохыг тэмдэглэв.

Талууд байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа, хүүхэд, залуучуудын солилцоо, онцгой байдал, хууль сахиулах, хил хамгаалах байгууллагуудын шууд харилцааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар мэдээлж, оросын талтай идэвхтэй хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар хэлэлцээний дүнгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өгч, Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан Тунхаглал гаргаснаа зарлалаа.


Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар

Үндсэрхэг, үндэсний эх оронч үзлийн ялгаа буюу өөрсдийгөө таних нь
Үндсэрхэг, үндэсний эх оронч үзлийн ялгаа буюу өөрсдийгөө таних нь
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.